Ц.Нямдорж: Үндсэн хуулиа зарж идэхгүй ажиллах сэтгэл хэрэгтэй шүү
2018-05-24

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчдийг хэлэлцэж байна. Ерөнхийлөгч ҮХЦ-ийн гишүүнд  Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарын нэрийг дэвшүүлжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Та бүхэнд нэгдүгээрт амжилт хүсч байна. “ҮХЦ-ийн гишүүн хүн бол хууль зүй, улс төрйин өндөр мэргэшилтэй хүн байна гэж заасан байдаг. Би улс төрийн өндөр мэргэшил гэдгийг яагаад оруулсныг гайхдаг байлаа. Лам хуврагаар яривал гэгээрсэн хүмүүс байна гэсэн санаа байдаг.  ҮХЦ бол том улстөрчдийн ном хурах газар байх ёстой гэж Үндсэн хуульд заасан юм шиг байгаа юм. Монголын төвшинд ҮХЦ-д том хуульчид байдаг. Үүнд хүрч ажиллах хэцүү. Тиймээс та бүхэн том хуульчдын зиндаанд хүрч, Үндсэн хуулиа зарж идэхгүй байх сэтгэл хэрэгтэй шүү.  Өнгө мөнгөний хорвоо боллоо шүү. Би хоёр жилийн өмнө УИХ-ын даргаар З.Энхболд байхад “Одоо байтлаа Үндсэн хуулиа зарж иддэг боллоо “ гэж хэлж байсан. Сүүлийн үед бүлэглэлийн төрийг хулгайлах асуудал төрийн албан хаагчдын зүрхийг үхүүлэх ажил хийж байгаа. Бүхнийг мөнгөөр хулгайлсан ажлыг хийж байна. Ийм зүйлд авталгүй айлгүй ажиллаж үзээрэй. Ном хурах газар байхын утга учрыг сайн бодоорой. Үндсэн хуулийн шийдвэрийг шүүх хэрэгсэхгүй болж байгаа шүү.

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Нэр дэвшиж байгаа хүмүүсийг харахад хуулийн цол хэргэм байхгүй байна. ҮХЦ бол шударга үнэний туйл байх ёстой. Хуулийг буруу хэрэглэж байсан зүйл дээр ҮХЦ зөв шийдвэр гаргаж байсан юм. Би тэгэхэд ҮХЦ-ийг үнэхээр бахархаж байсан. Хуульзүйн ухааны докторууд байдаг юм байна гэж харж байлаа. Хуулийг шударга хэрэгжүүлэх хамгийн эцсийн элч нар та нар байх ёстой.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-Та бүхэн “ҮХЦ-ийн гишүүн хуульч, улс төрийн мэргэшсэн хүн байна” гэдгийг юу гэж ойлгож байна вэ? ҮХЦ-ийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг гэдэг. Тиймээс та бүхэн шударга байгаарай. Түүнээс бус та бүхэнд төлөв түвшин, уян хатан, өрөвч чанар хэрэггүй байх.

 

Нэр дэвшигч Ц.Нанзаддорж:

-Үнэнийг хэлэхэд улс төрөөр даганаж  мэргэшсэн боловсрол байхгүй. Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх , шийдвэрийг УИХ-аар батлуулах хэмжээнд ажиллаж байсны хувьд тодорхой туршлагатай болсон гэж үздэг. Сүүлийн хоёр жил Говь-Алтай аймгийн АН-ын даргаар ажиллаж байсан. Үндсэн хуулийг судалж үзсэн. Хөдөө орон нутагт сумын Засаг дарга нарыг сонгох гэж ах дүү хамаатан саднаараа талцаад, тангараг тасрах дөхсөн тал ажиглагддаг юм. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж боддог.

 

Нэр дэвшигч Г.Туулхүү:

 

-Хувь хүн ёс суртахууны боловсролтой, хүмүүжилтэй байх ёстой гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа.

 

Нэр дэвшигч Б.Буяндэлгэр:

 

-ҮХЦ бол маш чухал шийдвэр гаргадаг. Төрийн институци хоорондын сөргөлдөөнийг шийдвэрлэдэг. Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үндсэн бүтэц нь өөрчлөгдөхгүй учраас болно гэж үздэг.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар ҮХЦ-ийн гишүүнээр Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, Б.Буяндэлгэр нарыг томилох санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар дээрх эрхмүүдийг ҮХЦ-ийн гишүүнээр томилов. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
сугар:
хөөрхиидөө үндсэн хуулиин цэциин гишүүн сумын багиин даргиин асуудлыг шииднэ гэж ярьж баих
2018-05-24