"Одоо ганцхан" гэсээр орь залуу насаа үүрд алдах вий!
2018-05-15

Нэг хүн жилд 900 мянган төгрөгөөр тамхи худалдан авдаг 

 

Түүнээс салахыг өдөр бүр өөртөө сануулж, “одоо ганцхан...тэгээд л жинхнээсээ орхино” гэж  өдөрт хичнээн удаа өөрийгөө хуурсан юм бүү мэд. Он цаг улирч одсон ч, одоо хэр нь түүнээс хагацаж чадаагүй ахыгаа харахаар өрөвдмөөр болдог. Өнөөдөр тэр ундарсан их хүсэл тэмүүллээ, оргилсон залуу насны ааг омгоо эм тариа нэвт ханхалсан эмнэлгийн давчуухан өрөөнд гээчихээд, “Ээж ээ хүү нь зүгээр ээ” гэж худал хэлдэг. Ээжийг хуураад өнгөрч болох ч шинжлэх ухаан түүнийг уушгины хавдартай гэдгийг нотолсон.

 

 

Уушгины өвчлөлийн 85-96 хувь нь тамхитай холбоотой бөгөөд өнөөдөр Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэг, таван хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас нас барж байна. Энэ сэрдхийм тоо баримтанд ах төдийгүй тамхинаас хамааралтай болсон хүн бүр итгэхийг бүр сонсохыг ч хүсэхгүй байгаа нь атга будаа цацахад зүүний үзүүр дээр нэг нь тогтох шиг тийм их хувь заяагаар олдсон амь насандаа даанч хайргүй гэмээр. Тэдний ихэнх нь тамхинаас  болж өвддөггүй, элдэв хавдар тусдаггүй бүр нас бардаггүй гэж боддог. Тэдний нэг нь манай ах. Тэр уушгины хавдартай болсонд тамхи огт буруугүй гэдгийг одоо ч хэлсээр “Ахдаа ээжээс нууцаар тамхи авчраарай” гэж чихэнд шивнэх нь тамхинд асар их донтуулагч бодис агуулагдаж байдгийг бэлхнээ илчилнэ.


Монгол эрчүүдийн 7.5 хувь нь үргүйдэлтэй байна. Үүнд мөн л тамхины хэрэглээ ихээхэн нөлөөлж буйг судлаачид цохон тэмдэглэжээ. Тамхи татдаг эрэгтэйчүүдийн 50 хувьд нь нойр булчирхайн хавдар үүссэн байдаг бол тамхи татдаг эмэгтэйчүүдийн 30-80 хувьд давсагны хавдар үүсдэг байна. Тамхины хэрэглээ жил бүр өссөөр, үүнийг дагаад тамхинаас үүдэлтэй нас баралт мөн адил өссөөр байгааг мэргэжилтнүүд тайлбарласаар, нээрээ тийм шүү, одоо л больчихъё гээд ухаарвал ухаархаар улиг болтол давтаж байна. Гэсэн ч Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааг Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргажээ. Монгол Улсад хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь 49.1 хувь, 20 эмэгтэй тутмын нэг нь 5.3 хувь нь тамхи татдаг болохыг судалгаанд дурджээ.

 

Тамхитай холбоотой эдийн засгийн бяцхан тооцооллоор тамхины хор уршгийг энгийнээр тайлбарлах гээд үзье.

 

Манай улсын өрхийн дундаж орлого 848.800 мянган төгрөг гэж бодоход тухайн өрхийн нэг гишүүн өдөрт хамгийн хямдхандаа 2700 төгрөгөөр нэг хайрцаг тамхи худалдан авч татаж байгаа. Тэгвэл  жилд 990 мянган төгрөг ба тухайн өрхийн орлогын 8.1 хувь нь  зөвхөн тамхи худалдан авахад зарцуулагддаг байна. Нэг өрхийн хувьд ийм эдийн засгийн тооцоолол гарч буй бол Монголчууд жилд 3.2 тэрбум ширхэг тамхи хэрэглэдэг бөгөөд жилд 100 тэрбум төгрөгөөр тамхи худалдан авч утаа болгон хийсгэдэг байх юм. Тамхи татаад ядуурсан хүн үгүй гэж биеэ өмгөөлөх хүн бий. Тэгвэл тамхинд зарсан мөнгөө тооцоод нэг үзээрэй. Түүгээр хүүдээ, ханьдаа, аав ээждээ зориулаад юү авч болох байсныг бас нэг тооцчиход илүүдэхгүй биз ээ. 

