Б.Батбаяр: Улс орныхоо эдийн засагт дэмжлэг болох төсөл хөтөлбөрүүдээ бүрэн хангаж яваа
2018-05-21

 

Улс орны хөгжил урагшилж байгааг олон тоогоор харж болох болжээ. Зах зээлд дөнгөж хөл тавьж байсан 1990-ээд онд бид “ТОП-100 аж ахуйн нэгж” биш “ТОП-10-ыг” л нэрлэх төдий байлаа. Ер нь бол ТОП-200, ТОП-300, ТОП-1000-ыг нэрлэх улс эх орондоо дорвитой гавьяа бүтээдэг аж ахуйн нэгж борооны дараах мөөг шиг олширно буй заа. 2017 онд ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шинээр орж ирсэн Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Балганы Батбаяртай уулзаж ярилцлаа. Тэрбээр 2018 оны эхээр “Оны шилдэг бизнес, эдийн засагч залуу”- “Улаан сарнай” шагналын эзнээр тодорсон. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Г.Тэмүүлэнгээс батламж гардаж авч байсан нь энэ банкны үйл ажиллагаа чамгүй сайн явж байгааг давхар нотолж байна. Зөвхөн дотоодын шагнал урамшлаар энэ банкны хамт олны ажил үйлс дүгнэгдээгүй. Үүнийг нотлох үүднээс нэг жишээ дурдъя. 2018 оны нэгдүгээр сарын 31-нд Азийн нэр хүндтэй “Finance Asia”, “The Asset” сэтгүүлийн шагнал “Азийн шилдэг хөрөнгө татагч”-аар Монгол Улсыг тодруулсан нь нэг юм хэлээд буй хэрэг.  Мөн 2017 оны гуравдугаар сард гаргасан Хуралдай бондыг “Finanse Asia” сэтгүүлийн “2017 оны Монгол Улсын шилдэг хэлцэл”, “The Asset” сэтгүүлийн “2017 оны Засгийн Газрын шилдэг бонд” номинацийн шагналд хүрэхэд энэ хамт олны оролцоо зүтгэл орсон нь бас нэг юм хэлээд байгаа билээ.  ТОП-100 шалгаруулалт нь Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ хамтран 17 дахь жилдээ “Монголын ТОП-100” ААН-ийг өргөмжлөн шалгаруулж байгаа билээ.  Энэ шалгаруулалт 2015 оноос компани, ААН-ээс материал хүлээн авч шалгаруулж  байсныг өөрчилсөн. Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар зэрэг холбогдох төрийн байгууллагуудын албан ёсны мэдээ, тайланд үндэслэн “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжлөх илүү объектив шалгаруулалт хийсээр ирсэн юм. Угтаа Монгол орны хөгжлийг хөтлөгч ТОП-100 аж ахуйн нэгж нь Монгол Улсын татварын орлогыг бүрдүүлэхэд гойд үр нөлөөгөө өгдөг ач буянтай байгууллагууд юм. Энийг доорх тоон үзүүлэлт аяндаа нотолно. ТОП-100 аж ахуйн нэгж нь Монгол Улсын нийт татварын 2015 оны 48.1 хувь, 2016 оны 39.8 хувь, 2017 оны 50.5 хувийн орлогыг бүрдүүлсэн байна. 

 

Б.Батбаяртай ярилцсан яриаг толилуулья.

 

-Танай байгууллага ТОП-100 аж ахуйн нэгжийн тоонд шинээр жагссан цөөн аж ахуйн нэгжийн нэг боллоо. Бүр ТОП-100 жагсаалтын 35-д бичигдсэн байна. Хөрөнгийн хэмжээгээр 100 аж ахуйн нэгжээс дөрөвт эрэмбэлэгдсэн байна. Ийм амжилт гаргасанд Танаар дамжуулан Танай хамт олонд уншигч түмнийхээ өмнөөс талархал илэрхийлье.


-Баярлалаа. Монгол Улсын хөгжлийг хөтлөхөд өөрсдийн хувь нэмрээ чармайн оруулж байгаа хамт олны маань гавьяа зүтгэл 2017 онд үнэхээр гарлаа. Мөн манай банктай хамтран ажилладаг байгууллага хамт олны ажил үйлс нь урагштай явж байгааг энэ үзүүлэлт илтгэж байгаа юм. Нөгөөтэйгүүр 2017 он Монгол Улсын эдийн засгийн уналтыг зогсоон тогтворжуулсан, зарчмын хувьд эрс шинэчлэл хийж чадсан их ололт амжилтын он жил болсныг батлан харууллаа.


