Николас Мадуро: Тэд намайг дутуу үнэлж байсан
2018-05-22

Венеусэл улсад Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулагдаж, дүнгээ гаргасан талаар “CNN” агентлаг мэдээллээ.  Энэхүү сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Николас Мадуро ялалт байгуулжээ. Тэрбээр ийнхүү ялалт байгуулсанаар Венеусэлийг дахин зургаан жил удирдахаар боллоо.

 

 

Сонгуулийн ирц ердөө 46.1 хувьтай байжээ. Сонгуулийн хорооноос иргэдийн ирцийн мэдээллийг зарлах үед сөрөг хүчин дургүйцлээ илэрхийлж “Эрх баригчид хуурамчаар иргэдийн ирцийг өсгөсөн. Бодит байдал дээрээ 30 гаруй хувьтай байсан” хэмээн мэдэгдсэн байна.

 

Өдгөө 55 настай Мадурогийн төлөө 5.8 сая иргэн саналаа өгч, тэрбээр 67.7 хувиар ялалт байгуулсан бол түүний гол өрсөлдөгч Хенри Фальконы төлөө 1.8 сая буюу 21.2 хувийн санал авчээ.  Хенри Фалькон сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй буйгаа илэрхийлээд “Венеусэлд шинэ сонгууль явуулах хэрэгтэй” гэж хэлжээ.  

 

Уго Чавесын залгамжлагч Мадуро ялалтынхаа дараа ард түмэндээ хандан “Тэд намайг дутуу үнэлж байсан. Энэ бол миний ялалт биш. Ард түмний ялалт. Би илүү сайн бэлтгэгдсэн Ерөнхийлөгч болж байна. Та бүхэн надад итгэж болно” хэмээн мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин