“Бүрэн эрх”-ээр бусдыг гүтгэхийг хориглоно
2018-05-14

 

МАН-ын залуу гишүүд хоорондоо гар зөрүүлсөн тухай шуугиан амралтын өдрүүдэд дэгдээд намжлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг Н.Номтойбаяр хэвтэрт ортол нь зодсон гэх мэдээлэл шуугиан дэгдээсэн юм. Харин үүнийг  үгүйсгэсэн мэдээллийг  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цахим хуудсаараа дамжуулсан өглөө. Ямартай ч хоёр гишүүн зодолдоогүйгээр барахгүй, Ж.Мөнхбат гишүүн Солонгост хүнд хагалгаанд орсон гэр бүлийн хүнээ асарч яваа юм байна.

 

Ер нь гишүүд хоорондоо ам зөрөх асуудал байнга л гардаг. Чуулган, байнгын хорооны хуралдааны үеэр хэлэлцэх асуудлаас шалтгаалж эсрэг тэсрэг  байр суурь илэрхийлэн, бие биедээ шүүмжлэлтэй хандаж байгаа нь энгийн үзэгдэл.  Түмний нүднээс далд бие бие рүүгээ хэрхэн дайрч, гар зөрөлдөхийг алийг тэр гэхэв, гэхдээ л олны хараанаас мултраад байдаггүй.   Энгийн үедээ журмын нөхөд ч эрх ашиг нь зөрөлдөхөөр томчууд юу эсэхийг ч үйлдэж мэдэх биз.  Гишүүд зодолдсон асуудал  энэ парламентын үе дэх анхны шуугиан биш. Өмнө нь хоёр гишүүн гар зөрүүлж, нэг нь оёдол тавиулж байсан удаатай.   Хэдийгээр энэ удаагийнх цуурхал, МАН-ын бүлэг дэх 32-ын бүлгийнхнийг хагалах оролдлого гэсэн тайлбар явж байгаа ч гишүүдийн ёсзүйн асуудал дахин сөхөгдөж, хөндөгдөж байна. 

 

Хүчингийн хэрэгт  холбогдон яллагдагчаар татагдахаар болоод байгаа Д.Гантулга, бусдыг дарамталсан хэргээр шалгагдаж байгаа Д.Муратаас чуулганы хугацаанд таслалтаараа тэргүүлсэн Б.Наранхүү  зэрэг ёсзүйн алдаа гаргасан  эрхмүүд энэ парламентад  бий.  Эдгээр эрхмүүдийн үйлдэл ангийнханд ч  нөлөөлж “хариуцлагагүй парламент” гэсэн  тодотгол зүүгээд байгаа.

 

Гишүүд хийх үйлдэл байтугай хэлэх үгнээсээ эхлээд ёсзүйн алдаа гаргаж байдаг. Тиймээс гишүүдийн ёсзүй, хариуцлагыг чангатгах асуудлаар хуульд өөрчлөлт оруулахаар  УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсгийн байгуулагдан ажиллаж байгаа. Ямартай ч  ажлын хэсэг УИХ-ын Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулан, санал авахаар Засгийн газарт хандаад байгаа юм.

 

Хуулийн төсөлд чуулганы хуралдааны нийт цагийн гуравны нэгээс илүүд нь суугаагүй, хуралдаа ирдэггүй гишүүнийг эргүүлэн татаж, бүрэн эрхийг нь дуусгавар болгох, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдыг илтэд санаатайгаар гүтгэн доромжлохыг хориглож, хуралдааны дэг зөрчсөөр байвал хуралдаанаас хөөж танхимаас гаргах хариуцлагын зохицуулалтыг тусгажээ.  

 

Мөн гишүүд бусдын өмнөөс кноп дарж санал өгдөг үйлдлийг таслан зогсоож, төрийн албан хаагчийн адилаар хурууны хээгээр цагаа бүртгүүлж ирцэнд ордог, саналаа өгдөг байхаар төсөлд тусгасан байна.  УИХ-ын гишүүн хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд зөвхөн цахим карт ашиглана. Цахим тоолуураар санал хураалт явуулах үед гишүүн цахим картаа зөвхөн өөрөө эзэмших бөгөөд бусдад шилжүүлэхийг хориглох юм байна.

 

Хуулийн төслөөс харахад гишүүдийг хариуцлагыг чангатгаж, хууль боловсруулах үндэсэн ажилд нь ирүүлэх хэмжээний нэмэлт заалт тусгагджээ. Гэхдээ гишүүд өөрсдийн “бүрэн эрх”-ээ хязгаарлуулж, хазаарлуулах нэн дургүй.

 

Дэгийн тухай хуулиар “УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэсэн заалттай.  Тиймээс ч гишүүд чуулганы хуралдааны үеэр хэлэлцэх асуудлаас давж, өөр сэдэв рүү хазайн санаа оноогоо хэлж, хэн нэг рүү дайрах популизм хийдэг гэм биш зантай.

 

Цаашлаад өөрсдийн “бүрэн эрх”-д халдсан асуудлыг хэлэлцэхдээ хойрго. Тухайн асуудлаарх хуралдааныг ямар нэг байдлаар хойшлуулах, цаг хожих зэрэг үйлдэл гаргасаар ирснийг Д.Гантулга гишүүнд холбогдох асуудлаар  жишээлэхэд болно.

 

Энэчлэн гишүүд ёсзүйн алдаа гаргаж, хариуцлага алдах нь тухайн хувь хүний гэхээсээ Монгол төрийн нэр хүндийг сэвтээдэг.   Тиймээс ч Дорж, Бат хоёр гар зөрүүлсэндээ бус, төрийн түшээдийн гэдгээр нь олон нийт эмзэг хүлээн авч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжлэхэд хүрдэг.

 

Харин энэ удаад өргөн барьсан УИХ-ын Дэгийн тухай хуулийн төслийг гишүүд хэрхэн хүлээн авч хэлэлцэх бол. Гишүүдийн хариуцлага өндөрсөхийн хэрээр ёсзүйн алдаа, дутагдал ч арилна. Энэ хэрээр төрийн нэр хүнд ч  өсч, түмэнд  хүндлэгдэнэ гэдгийг эрхэм түшээд энгийн иргэдээр хэлэлүүлэлтгүй мэдэж байгаа, уг нь.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
irgen:
toriinhon gehed hezyy hymyys baih umaa
2018-05-14