-ТОП- 100 аж ахуйн нэгжид жагсахад татварын орлого бүрдүүлэх үзүүлэлт том үзүүлэлт болж ордог юм билээ.  


-2017 оны жилийн эцсээр 60 гаруй тэрбум төгрөгийн татварын орлого улсад тушаасан. 2016 онд алдагдалтай гарч байсан бол 2017 онд 61 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. 2017 оноос хуулийн шинэ орчны дагуу санхүүгийн байдлаа цэгцэлж чадлаа. Шинээр санхүүжүүлэх том төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд бэлэн байдлыг хангаж ажилласан. Түүний үр дүнд бид нэг их наяд төгрөгийн зээлийг эргэн төлүүлсэн. Гадна талдаа 750 орчим сая долларын зээлийг төлж санхүүгийн үзүүлэлтээ сайжруулж чадсан юм. Ингэж сайжруулсны үр дүнд Монгол Улсын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын томоохон төслүүдийг санхүүжүүлэх бэлтгэл нөхцөлийг бүрдүүллээ. Тухайлбал, бид уул уурхайн “Алт-2” төсөлд оролцсон. Мөн гангийн болон төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр, экспортын голлох нэрийн бүтээгдэхүүн болох ноолуурын салбарт томоохон  боловсруулах үйлдвэрүүдийг дэмжихээр ажиллаж байна. Дэд бүтцийн найдвартай ажиллагааг хангах үүднээс Дөрөвдүгээр дулааны цахилгаан станцын турбинуудыг шинэчлэх ажлыг үе шаттайгаар санхүүжүүлээд явж байна. Энэ нь өөрөө Монгол Улсын Хөгжлийн банк улс орныхоо эдийн засагт дэмжлэг болж, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийг болон экспортыг дэмжсэн төсөл арга хэмжээгээ бүрэн биелүүлж явж байгааг илтгэж байна. Манай хамт олны бас нэг гол гавьяа бол бид 10 орчим мянган ажлын байрыг хадгалж үлдсэн ба шинээр бий болгоход их дэмжлэг тус үзүүлсэн явдал юм.


-Энэ чинь нийгэм, эдийн засгийн том амжилт шүү. Яаж ажлын байрыг шинээр бий болгосон ба хадгалж үлдсэн гэж тооцоолдог юм бэ?

 

-Манай олгосон зээл, санхүүжүүлсэн төслийн дагуу бий болсон ажлын байр нь хадгалагдаж үлдсэн болон шинээр бий болгосон гэдэг судалгаа дүгнэлт гарч байгаа юм. Хөнгөлөлттэй зээлээр дахин санхүүжилт хийхгүй бол үйл ажиллагаа, санхүүгийн байдал нь хүндрээд хаалгаа барих нөхцөл байдалд орсон аж ахуйн нэгжийг энэ байдлаас дэмжиж гаргавал ажлын байраа хадгалдаг. Хаалгаа барилаа гэхэд тухайн байгууллагын шимтгэл татвар, ажиллагсдын цалин нийгмийн даатгал гээд эдийн засагт үзүүлж байгаа нөлөө нь алга болохоос гадна олон ажилгүй хүмүүс бий болж нийгэмд тооцох аргагүй сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд тухайн аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг санхүүгийн талаас нь дэмжих нь ажлын байр хадгалахтай шууд холбоотой. Энэ нь эдийн засгийн төдийгүй нийгмийн чанартай арга хэмжээ юм. Экспортын орлого шинээр бий болгосон, техник технологио сайжруулсан аж ахуйн нэгж ажлын байраа нэмэгдүүлж эдийн засагт эергээр нөлөөлдөг. Жишээ нь ноолуур хөтөлбөрийн гол арга хэмжээ нь “Говь”, “Гоёо” “Монгол микрон” гэхчилэн ноолуурын компаниуд өөрийнхөө техник технологийг сайжруулаад явна гэсэн үг. Нөгөө талаар эргэлтийн хөрөнгийг нь манайхаас санхүүжүүлнэ. Хөнгөн үйлдвэрийн салбар бол хамгийн их ажиллах хүчний багтаамж, шингээц сайтай байдаг. Нэг сүлжих машин бий боллоо гэхэд тэнд гурван ээлжээр ажиллахад гурван ажлын байр бий болох жишээтэй. Ийм ажлын байр бий болгоход эргэлтийн хөрөнгөө авч байгаа байгууллага гэдэг цаад утгаараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийн асуудалд тус дэмээ өгнө гэсэн үг. Уул уурхайгаа дэмжиж явах нь ойлгомжтой. Тухайлбал манай төмөрлөгийн үйлдвэрийн салбарт гэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс өөр гангийн үйлдвэр байхгүй. Иймээс төмрийн хүдрийг ихэвчлэн түүхийгээр нь гаргадаг. 2018 ондоо багтаагаад Эрдэнэт хотод дараагийн арматур хийдэг том хэмжээний үйлдвэр бий болно. Ангижруулсан төмөр гарна. Арматур гарна. Энэ мэтчилэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах суурь нөхцөл бүрдээд байгаа юм. Үүнийгээ технологийн шатанд сайжруулах юм бол яваандаа цэвэр гангийн үйлдвэртэй болохыг ч үгүйсгэхгүй. Монгол Улс гангаар хийсэн бүтээгдэхүүнээ гаднаас ихэвчлэн авч ирсэн. Ган шаариг, бөмбөлөг гээд байдаг шүү дээ. Түүнийг үйлдвэрлэдэг болно. Машины зарим сэлбэг гангийн орцтой бүтээгдэхүүнээ хийж ч болно.


