“60 тэрбумын гар хөлөөс МАН-ыг аваръя”
2018-05-29
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн МАН-ын хорооны ээлжит бага хурлыг  зургадугаар сарын 7-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотой Нийслэлийн МАН-ын хорооны гишүүд мэдээлэл хийлээ.  Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн Р. Дагва:

 

- Намын ээлжит бага хурлыг хуралдуулах тогтоолыг энэ сарын долоонд Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид гаргасан.  Ингэхдээ намын ээлжит бага хуралд оролцох төлөөлөгчид, квотоор оролцуулах журмыг тэд баталсан. Энэ нь намын жирийн гишүүдэд таалагдахгүй байгаа. Энэ нам хариуцлагатай байх ёстой. Намын бодлогыг ярих чухал хуралдааныг өндөр түвшинд, хариуцлагатай зохион байгуулах ёстой гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Энэ журмаар маш олон тооны квотыг хэн нь үл мэдэгдэх байдлаар хуваарилж, төлөөлөгчөөр оруулах гэж байгаа нь жирийн гишүүдэд таалагдаагүй. Бидний бодлогыг хэн нь үл мэдэгдэх төлөөлөгчөөр тодорхойлуулж болохгүй гэдэг шаардлага тавьсан. Намын ээлжит 34 дүгээр бага хурлыг нийслэлийн МАН-ын хорооны гишүүд зохион байгуулна. Тиймээс  намын дүрмийн хүрээнд, анхан шатны төлөөллийг жигд ханган оролцуулах шаардлагыг бид тавьж байна. Бид энэ саналаа МАН-ын Удирдах зөвлөл, Хяналтын Ерөнхий хороонд хүргүүлсэн.  МАН-ын Удирдах зөвлөл энэ бага хурлыг дүрмийн хүрээнд явуулахыг, Хяналтын Ерөнхий хороо нийтлэг журмыг баримтлан зохион байгуулах чиглэлийг   Нийслэлийн МАН-ын хороонд хүргүүлсэн. Харамсалтай нь нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчид энэ саналыг авч хэлэлцэхгүй байна. “Ирц хүрэлцэхгүй байна” гэдэг тайлбар хэлж байна. Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид жирийн гишүүдийнхээ дуу хоолойг сонсохгүй, бэрхшээлтэй асуудал тулсан учир дүүрэг, дүүргийн төлөөлөл энэ хэвлэлийн хурлаар өөрсдийн саналаа хүргүүлж байна. Ээлжит бага хурал шударга болж чадах эсэх нь эргэлзээтэй байна гэлээ.

 

Тэд “60 тэрбумын гар хөлөөс МАН-ыг аваръя” хэмээн бичсэн зураг хуудсыг барьсан байлаа.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
МАН-аа битгий самараачээ. 60-н тэрбум гэдэг чинь шинэ цагийн "Лхүмбийн хэрэг"-шдээ. Залуучууд жаахан жудагтай баймаар байна.
2018-05-29