 

Тэгвэл өөр нэг тооцоолол хүргэе. Нэг хайрцаганд 20 ширхэг тамхи байдаг. Өдөрт нэг хайрцаг тамхи татдаг хүн амьдрах хугацаанаасаа хоногт бүтэн дөрвөн цагийг, сард 120 цаг, жилд 1460 цагийг хороодог байна. Учир нь нэг ширхэг тамхи татахад хүний нас 11 минутаар богиносдог болохыг АНУ-ын Калифорнийн их сургуулийн судалгаагаар тогтоосон байдаг. Өрхийн орлогоос "хумсална", тэгээд ч зогсохгүй хорвоод амьдрах хугацаанаас "булаана". Ийм байтал тамхинд ухаанаа алдтал "дурлачихаад" байдаг нь ердөө л түүнд "чөтгөрийн" донтуулагч бодис агуулагдаж байдаг. Өвдсөн ч  тамхийг орхиж чадаагүй ахыгаа харахаас, өөр олон дүү над шиг ингэж сэмрэх вий гэхээс муу хогийг огт оруулж ирэхгүй, худалдахгүй байгаасай гэж чин зүрхнээсээ хүсмээр. 

 

Тамхи нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буйг тамхичдад ойлгуулах гэж Эрүүл мэндийн салбар, хэвлэл мэдээллийн байгууллагууд арга ухаанаа шавхаж байна. Тэгтэл сүүлийн жилүүдэд ЕБС-ийн сурагчид, оюутан залуус тамхийг ихээр татах болжээ. Тэр дундаа охидууд. Тэдний тамхинд уруу татагдаж буйн шалтгаан нь ердөө л нэгнээ даган дуурайх, сонирхох, гоё сайхан харагддаг гэж эндүүрэх. Өсвөр үеийнхний 61.3 хувь нь тамхи татаж үзсэн. Өөрөөр хэлбэл таван хүүхэд тутмын гурав нь тамхи татаж үзсэн байна. Тамхи татдаг сурагчдын 53 хувь нь буюу тал хувь нь тамхинаас хамааралтай буюу архаг тамхичид болжээ. Ирээдүй, хойч үе минь утаа болоод "замхрах вий". 

 

Тамхины хяналтын тухай хуулиар сургуулиас 50 метрээс ойр буюу дотогш талбайд архи, тамхи худалдаалахыг хориглодог болсон. Энэ хуулийн заалтыг логикийн хувьд алдаатай гэж боддог. Сурагчид сургуулиасаа 50 метрээс хол зайнд бол тамхи худалдан авч, татаж болно гэж ойлгомоор. Мөн тамхийг гар дээрээс ширхэглэн худалдаалахыг хориглодог атал өнөөдрийн байдлаар манай Улсад 176 тамхи худалдаалдаг аж ахуй нэгж зарж борлуулсаар л байна. Энэ нь өсвөр насны хүүхдүүд болон эмэгтэйчүүдийг тамхинд татан оруулахад хамгийн дөхөм зам болж байгаа юм. Хуулийг хэрэгжүүлсэн шиг хэрэгжүүлж өсвөр насныханд тамхи татах боломж, сэдлийг огт олгомооргүй байна. Тамхи борлуулагчид хуульд захирагдахгүй бол тамхины онцгой албан татварыг нэмж тамхи баян орны, баян хүний хэрэглээ мэт үздэг "тэнэг" ойлголтыг халж, тамхины албан татвараар маш их хөрөнгийн сан бий болгох хэрэгтэй. 

 

Тамхины онцгой албан татварыг нэмж, эрүүл мэндийн даатгалтай уялдуулах нь зөв

 

 

Олон Улсад тамхины татварыг нэмбэл хэрэглээ буурна гэж үздэг. Тухайлбал 2012-2016 онуудад Филиппин улсын хийсэн тамхины татварын шинэчлэл хамгийн шийдэмгий томоохон жишээ юм. Филиппин улс тамхины онцгой татварын бүтцэд өөрчлөлт хийж, татварын хэмжээг инфляцтай уялдуулж тамхины татварыг ихээр нэмсэн. Ингэснээр тухайн улсын төсвийн орлогын өсөлт нь Эрүүл мэндийн даатгалтай өрхийн тоо 2012 онд 5.2 сая байсныг 2015 онд 15.3 сая болгон нэмэгдүүлэх зардлыг санхүүжүүлэх төсвийн зайг нэмэгдүүлжээ.