-Чехийн Ерөнхий сайдаар 2014-2017 онд ажиллаж байсан Богуслав Собота Дэлхийн хоёр машины нэг тутамд Чехэд үйлдвэрлэсэн 1-2 детал ордог гэж гайхуулж байсан. Манайх дэлхий гэж гайхуулахгүй ч залгаа хоёр хөрш маань машин үйлдвэрлэдэг дээ.


-Ямар ч гэсэн гангийн үйлдвэртэй болбол олон төрлийн бүтээгдэхүүний импортыг орлуулах боломж бүрдэнэ. Дэлхийн зах зээл дээр түүхий эд материал бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсч, буурч хэлбэлзэж байдаг ч нэг зэрэг цөмөөрөө зэрэг өсөж буурдаггүй. Энэ хэлбэлзлийн Монгол улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нөлөөллийг саармагжуулах, үүнд тохирсон эдийн засагтай болохыг чармайх нь манай нэг зорилго. Харин органик бүтээгдэхүүний үнэ бол байнга өсөж байгаа. 


-Бидний ам дамжин ярьдгаар “ориг” бүтээгдэхүүн шүү дээ.


-Иймээс нүүрсний үнэ уналаа, хэцүүдлээ гэхэд органик хүнсний бүтээгдэхүүний зах зээл байнга өсөж байгааг харгалзан биологийн маш сайн чанарын хүнсний бүтээгдэхүүн болох махаа, дайвар бүтээгдэхүүнээ, тэжээлээ, бордоогоо боловсруулаад гаргадаг болох хэрэгтэй. Энэ салбаруудыг жигдхэн авч явснаар тогтвортой эдийн засгийн суурь маань бүрдэх юм. Үүний тулд ажлын байрыг олноор бий болгодог  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбаруудаа давхар дэмжиж ажиллах ёстой. 


-Ноолуур хөтөлбөр бол манайхны энэ салбартай холбоотой ажилладаг хүмүүсийг дэмжих чухал хөтөлбөр байх. Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х. Баатар: “Бид Дэлхийн нийт ноолуурын 40-өөд хувийг авдаг байж үүнийгээ хянаж, өөрсдөө боловсруулж чадахгүй байна” гэж харамсан өгүүлж байсан. “Буян” компаний Б.Жаргалсайхан  “Цензургүй яриа” хөтөлбөрт манайхан ноолуураа бүрэн боловсруулахгүй гадагшаа гаргачихдаг тухай их л бухимдан өгүүлж байсан. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр энэ салбарт ямар өөрчлөлт гарах бол гэсэн таамаглал байна вэ?


-Дэлхий дээр гарч байгаа ноолуурын 40 орчим хувь нь Монголоос гарч байгаа. Ноолуураар хийж байгаа бүтээгдэхүүн маань Дэлхийн зах зээл дээр үнэтэй сегментэд тооцогддог. Дунд буюу дундаас дээш орлоготой хүмүүс худалдан авдаг сегмент. Иймээс худалдан авч байгаа хэрэглэгчдийн загварын сонголт  сар, жилээр өөрчлөгддөг. Тэр зах зээлийг сайн мэдэрч бүтээгдэхүүнээ гаргаж чадах уу, үгүй юу гэдэг ур ухаан шаардсан том асуудал. Түүхий ноолуураа аваад угаах, самнах, ээрэх, сүлжих, нэхэх гэсэн технологийн таван шатны ээрэх болон түүнээс дээш бүрэн боловсруулах хүчин чадал нь манайд байхгүй. Жилд 9000-9500 тонн ноолуур гарахад ээрэхээс дээш хүчин чадал нь хүрэхгүй байгаа учраас ноолуураа бүрэн боловсруулж чадахгүй байгаа юм. Хамгийн том үйлдвэр “Говь” гэхэд л дээрх хэмжээний түүхий ноолуурын 10 хүртэлх хувийг боловсруулах зорилго тавиад ажиллаж байна. Энэ нь ихээр бодоход 950 тонн л гэсэн үг. Ноолуур хөтөлбөрийн хувьд угаасан самнасан ноолуурыг ээрээд утас болгоод түүнийгээ цааш нь нэхмэл бүтээгдэхүүн юмуу, сүлжмэл бүтээгдэхүүн болгох технологийн шинэчлэлтийг бид 100 хувь дэмжин ажиллаж байгаа. Технологийн шинэчлэлт нь бий болж байж цаашаа дэвшилтэт технологиороо боловсруулалт хийх хүчин чадал нь бий болно. Энд үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийн санхүүжилт үе шаттайгаар явагдаж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн маань дэлхийн зах зээлд нийцсэн бүтээгдэхүүн гаргах чиглэлээр зээл авсан үйлдвэрүүд маань анхаарч ажиллах ёстой. Тухайлбал , сайн чанарын утсаа Англи, Итали руу экспортлох боломж бий. Жишээ нь, “Говь” үйлдвэр ноолууран пальто гаргаж гадаад зах зээл дээр амжилт оллоо. Ийм амжилтуудыг нь бид бодитойгоор харж 100 хувь дэмжиж ажиллана. 


-2017 оны үйл ажиллагааныхаа үзүүлэлтээр  Танай байгууллага 2018 онд ТОП-100 ААН-ийн 35-д орлоо. 2016 оны ажлын үзүүлэлтээр хэдэд орсон бэ? 


-ТОП-100-д орж чадаагүй. 


-Шалтгаан нь юунд байв?


-2016 онд манай банк 190 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Иймээс улсын төсөвт татвар төлж чадаагүй. Олон жилийн турш санхүүгийн менежментийнхээ зарим хэсгийг алдсан байсан учраас өндөр алдагдалд орсон. Ялангуяа иенээр авсан зээлийн ханшийн эрсдэлийг удирдаж чадаагүй учраас алдагдалд орсон. 


-Та хэдэн оны хэдэн сард гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж авсан билээ? 


-2016 оны наймдугаар сард.


-Жижиг дунд үйлдвэрийн яриа бол манай мөнхийн сэдэв. Аль 1980-аад оны үед л зохиолч Л. Түдэв гуай “Өрх болгон үйлдвэрлэгч” гэж асуудал хөндсөн өгүүллүүд бичиж байж билээ. Түүнээс хойш 30 жил лав боллоо. Нэг хэсэг Хятад улсаас бүтээгдэхүүнээ аваад байхад жижиг дунд үйлдвэр хэрэггүй ч юм шиг болж импортын татвараа тэглэж хүртэл үзсэн. Төмсөө хүртэл тэндээс авч идэж байв шүү. 1990-ээд оны үед. Жижиг дунд үйлдвэр маань одоо ч бас нэг их олигтой газар авсангүй. Том үйлдвэрээ дагаж жижиг дунд үйлдвэр хөгждөг юм аа гэх яриа ч гарлаа. Танайх арай л дорвитойхон компаниудтай хамтарч ажиллаад байх шиг. Жижиг дунд үйлдвэрийг санхүүжүүлэх тал дээр Монгол Улсын Хөгжлийн банкны бодлого ямар байдаг вэ?


