У.Хүрэлсүх: Бид хүчээ нэгтгэж, хамтран ажиллаж чадлаа
2018-05-22

 

“Монголын эдийн засгийн чуулган-2018” хоёр өдөр Төрийн ордонд хуралдлаа. Чуулганаар нэгдсэн болон салбар хуралдаануудыг хийж, гэрээнд гарын үсэг зурлаа.  Эдийн засгийн чуулганыг хааж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрбээр:

 

 

-Хүчээ нэгтгэе уриан дор явагдсан Монголын хөрөнгө оруулалтын чуулган хоёр дахь өдрөө амжилттай үргэлжиллээ. Бид хүчээ нэгтгэж, хамтарч ажиллаж чадлаа гэж харж байна. Гадаа сэрүүхэн байсан ч гэсэн улс орноо хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг дээр хүчээ нэгтгэн харилцан ярилцаж чадлаа.

 

Салбар хуралдаануудаар ярилцаж, зорьсон үр дүндээ хүрч чадсан гэж харж байна. УИХ-аас батлан гаргасан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт гарлаа. 2017-2018 онд төлөх ёстой ихээхэн хэмжээний өр төлбөр Сангийн сайдын ширээн дээр байсныг та бүхэн мэдэж байгаа.  УИХ-аас Эдийн засгийн хүндрэлээс гарах үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн. Хувийн хэвшилтэйгээ хамтарч эдийн засгийг тогторжуулах асуудлыг шийдлээ.  Гадаад валютын нөөц нэмэгдэж, гадаад, дотоод өр ширийг төлж барагдуулж байна. Энэ үр дүнд хүрэхэд Засгийн газраас гаргасан шийдвэрээс гадна хувийн хэвшлийн эдийн засагт оруулсан хувь нэмэр их. Эдийн засгийн өсөлт айл өрхийн төсөвт ч нөлөөлж эхэллээ. Өрхийн орлого нэмэгдэж, худалдан авах чадвар сайжрах хандлага цаашид ч үргэлжилнэ. Уналттай эдийн засгийг сэргээж, айл өрхөд мэдрүүлэхийн тулд тодорхой цаг хугацаа шаардлагатай.

 

Гадаад болон дотоод худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байна. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдсэнээр улсын сан хөмрөг  ч тэр хэрээр нэмэгдэж байгаа юм. Цаашдаа Засгийн газар цалин хөлсийг нэмэх бодлогыг барьж байгаа юм. Эдийн засгийн эргэлт  олон сувгаар нэмэгдсэнийг өрхийн төвийн үзүүлэлт нотлон харуулж байна. Засгийн газар иргэддээ хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх бодлогыг барина.

 

Хэдийгээр бид эдийн засгийг төрөлжүүлэх, олон тулгуурт бодлогыг барьж байгаа ч уул уурхайн салбар эдийн засагт өндөр байр суурь эзлэх бодлого хэвээр байх юм. Газрын тос боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулагдаж байна.

 

Тавантолгойг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг асуудлыг ярилцсаар ирлээ. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдэлд УИХ дахь МАН-ын бүлэг хүрлээ.

 

Одоогоос 10 жилийн өмнө бүтээн байгуулж эхэлсэн  Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орох шатандаа явж байна. Олон хөтөлбөрт хэрэгжиж улс орны эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчдын ч итгэл сэргэж байна.

 

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлого нааштай үр дүнгээ өгч байгаа ч цаашдаа тулгамдсан асуудал хэвээр байна. Бид алдаагаа давтахгүй байх талд энэ чуулган онцгой үр дүнтэй боллоо.

 

Эдийн засгийн чуулганаас ямар үр дүн гарах вэ гэж манай иргэд асууж байгаа. Эдийн засгийн чуулган зөвхөн өнөөдрөөр дуусгаж байгаа юм биш. Цаашид үйл ажиллагаандаа салбар хуралдаануудаар хэлэлцсэн асуудлыг хэрхэн тусгах вэ гэдгээ хэлэлцэнэ. Холбогдох яамдын сайд нарт би үүрэг даалгавар өгч байгаа. Ойрын хугацаанд холбогдох хуулийг УИХ-д өргөн барихыг  сайд нарт даатгаж байна.

 

Манай ард иргэд, бизнес эрхлэгчид биднээс шийдэл хүлээж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хувийн хэвшлийнхэнтэй бодлогын асуудлаар цаашид санал солилцон, хамтран ажиллана. Цаашид хүчээ нэгтгэн, хамтран ажиллаж, Монгол Улсаа хөгжүүлье гэлээ. 

 

Ийнхүү "Монголын эдийн засгийн форум-2018" өндөрлөв. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Юу ч өөрчлөгдөөгүй байхад хэнийг хуурч мэдрэлтээд байна аа. Улс орон нь хужаагийн хөлд талхлагдаж ард түмэн нь амгалан тайван амьдрах нөхцөлгүй ядуу зүдүүгийн туйлд хүрч улс нь өндий ч сөхөөгүй өрөнд баригдчихаад байхад ерөниий сайд хэмээх хөлдүү толгой нь юунд нь хөөрцөглөж худлаа тэнэгтээд байна аа.Энгийн нүдээр ч хараад монгол монголын ард түмэн сүйрэн доройтож байгааг наад ухаан муутай толгойгоо бага ч болов ажиллуулж хараасай эргүү ерөнхий сайдаа.
2018-05-24
Эдийн засаг өслөө гж жаахан гялтайх зүйлд сэтгэл амарч болохгүй тайвширч ч болохгүй. Цаашид улам их зүйл хийж илүү их өсөлт дэвжилт нөөцийг бий болгох хэрэгтэй. Эдийн засаг тогтвортой бүр илүүрхэх тусмаа улс орон хүчтэй байр суурь баттай байх ёстой. Манайхан энэ эрчээрээ улсаа төрөө тусгаар тогтнолоо байр сууриа хамгаалах хэрэгтэй шүү. Eрөөсөө тайвширч болохгүй.
2018-05-23