Ноолуураа угааж биш “урлаж” экспортолъё
2018-05-17

Монгол Улсын нийт мал сүргийн 27.3 сая толгойг ямаан сүрэг эзэлж, ноолуурын нөөц 9400 тоннд хүрсэн нь 2000 онтой харьцуулахад 2.5 дахин өсч, дэлхийнд ноолуурын нөөцөөрөөр манай Улс хоёрдугаарт буюу БНХАУ-ын дараа бичигдэх болжээ. Манай Улсын ноолуурын салбарт нийт 298 үйлдвэр үйл ажиллагаа явуулж, угаасан ноолуурыг БНХАУ-д самнасан ноолуурыг Итали, Англи, Энэтхэг улсад, нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүнийг Америк, Герман, Солонгос, Япон, Белги, Франц, Англи зэрэг 20 гаруй оронд экспортолж байгаа. Гэсэн хэдий ч үнэт нөөцөө хангалтгүй хэмжээнд ашиглаж боломжит орлогоо алдсаар байна.

 

Иймд Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “Ноолуур” хөтөлбөр батлагдсан. Уг хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Монголын ноос ноолуурын холбоо, ХХААХҮЯ, Дэлхийн банкны экспортыг дэмжих төслөөс хамтран “Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж” Улсын зөвлөгөөнийг өнөөдөр /2018.05.17/ зохион байгууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Засгийн газраас “Ноолуур” хөтөлбөрийг баталж, хөтөлбөрт 500 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөжээ. Хөтөлбөрийн үр дүнд 2018-2019 онд нийт ноолуурын нөөцийн 40 хувийг, 2020-2021 онд 60 хувийг тус тус дотоодын үйлдвэрүүд авч, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, экспортыг өсгөх аж.

 

Ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг “Жил бүр нөхөн сэргээгдэж байдаг үнэт түүхий эд болох ноолуураар бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц брэнд бий болгохын төлөө манай салбарын хамт олон 2025 он гэхэд боловсруулалтын түвшинг 80 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байна. Өнөөдөр ноолуурын салбарт 70 мянга гаруй ажилтан ажиллаж байна. Үүнийг 2025 онд 20 мянга орчмоор нэмж, ур чадвартай боловсон хүчин бэлтгэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Дэлхийн зах зээл дээр ноолуурын нөөцийн 40 гаруй хувь буюу 94 тонн ноолуурыг эзэлж байна гэдэг нь манай Улсын давуу тал. Тэгэхээр бид энэ боломжийг Төрийн оновчтой дэмжлэгтэйгээр ашиглаж, дэлхийд танигдаж, брэнд бүтээгдэхүүнийг бий болгохоос гадна, Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулах ноолуурын салбарыг хөгжүүлэхийг зорьж байна. Ноолуурын салбарт үйл ажиллага явуулж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн өмнө өндөр хөгжилтэй техник технологийн нэвтрүүлэг шаардлага тулгараад байгаа. Үйлдвэрлэгчдийг дэмжих ажлын хүрээнд “Ноолуур” хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд бизнес эрхлэгчдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгоно. Энэ асуудлыг аль болох урт хугацаатай, бага хүүтэй зээл олгож шийдэхийг зорьж байна. Бүтээгдэхүүний чанар стандартыг дэлхийн зах зээлд нийцүүлэх асуудал салбарын өмнө тулгамдаж байгаа асуудлын нэг болсон. Өнөөдрйин байдлаар ноолуурын салбарынхан 950 гаруй тэрбум төгрөгийн үйлдвэрлэл, 740 гаруй тэрбум төгрөгийн экспортыг хийж байгаа. Цаашид малчид үйлдвэрлэгч хоорондын уялдаа холбоог идэвхижүүлэх талаар олон ажлыг хийнэ” гэв.

 