-Жижиг дунд үйлдвэрийг ноолуур хөтөлбөр дээрээ уяж ярихад ээрэх, сүлжих жижиг дунд үйлдвэрүүд байж болно. Өрхийн үйлдвэрүүд ч байж болно. Жижиг үйлдвэрүүд барьцаа хөрөнгийн асуудал хангалтгүй байдаг учраас арилжааны банкнаас зээл авах нь элбэг байдаг. Манайх арилжааны банкуудад хөнгөлөлттэй эх үүсвэрийг нь өгөөд тэрийг нь арилжааны банкууд цааш нь дамжуулан санхүүжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд нийт 11 арилжааны банкаар дамжуулан 1625 төслийн санхүүжилт хийсэн. Энд жижиг болон дунд үйлдвэрүүд орсон. Ер нь барьцаа баталгаагаа тавиад манай нөхцөлүүдийг хангаад зээл авах явдал бол нээлттэй. Манайх хүн хүчний хувьд цөөн, олон салбар байхгүй учир жижиг зээлийг өөрсдөө судлан олгоход хүндрэлтэй байдаг. Иймээс арилжааны банкуудаар дамжуулан зээл олгодог.

 

-Өөрөөр хэлбэл жижиг зээл тараах дэд бүтэц нь байхгүй учраас арилжааны банкуудаар дамжуулдаг гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Арилжааны банкуудын бий болгосон сүлжээг ашиглаж ажиллаж байна. Аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргах чиглэлээр бид ажиллана. Цаашид бид ноосон дээр ч энэ чиглэлийг барих бодолтой байна. Ингэж чадвал ажлын байр нэмэгдэнэ. Улсад өгөх татвар өснө. Ноосоор бордоо хийдэг төсөл хүртэл туршигдаад экспортод гаргах хэлцлээ амжилттай эхлүүлээд байна. 


-Дээрх асуулттайгаа уялдуулж асуухад манай нөхцөлд жижиг, дунд,том үйлдвэр гурвын алийг нь түлхүү хөгжүүлсэн нь одоогийн нөхцөлд чухал юм бэ?


-Тухайн улсын хөгжлөөс хамаараад янз янз л байдаг. Эдүгээ хөгжилтэй улс орнууд бол Уул уурхайн салбар гэхэд хүний олноор бус өндөр техник технологийг ашиглаж ажлаа явуулж байна. Бидний хувьд энэ өндөр үр өгөөжтэй салбараа явуулахаас гадна хүмүүс нь ажил хөдөлмөртэй, орлоготой байлгах салбаруудаа давхар дэмжиж байж эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлнэ. 


-Өөрөөр хэлбэл том үйлдвэр бий болохыг хүлээгээд байхгүй зэрэгцээд бусад үйлдвэр нь хөгжих ёстой гэсэн үг үү? 


-Тэгэхдээ хөгжлийнхөө загвараас болон өрсөлдөх чадвараас хамаараад салбараа сонгож хөгжүүлнэ. Тухайлбал, оёдолын салбарт гэхэд Хятад, Энэтхэг, Вьетнам, Лаос ч гэдэг юм уу энэ салбарт ажиллах хүн хүч олонтой, хөдөлмөрийн хөлс багатай улсуудтай өрсөлдөж чадахгүй байж болно. Гэхдээ дунд болон дундаас дээш сегментийн бүтээгдэхүүн дээр бид өрсөлдөж болох жишээтэй. Ноолууран пальтог би дээр дурдсан.  Иймээс аль салбар дээр ямар сегмент дээр Монголчууд өрсөлдөх боломжтойг судалж байгаад түүнийгээ түлхүү хөгжүүлэх ёстой. Ирээдүйд магадгүй IT-ийн салбар хөгжөөд хөнгөн үйлдвэр нь бага болох ч шаардлага гарах юм билүү. Иймд Дэлхийн эдийн засаг хаашаа эргэж байна вэ гэдгийг зөв сайн чагнаад, манайх аль салбарт нь өрсөлдөж болох вэ гэдгээ оновчтой тодорхойлж хөгжлийн бодлогоо явуулах ёстой.  Хамгийн сүүлд Засгийн Газраар дэмжигдсэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “2030 он хүртэлх хөгжлийн бодлого”-ын баримт бичиг дээрээс харж байгаад манай банк аль хэсгийг нь дэмжиж ажиллах вэ гэдгээ тодорхойлсон. Эндээс хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт, хөнгөн болон хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн лизинг,  хөрөнгө оруулалтын санхүүжилтээр дамжуулаад эдийн засгийн голлох салбарыг дэмжих хөтөлбөрөө биелүүлээд явж байна. 