 

Мөн Украйнд 2017 оны төсөвт үнийн дүнгээс бодогддог 12 хувийн татварыг хэвээр хадгалахын зэрэгцээ тамхины онцгой албан татварыг 2016 онтой харьцуулахад 40 хувь нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэхүү арга хэмжээг авснаар тамхины жижиглэнгийн үнэд онцгой албан татварын эзлэх хувь хэмжээ 2016 онд 41 хувь байсан бол 2017 онд 46 хувь болж нэмэгдэн тамхины хэрэглээ 10 хувиар буурсан тооцоог АНУ-ын Эрүүлийг хамгаалах газрын дарга Доктор Лутер тэрри судалгаандаа дурджээ.


Тиймээс манай Улс ч тамхины онцгой албан татварыг нэмж, эрүүл мэндийн даатгалтай уялдуулах нь зөв. Тамхины онцгой албан татвар нэмэгдэхэд Улсын төсөвт орох мөнгө нэмэгдэнэ. Мөн нөгөө талдаа тамхины үнэ нэмэгдэнэ. Ингэснээр хэрэглээ буурна. 2016 оны байдлаар нэг хайрцаг тамхины онцгой албан татвар 690 төгрөг байна. Үүнийг 100 хувиар нэмбэл 20 цэцэрлэг барих мөнгө, эсхүл хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ялгаварлалгүйгээр олгоход хангалттай хүрэлцэнэ дээ. 

 

Манай улсын зах зээлд борлуулагдаж буй нийт тамхины 65 хувь нь импортын тамхи аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд янжуур тамхины үйлдвэрлэл дөрөв дахин,  импорт 2.5 дахин, дүнсэн тамхины импорт 2262 дахин нэмэгдсэн байна. Харин 2017 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тамхи импортлогчид бараагаа гаалийн татварыг 30 хувиар төлдөг болсон ч манай Улсын тамхины татвар бусад орнуудаас доогуур хэвээр байна.  Тамхи импортлогчид 2017 онд 46.63 тэрбум төгрөгийн гаалийн татвар төлжээ. Харин тамхины зах зээлийн үлдсэн хувийг эзэлж буй "Монгол тамхи со" ХХК 9.66 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Нийтдээ янжуур импортлогчид 2017 онд 2.67 тэрбум ширхэг тамхи оруулж иржээ. Үүнээс тооцоолж үзвэл “Монгол тамхи со” ХХК 2017 онд зах зээлийн 47 хувь буюу 2.37 тэрбум ширхэг янжуурын түүхий эд импортлон ороож, савлан зах зээлд нийлүүлсэн байна. Энэхүү тоо баримтаас үзэхэд тамхины татвараас асар их хөрөнгийн сан бүрдүүлж болмоор. Түүгээр ард түмнээ эрүүл байлгах их үйлсэд хандив тусламж үзүүлж болохуйц санагдах юм. 

 

 

Эмтэй, эмчилгээтэй боловч эдгэрдэггүй, анагаах ухаантай ч аврагдаж чадахгүй өвчнөөр шаналж, насан туршдаа харамссаар, эцэст нь үхлийн үүд татахгүй байх боломж өдгөө эрүүл саруул яваа хүн бүрт бий. Тамхинаас татгалзаж чадвал шүү дээ...Тамхи бол өөрөөсөө хараат байдал үүсгэдэг дарангуйлагч гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Яндангийн утаагаа яая гэж байгаа манай  Улсад янжуурын утаа бол үнэндээ илүү л байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
arxi tamxi gex met ner muutai bolobch tosbin 30 xubiig bvrdvvldeg baraand um ni l tatbar nemex
2018-05-15
тамхины импортыг 30% нэмсэн ч дотооддоо үйлвэрлэж байгааг нэмээгүй. тэрийг нэмэх хэргэтэй. хямдхан тмонол тамхиар хүмүүс хордож хордуулж байна.
2018-05-15