Төв аймгийн Сүмбэр сумын малчин Ю.Алтанхуяг “Манайх 300 гаруй толгой ямаатай. Ямаанаасаа жилд 100 орчим килограмм ноолуур авдаг. Өмнөх жилүүэдэд ноолуураа ченжийн гар дамжуулж хямд үнээр худалддаг байсан. Харин энэ жил “Ноолуур” хөтөлбөр батлагдсанаар малчид бидний орлого нэмэгдэж, нэг килограмм ноолуурыг 100-102 мянган төгрөгөөр борлуулсан. Малчид бид ноолуурын гарц, чанарыг сайжруулахын тулд малынхаа үүлдэр угсааг сайжруулах хэрэгтэй байна. Холын аймгуудаас тухайлбал Баяндэлгэрийн улаан ямаагаар малынхаа чанар, угсааг сайжруулах нь зөв санагддаг. Малчид бэлчээрийн даац хэтрэх, ган гачиг, зуд зэрэг эрсдлийг тооцоолж одоо тоо биш чанарт анхаарч  байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Сор кашмер” ХХК-ийн захирал Л.Болдбаатар “Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломжийн тухай өнөөдөр зөвлөлдөж байна. Энэ зөвлөгөөн цаг үеэ олсон үйл ажиллагаа боллоо. Цаашид ноолуураа 100 хувь Монголдоо авч үлдэх вэ гэдэг тал дээр ярилцаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт ноолуурын 18-20 хувийг л дотооддоо гүн боловсруулалт хийж байгаа. Үлдсэн 80 хувийг нь БНХАУ-руу угаасан байдлаар гаргаж байгаа. Үүнийг хэрхэн зогсоох вэ гэдэг дээр Төр засаг болон үйлдвэрүүд хамтарч ажиллах тал дээр асуудал дэвшүүлж ярилцлаа. Үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө ноолуур өөрөө үндэсний түүхий эд учраас эргэлтийн хөрөнгийн асуудал тулгардаг. Засгийн газар эргэлтийн хөрөнгө олгох тал дээр анхаарч “Ноолуур” хөтөлбөрийг баталж, зээл олгохоор болсонд талархаж байна” гэв. 

 

Монгол Улс ноолуурын нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа ч самнасан ноолуурыг чанараар нь ялган угаагаад БНХАУ-руу экспортолж буй нь боломжит орлого, ажлын байраа алдаж байгаа хэрэг гэж үзэж буйгаа ноолуурын салбарын үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байлаа. Тэд өнөөдөр Монгол Улсад ямааны ноолуурыг угаах үйлдвэр л ажилтай байна. Ноолуураа зөвхөн угаахаас гадна самнавал ноолуур самнах шинэ үйлдвэр нэмэгдэж, тэнд Монголын олон хүн ажилд орно. Дараа нь самнасан ноолуураа ээрвэл, ээрмэлийн үйлдвэр байгуулагдаж, дахиад Монголчууд ажилтай болно. Ийм байдлаар нэмүү өртөг шингээх нь маш зөв бодлого гэдгийг онцолж байлаа. Харин ноолуураа зөвхөн угааж экспортлосоор байвал Монгол Улс түүхий эдийн бааз л болно гэж үзэж буйгаа хэлэв.

 

Монголын ноолуурын салбар нийт 19.7 сая ширхэг ноолууран цамц үйлдвэрлэж, 4.3 их наяд төгрөгийн үйлдвэлэлт, экспорт хийх бүрэн боломжтой аж.

 

 

 

 

 

Боломж 

 

 

 

 

Түүхий эд

 

Угаасан

 

Самнасан

 

Утас

 

Цамц

 

Хэмжээ

 

9.400 тонн

6580 тонн

4700 тонн

3995 тонн

20 сая ширхэг

Нэгж үнэ

 

75000 төг

120.000 төг

220.000 төг

330.000 төг

170.000 төгрөг

Нийт үнэ

705 тэрбум

789.6 тэрбум

1.03 их наяд

1.318 их наяд

3.4 их наяд

 

 

 

 

 

 

 

Борлуулалтын таамаглал

 

Угаасан ноолуур

Самнасан ноолуур

Цамц

Нийт

2018 40 хувь

473,760,000,000

231,440,000,000

787,494,400,000

1,492,694,400,000

2019 40 хувь

473,760,000,000

231,440,000,000

787,494,400,000

1,492,694,400,000

2020 60 хувь

315,840,000,000

347,380,000,000

1,181,241,600,000

1,844,461,600,000

2021 60 хувь

315,840,000,000

347,380,000,000

1,181,241,600,000

1,844,461,600,000

 

                                     Нийт: 6,674,312,000,000

 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иймд “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд ноолуурын боловсруулалтын төвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, ээрмэлийн үйлдвэр байгуулах, өргөжүүлэх зэрэгт эргэлтийн хөрөгийн хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын Хөгжлийн банкинд 26 компани 447.0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлээд байгаа аж. Үүнээс

 

  • Шийдвэрлэсэн 4-88.6 тэрбум төгрөг
  • Буцаасан 4-47.0 тэрбум төгрөг
  • Судлагдаж буй 8- 165.3 тэрбум төгрөг
  • Арилжааны банк 10-1131 тэрбум төгрөг  

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Гарчиг нь сүртэй ч агуулга нь авах юмгүй:
Урлах гэдэг уг нь өөр утгатай үг л дээ, толгой холбох гээд ядчих юм паа, хөөрхий
2018-05-17