-Японд “Toyota”-ын үйлдвэрт 6000 гаруй өрхийн ч юм уу, бусад жижиг дунд үйлдвэр захиалгыг нь хийдэг гэж сонссон. Эд хэрэгсэл, тоног төхөөрөмж, эрэг шураг гээд явдаг байх л даа. Энэ загвар манайд хөгжих боломжтой загвар уу?


-Эрдэнэт, Оюутолгой болон бусад хүчирхэг компаниуд дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнээ аль болох их хэмжээгээр авах хэрэгтэй. Гэхдээ тэр дотоодын бүтээгдэхүүн нь гадаадаас импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадвартай байх ёстой. Жишээ нь, Оюутолгойд хэрэглэдэг технологийн хэрэгцээний бээлийг 100 хувь Монголд үйлдвэрлэж байна гэдэг чинь эхний алхам. Цаашаагаа арьс ширээ энэ хэмжээнд боловсруулж чадвал үйлдвэрлэгч эцэстээ малчин хүртэл бүх л дамжлага шатандаа ашигтай, орлоготой байна гэсэн үг. Таны асуулттай уялдуулж хэлэхэд машин тоног төхөөрөмжийн эцсийн бүтээгдэхүүн хийх хэмжээнд манай улс хараахан хүрээгүй байна. Нарийн мэргэжил, мэргэшил рүү орох хэрэгтэй. Тэнд гэр бүлийн компани байж болно, жижиг дунд үйлдвэр байж болно. Тийм учраас дор дороо юмны гүн лүү орох л хэрэгтэй байгаа юм. Жишээ нь жоншоо боловсруулаад гангийн болон химийн үйлдвэрлэлдээ ашигладаг болох юм бол бас л нэг алхам. Эрдэнэтэд жишээ нь гангийн анхан шатны үйлдвэр бий болно шүү дээ. Тэгвэл гангийн үйлдвэрлэлд шаардлагатай бусад ховор элементүүдээ боловсруулах ажил зэрэг хийгдэж байх ёстой. Импортыг орлуулахын тулд нефтийн үйлдвэр барихаар ажиллаж байгаа. Гэтэл нефтийн бүтээгдэхүүн олборлолоо гэхэд үндсэн 9, дагалдах 30-40 төрлийн бүтээгдэхүүн гарах бололцоотой юм билээ. Үүнийг дагасан үйлдвэрүүдийг бид дэмжээд явах бололцоотой. Ингэж нэмүү өртгийг бий болгоно. 


-Үндсэн бүтээгдэхүүн гэдэг нь бензин, мазут, дизель гээд л явах байх. Дагалдах гэдэгт нь юу байж болох вэ?


-Гаднаас импортоор авч байгаа хуванцар бүтээгдэхүүнүүд байна. Ядаж шатаж тослох материалаа гаднаас авахгүй болох бололцоо бүрдэж байгаа юм. Газ хийгээ тодорхой хэмжээгээр нөхөж болно. Бүүр эцсийн боловруулалтын бүтээгдэхүүндээ хүрлээ гэхэд цаана үлдэж байгаа битумаар авто замынхаа хучилтыг хийж болно шүү дээ. Үйлдвэрлэлийн зарим процессын үр дүнд гарах бүтээгдэхүүнийг манайхан хараахан хэрэглэдэггүй байлаа гэхэд түүнийгээ экспортолж болно. Тэр нь өрсөлдөх чадвартай байх ёстой. 


-2018 онд 2017 оны ажлын үзүүлэлтээрээ ТОП-100 аж ахуйн нэгжийн 35-д орлоо. 2019 онд энэ амжилтаа бууруулахгүй гэсэн төсөөлөл зураг Танд харагдаж байна уу?


-Бид хадгалахын төлөө чармайн ажиллаж байна. 


-2018 он бараг дундаа орох гэж байна. Энэ байдлаас ажиглахад урд он шигээ өөдрөг зураг харагдана уу? Төлөвлөсөн түвшингээ барьж байгаа юу?


