Г.Занданшатар: Сайдуудыг огцруулах талаар Засгийн газар шийдвэр гаргахгүй
2018-05-23

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-Монголын эдийн засгийн чуулган “Хүчээ нэгтгэе” уриан дор амжилттай болж өндөрлөсөн. Салбар хуралдаануудаар өмч хувьчлал, засаглалыг сайжруулах, томоохон төслүүдээ хөдөлгөе, төрийн оролцоог хумих асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар эдийн засгийн чуулганаар хэлэлцсэн асуудлаар шийдвэрээ гаргалаа.

 

Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах шийдвэрийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Эдийн засгийн чуулганаар гарсан саналын дагуу Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлахаар боллоо. Энэ нь олигархийн засаглалаар олон нийтийн засаглал руу шилжиж, нээлттэй, шударга явагдах юм. МИАТ зэрэг тодорхой компаниудыг хувьчилна. Мөн замын компаниудыг аймаг бүрт нь хувьчилна.

 

ДЦС-уудыг хувьчлах асуудлыг түр хугацаанд харгалзах нь зүйтэй гэж үзсэн. Өмч хувьчлалын талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.

 

Өнөөдөр  Тавантолгой-Зүүнбаян  чиглэлийн төмөр замыг барих асуудлыг концессоор гүйцэтгэхээр шийдвэр гаргалаа. Бариад ашиглаад, төрд шилжүүлнэ.

 

Мөн Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталлаа. Гурван тулгуурт хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг баталснаар эдийн засгийн өсөлт 15 хувьд хүрнэ.  Гурван тулгуурт хөгжлийн бодлого бодитой хэрэгжих юм. Үүнийг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд яамдаар хэлэлцүүлэн гаргасан гэлээ. ЗГХЭГ-ын дарга мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдий асуултад хариулав.

 

 

-Төмөр замыг барих ТЭЗҮ гарсан уу?

 

-Төмөр замын асуудлыг бид олон жил ярьсан. Одоо хүртэл гацаатай байна. Бид нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахаар ярьж байна. Ингэхийн тулд төмөр зам барих шаардлагатай. Төмөр зам баригдсанаар стратегийн ач холбогдолтой. "Тавантолгой-Гашуун сухайт"-ын чиглэлийн зам үргэлжилнэ. 

 

-АН-ын бүлэг Засгийн газрын гишүүнийг огцруулах шаардлагыг тавьсан. Үүнд хэзээ хариу өгөх вэ?

 

-АН-ын бүлэг зарим сайд нарыг огцруулах шаардлагыг тавьсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай холбоотой асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй. 

Н.Энх

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин