Т.Халиунсор: Хөгжимт Драмын театраасаа холдмооргүй байна
2018-05-15

Театрын урлагийн уран бүтээлчдийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам болж өндөрлөлөө. Хоёр жил тутамд нэг удаа болдог “Гэгээн муза” 14 дэх удаагийн наадамд Дорнод аймгийн алтан гадас одондт Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид шагналын хур буулгалаа. Наадмын шилдгийн шилдэг бүтээлд олгодог Гранпри шагналыг тус театрын уран бүтээлчдийн “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг хүртсэн юм. Тус жүжгийн гол дүрд тоглож Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин шагналыг хүртсэн Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын жүжигчин Т.Халиунсортой ярилцлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Муза хүртсэнд баяр хүргэе. Дорнодын хөгжимт драмын театрынхан жил бүр “Гэгээн муза” наадмыг зорин ирж оролцдог нь сайхан санагддаг. Энэ жил танай театрынхан үнэхээр шагналын хур буулгалаа. Баярын сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

 

-Сайн байцгаана уу. Та бүхэнд энэхүү шагналын хур буусан гэгээн сайхан өдрийн мэнд хүргэе. “Гэгээн муза 14” наадамд энэ жил Дорнод аймгийн алтан гадас одонт Хөгжимт драмын театр маань маш амжилттай оролцлоо. Миний хувьд энэхүү олон улсын хэмжээний наадмаас шагнал хүртэнэ гэдэг маш их нэр хүндийн хэрэг. Мөн залуу хүний хувьд маш их үүрэг хариуцлага болов уу гэж бодож байна.

 

-Шилдгийн шилдгээр шалгарсан “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг ямар онцлогтой бүтээл байв?

 

-МУСТА Б.Мөнх-Амьдралын зохиол, найруулга “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг маань өнөөгийн нийгмийн хүн байгалийн харилцааг тод томруунаар харуулсан, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон, хөндөгдөж байгаагүй сэдвийг хөндсөн зэрэг маш их онцлогтой бүтээл болсон. Манай жүжгийг үзээд хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлах, зөв зохистой харилцах ёстой юм байна гэдгийг ойлгоод гарах нь уран бүтээлч бидний гол зорилго юм. Бяцхан үзэгчид маань энэхүү хүүхдийн жүжгийн маш сайхан хүлээж авдаг. Мөн их айдастай, догдлолтой байгаа нь ажиглагддаг.

 

-Муза хүртэхийг оюутан байхаасаа мөрөөддөг байсан гэл үү?

 

-Гэгээн муза бол драмын урлагт хүчин зүтгэж буй уран бүтээлч  бүрийн мөрөөдлийн шагнал. Би “Гэгээн муза” наадмын улаан хивсэн дээгүүр алхаж үзэхийг оюутан байхаасаа л мөрөөддөг байсан. Жилийн өмнө би найздаа энэ наадмын улаан хивсэн дээгүүр алхахсан гэж ярьж байлаа. Амны билгээс ашдын билэг гэж тухайн үед чин зүрхнээсээ хүсч байсан болоод ч тэр үү өнөөдөр мөрөөдлийн хивсэн дээгүүрээ алхаж, дээр нь хүүхдийн жүжгийн төрлийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн дээ маш их баяртай байна. Миний мөрөөдөл биелж, бодсон бодол минь биелэлээ оллоо. Залуу хүний хувьд шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртэнэ гэдэг маш том амжилт. Би одоо болтол энэ шагналыг авсандаа итгэж чадахгүй л сууна.

 

-Танай удамд урлагийн хүн бий юу? Яагаад жүжигчин болохыг хүсэв? Хэн багшийн шавь билээ?

 

-Би 2014 онд КУДС-ийг МУАЖ П.Цэрэндагва багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр суралцаж дүүргэсэн. Манай гэр бүлд урлагийн хүн гэхээс илүү сурган хүмүүжүүлэгч, багш хүн олон байдаг. Би гэр бүлээсээ ганцаараа урлагт хүчин зүтгэж яваа жүжигчин хүн. Ээж маань анх Монголын хүүхдийн ордонд  намайг хөтөлж оруулсан. Ээж минь намайг драмын ангид хөтөлж оруулаагүй бол би өнөөдөр багш мэргэжилтэй болчихсон явж байгаа болов уу. Жүжигчний мэргэжил маш гайхалтай. Хүний дотоод сэтгэл, мэдрэмжийг үзэгчдэд хүргэж, тэднийг хэсэг хугацаанд ч гэсэн өөр орчин, ертөнцөд авчирна гэдэг жүжигчин хүний маш сайн чадвар.

 

-Ээж нь хамгийн үнэнч шүтэн бишрэгч нь юм шиг санагдсан. Шагнал авахад тань их л баярлаж харагдсан?

 

-Тэгэлгүй яахав. Юу ч болсон, юу ч хийсэн миний ард бүхий л зүйлийг зохицуулдаг гэр бүлийнхэн минь миний хамгийн том шүтэн бишрэгч. Ээж минь намайг жүжигчин болохыг дэмжиж, бүхий л зүйлд хамт байсаар ирсэн. Тийм болохоор ээж минь Гэгээн муза авахад маш их догдолж, уйлсан байна лээ. Ээж аав минь үнэхээр сайхан уужуу хүмүүс байдаг. Бас хүү маань, хань минь намайг үргэлж дэмжиж, хажууд минь байж, ард минь баттай зогсож чаддаг. Ийм сайхан гэр бүлийнхэндээ би үнэхээр их хайртай.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Орон нутгийн театр үзэгчгүй. Тиймээс ч жүжигчид нь “зэвэрдэг” гэж ярих юм. Харин надад эсрэгээрээ театр урлагийн төлөө чин зүрхээ зориулсан хүмүүс тэнд байдаг шиг санагддаг. Хөдөөгийн театрын сонин хачинаас хуваалцахгүй юу?

 

-Би унаган Улаанбаатарын хүн. Хөдөө гэж ямар газар байдгийг ч мэдэхгүй байж байгаад гэнэт л бэр болоод Дорнод аймагт хүрээд ирсэн. Надад анх ирэхэд огтоос хөдөө мэт санагдаагүй. Яг л Улаанбаатар хот шиг санагдсан шүү. Хотод байдаг бүхий л зүйл Дорнод аймагт байдаг. Улаанбаатарыг бодвол тайван амгалан. Манай Дорнод аймгийн Хөгжимт Драмын театрт олон залуу уран бүтээлчид ажилладаг. Бүгд л хийе бүтээе гэсэн, шинийг эрэлхийлсэн шижигнэсэн залуус байдаг даа. Зэвэрнэ гэдэг асуудлыг би хувь уран бүтээлчээс л шалтгаална гэж боддог. Хөдөө, хот ялгаагүй урлагийн төлөө зүтгэлтэй, сэтгэлтэй бол жүжигчин хүн хаана ч “зэврэхгүй”, уран бүтээл хийнэ. Бид байнга уран бүтээл туурвидаг, шинийг эрэлхийлж байдаг юм шүү.

 

-Орон нутгийн театрын жүжигчид найруулагчаа, хөгжимчнөө өөрсдөө хийчихдэг авъяастай хүмүүс байдаг гэдэг?

 

-Тийм шүү. Манай театр уран бүтээлчдээ аль болох олон талаар нь хөгжүүлэх бодлого барьж ажилладаг. Уран бүтээлч олон талын авьяастай байна гэдэг онцлог, давуу тал гэж үздэг юм. Би ч гэсэн жүжиглэхийн хажуугаар тайзан дээр дуулна, бүжиглэнэ.

 

-Хөдөөгийн театраа орхиод их хотод хөл тавихсан гэх бодол үе үехэн төрдөг үү?

 

-Миний хувьд огт тийм бодол төрж байгаагүй. Анх Дорнод аймагт ирээд л дасчихсан. Улаанбаатарт очихоороо аймаг руугаа буцмаар санагддаг. Гэр бүл, найз нөхөд, хамт олон минь энд байгаа учраас би эндээс явмааргүй байна. Би театртаа хайртай.

 

-Тоглохсон гэхээс шунаж, дурлаж явдаг дүр бий юу?

 

-Миний багш МУАЖ П.Цэрэндагва багшийн маань бүтээсэн “Тамгагүй төр” жүжгийн Эгэрэг өрлөгийн дүрд би маш их хайртай. Энэ эрэгтэй хүний дүр л дээ. Гэхдээ хэзээ нэг цагт Эгэрэгийн эмэгтэй хувилбар нь бичигдсэн тийм сайхан жүжиг байвал тэр жүжижгт өөрийгөө сориход би бэлэн байна. Би эсрэг дүрд тоглохсон гэж хүсдэг. Гэхдээ би үргэлж эерэг дүрд хувиарлагддаг. Залуу хүн учраас өөрийн хүссэн сайхан дүрээ хэзээ нэг өдөр бүтээнэ гэж бодож, мөрөөдөж л сууна даа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

- Залуу жүжигчний хүсэл мөрөөдлийг хуваалцмаар байна?

 

-Би байнга аль нэг зүйлийг хүсч, мөрөөдөж байдаг. Жүжигчин хүний хувьд олон улсын хэмжээний тайзан дээр өөрийн хүссэн жүжигт тоглож, өөрийн мөрөөдлийн дүрийг бүтээхийг хүсдэг. Жүжигчин хүний хувьд мэдрэмж гэдэг бол хамгийн гайхалтай зүйл. Би яг тухайн үеийн гайхалтай мэдрэмжийг мэдрэхийг мөрөөддөг. Мөн Монголын Драмын урлагийг дэлхийд гайхагдаж, танигдаж, цоллогдоосой гэж хүсдэг. Энэ завшааныг тохиолдуулаад Монголын Драмын урлагт хүчин зүтгэж байгаа бүх залуучуудад хандаж, багшийнхаа зааж, сургадаг байсан сургаалыг хэлье. Зэмлэл магтаал хоёрыг зэрэг дааж яваарай залуучууд аа.

 

Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
monhdelger:
saihan yriltslaga boljee.. Nzda ulam ih amjilt husey
2018-05-15
сайхан ярилцлага бна
2018-05-15
Zochin:
Saihan yriltslaga boljee amjilt husie
2018-05-15