-Төлөвлөсөндөө ажил маань явж байна. Бид 2018 оны эхний 4 сарын байдлаар 500-аад тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлээд байна. Нөгөөтэйгүүр ноолуур хөтөлбөр, хөдөө аж ахуйн төсөл хөтөлбөр, уул уурхайн салбарыг санхүүжүүлээд явж байна. Ашгийн түвшин өнгөрсөн оныхоос буурахааргүй байх төлөвтэй байгаа. Гэхдээ бид уламжлалт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн хажуугаар том төслүүдийг санхүүжүүлээд явж байна. Нефтийн үйлдвэрийн суурийг тавина. Цахилгаан станцуудыг дэмжиж ажиллана. Эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлэх ажлуудад оролцож байна. Монгол Улсыг гадаадтай холбож байгаа авто зам, төмөр замын өргөтгөл, интернетийн өндөр хурдны төслүүдийг дэмжиж ажиллана. Мөн эрчим хүчний өргөтгөл, цахилгаан станцуудыг дэмжиж ажиллана. Чанарын хувьд том төслүүдийг хэрэгжүүлэх суурийг бүрэн хангаж ажиллахын төлөө ажиллаж байна. 


-Эрчим хүчний төслүүд гэснээс бид чинь нүүрс экспортолдог мөртлөө 300-аад МВт цахилгаан эрчим хүчийг гаднаас авч байна уу?


-230 орчмыг авч байгаа. 


-Үүнийг яаж орлуулах вэ?


-Баруун бүс нутаг маань цахилгаан эрчим хүчний импортын хараат байдалд байдаг. Төвийн бүс маань өвлийн цагт ид ачааллын үед импортын хамааралтай болдог. Өмнөд бүс бас хамааралтай. Зүүн бүсийн эрчим хүч хүрэлцэхгүй байдалтай байна. Манай банк Төвийн бүсийн эрчим хүчинд суурилсан чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Баруун бүсэд эрчим хүчний хамаарлаас гарах нэг асуудал бол Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц болон Тэлмэний дулааны цахилгаан станцын төсөл. Тэлмэний станцыг 2018 ондоо эхлүүлэхээр ажиллаж байна. Эрдэнэбүрэнгийн станцын зураг төсөл эцэслэгдэн гарвал бид хамтран санхүүжилт хийж ажиллах бололцоотой. Эгийн голын цахилгаан станцыг эхлүүлэх чиглэлээр дэмжиж ажиллаж байгаа. Байгаль орчны үнэлгээ нь эерэг гараад энэ станц баригдах юм бол төвийн бүсийн гаднаас авдаг эрчим хүчний импортыг 100 хувь хааж чадна. Эгийн гол төдийгүй Монгол Улсын том гол мөрөн дээр барих усан цахилгаан станцуудыг дэмжиж ажиллана.


-Саяхан “Эрдэнэс- Таван толгой” ХК 50 сая долларын зээлээ танайд тушаачихлаа. Олон нийтийн сүлжээгээр манай эдийн засаг өсөж байна. Компаниуд өр ширгүй болж байна гэж шуугиж байсан. Ер нь нөгөө талдаа иймэрхүү том зээлдэгч гэнэт зээлээ тушаахад банк эрсдэлд ордог уу? Ямар байдаг юм бол?


-Мөнгө байнгын эргэлтэд орж үр өгөөжөө өгдөг. Уг компани 2012 онд анхны үйл ажиллагаандаа зориулж 200 сая ам доллар авч байсан. Түүний үргэлжлэл, эргэн төлөлт юм. Зургаан жилийн дараа энэ аж ахуйн нэгж санхүүгийн хувьд биеэ даасан үндэсний томоохон хэмжээний аж ахуйн нэгж боллоо. Бид зээл олгохдоо зээлийг хугацаанд нь ашиглана, төлөвлөсөн хугацаанаас өмнө төлнө, хугацаа хоцрох гээд бүх хувилбарыг бодож үздэг. Бид үүнээсээ хамаарч эрсдэлийн хэмжээгээ тогтоодог. Компани зээлээ төлөхөд битгий төл гэж шаардах эрх байхгүй. Магадгүй тухайн компани хүндрэл гараад зээлээ сунгахад тухайн компаний нөхцөл байдалтай танилцаад аль болох хоёр талдаа ашигтай гарц олж ажиллахыг хичээнэ. Эргэж төлөгдсөн зээлээ дараагийн зээлдэгчид олгоод л явна. Эдийн засгийн нэг салбар сэргэчихсэн бол эрсдэлээ даагаад дараагийн салбартаа оруулаад явна гэсэн үг. За ингээд хоёулаа энэ удаагийн яриагаа өндөрлөе, 


-Тэгье. Цаг зав гаргаж манай уншигчдад сонирхолтой яриа өгсөн Танд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин