Хуулийн төсөлд гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн заалт байхгүй
2018-06-04

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хурлаар хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж, багагүй маргаан дагуулсан. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодруулга авлаа.

 

 

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт УИХ-аар хэлэлцүүлж байгаа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд газар зарахыг зөвшөөрөхөөр санал оруулсан нь иргэдийн бухимдлыг нэлээн төрүүлэх шиг боллоо. Энэ талаар та тодруулна уу?

 

-Юуны өмнө ташаа мэдээлэл болохыг хэлье. Улс төрийн зорилгоор хуулийн төслийн агуулгыг мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул залруулга хийх нь зүйтэй байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөхийг хориглодог. Үндсэн хуулиар хориглосон байхад газар өмчлөх эрхийг гадаадын иргэнд зарахыг зөвшөөрөх боломжгүй юм шүү дээ.

 

Ер нь газрын харилцаа нь хуулиар нарийвчлан зохицуулагддаг тул баримжаагаар ярьж болохгүй. Тийм учраас хууль зүйн хувьд товчхон тайлбарлах нь зөв гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх гэсэн 3 өөр хууль зүйн ойлголтыг хуульчилсан байгаа. Газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэнд олгодог. Энэ эрхийн дагуу Монгол Улсын иргэн тухайн өмчилж буй газраа хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Газар эзэмших эрхийн хувьд мөн ялгаагүй зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Газар эзэмших эрх олгохдоо эзэмших зориулалтыг нь орон сууц, үйлчилгээ гэх мэтээр тодорхой зааж өгдөг.

 

Харин газар ашиглах эрх нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улс, олон улсын байгууллагад хамааралтай хууль зүйн ойлголт. Жишээлбэл, гадаад улсын элчин сайдын яам, консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэх мэт. Гадаадын иргэний хувьд газар ашиглах нь нэлээн хязгаарлагдмал. Ашиглах хугацаа, хэмжээ, зориулалтыг нь ч Газрын тухай хуульд яс заасан байдаг. Тухайлбал, ашиглах хугацаа нь 5 жил хүртэл байдаг. Газар ашиглах эрхтэй гадаадын иргэн тухайн ашиглаж буй газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, цааш нь худалдах, арилжаалах боломжгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар хатуу хориглодог.

 

-Тэгэхээр яагаад энэ асуудал гараад ирэв?

 

-Товчхондоо бол Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зааг, ялгааг гаргахгүйгээр бүхэлд нь газраа гадаадыханд зарах гэж байна хэмээн муйхарлан мушгиж байгаа л хэрэг. Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийг нарийн уншиж, судлахгүйгээр улс төржиж байна. Нөгөө талаас, энэ байдал нь даамжраад иргэдийн дунд төрдөө үл итгэх үзлийг түгээх явдал газар авч байгаа тул зарим нэг хариуцлагагүй улстөрчийн асуудлаа нягталж судлахгүйгээр, хөнгөмсгөөр хандаж хийсэн мэдэгдэл иргэдийг төөрөгдүүлж байна гэж шулуухан хэлье. Асуудлыг хальт сонсоод нягталж, шалгахгүйгээр хэвлэлд хандан мэдэгдэл хийдгийн гор нь энэ. Баталгаагүй, үндэслэлгүй мэдээллээр улс төр хийсэн хувь улстөрчийн нэр хүнд тэрхэн зуур өсөж байхад, нөгөө талд төрийн институцийн нэр хүнд унаж, төрийг сулруулах нь хэнд ашигтай юм бэ? Ж.Энхбаяр гишүүнээс бусад өнгөрсөн долоо хоногийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд сууж байсан гишүүд газраа гадаадыханд зарахыг дэмжсэн хэрэг үү? Тийм зүйл байхгүй шүү дээ.

 

Энэ хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, холбогдох мэргэжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг хуулийн төсөл боловсруулахад оролцдог, хянадаг бүх байгууллага зохих журмын дагуу хянасны үндсэн дээр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн. Бид Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй хуулийн төсөл боловсруулах хүмүүс биш ээ. Би жишээ нь Монголын төр, ард түмний өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн. Төрийнхөө төлөө эцэг, өвгөдөөсөө зүтгэсэн хүний үр удам. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэхгүй, эх орон, ард түмний эсрэг ямар ч асуудал, хэний ч өмнө байсан бурууг нь хэлж, засч залруулахын төлөө явж ирсэн. Өмнө нь ч, одоо ч би ийм л зарчим баримталж ажилладаг. Энэ дашрамд хэлэхэд, эх оронч байна гэдгийг би эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө мэдлэг, чадвараа зориулахыг хэлж байна гэж ойлгодог. Түүнээс биш буруу ойлгосон асуудлаараа улс төр хийж, худал мэдээлэл тараан, хувийн нэр хүндээ өсгөхийг хэлэхгүй биз ээ.

 

-Та газар ашиглах эрх зүйн орчны талаар тодруулж тайлбарлаач?

-Гадаадын иргэнд газар ашиглуулахтай холбогдсон, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчны талаар товч хэлье. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан. Мөн 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд “Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 5 хүртэл жилээр ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан болно.

 

Хэмжээ, зориулалтыг нь хашааны зориулалтаар бол 0.05 га-гаас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар бол 0.1 га-гаас тус тус илүүгүй байхаар Газрын тухай хуулийн 44.5-д хуульчилсан байдаг юм.

 

-Байнга оршин сууж байгаа гэдэг нь хэдий хугацаа вэ?

 

-Газрын тухай хуулийн 44.4-т заасны дагуу 183 хоногоос дээш хугацааг хэлж байгаа.

 

-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн орчин ийм байдаг юм байна. Та бүхэн яаж өөрчлөх саналтай байгаа юм бэ?

 

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхэлсэн. Энэ хуулийн нэг шинэ концепц нь Нийслэлд газрын бирж байгуулж ажиллуулах санал юм. Ингэснээр газрын харилцаанд ил тод, нээлттэй байдал хангагдаж, ард иргэдийн цалин, тэтгэвэр олгох, зам, гүүр барих хөрөнгийн эх үүсвэр болсон улсын төсөвт орох орлого нэмэгдэнэ гэж бид үзэж байгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй өмчлүүлэхээр зааснаас бусад газрын эзэмших, ашиглах эрхийг зөвхөн газрын биржээр дамжуулан арилжаалснаар хэн, ямар газрыг, хэдэн төгрөг худалдан авч байгаа нь бүгдэд ил болно. Та бүхэн мэднэ. Хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг газартай нь дуудлага худалдаанд оруулснаар 20 гаруй тэрбум төгрөг нийслэлийн төсөвт орсон шүү дээ. Цаашид эрх мэдэлтэн, танил талтай нь газар авах биш, газрыг эдийн засгийн эргэлтэд шударгаар оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

 

-Тэгэхээр гадаадын иргэнд газар ашиглуулах хууль зүйн зохицуулалт өмнө нь Газрын тухай хуульд байсан юм байна гэж ойлголоо. Зөв үү?

 

-Тийм. 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд байгаа заалт. Бидний шинээр нэмэлт оруулах санал нь зөвхөн энэ газар эзэмших, ашиглах эрхийг ил тод, нээлттэй болгох асуудал юм. Өөр юу ч нэмээгүй. Гадаадын иргэнд газар өмчлөх, эзэмшихийг хориглосон Газрын тухай хуулийн зохицуулалт хадгалагдана. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх буюу худалдах, захиран зарцуулах эрх болон эзэмших эрхийг гадаадын иргэнд олгохыг хуулиар хориглосон нь хэвээрээ байх юм. Эцэст нь хэлэхэд, даргын цохолт, албан тушаалтны үзэмжээр газар олгож ирснийг бид шинэ хуулиар хална гэж үзэж байгаа.

 

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх үйл явц ямар байгаа вэ?

 

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг Улсын Их хурлаас саяхан 2028 он хүртэл сунгасан. Нийслэлийн Засаг даргын зүгээс газраа өмчлөх иргэдийн идэвхийг сэргээх зорилгоор өнгөрсөн хугацаанд газар өмчлүүлэх аяныг зохион байгуулж ирсэн. Цаашид энэ аяныг үргэлжлүүлж, иргэддээ газрыг нь өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллана.

 

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Shuud.mn
Сонин хачин
ezemshix ashiglax omchlox gedeg oor ldo gexde l dabxar sana ctuxalzad l bga
2018-06-05
daraa ni guibuulal xuulia gargana ter zergin noxoi zang medelgvi de
2018-06-05
Газрын тухай хуулинд заасан газар эзэмших, өмчлөх, ашиглах гурван ойлголтыг ялгаж салгаж тусад нь авч үзэх талаар тодорхой тайлбарласан байна шүү. Газар ашиглуулах асуудлыг эзэмших, өмчлөх асуудалтай нэг ойлголт юм шиг мэдээлэл цацаад байгаа хүмүүс зөв мэдээллийг нь эндээс мэдэж аваарай
2018-06-04
саяхан МАН намын хороодын сонгууль хойшлоо биздээ Су.Батболдыг Нийслэлийн МАН-ын дарга болоод Улаанбаатарыг эмх цэгцэнд нь оруулаад хаячихнэ гээд зарим гишүүд айгаад байгаа юм бишүү МАНАН нам дамнасан бүлэглэлүүдийн хийж байгаа ажил
2018-06-04
Бидний анхаарлыг иймэрхүү худал мэдээлэлд хандуулж байгаад цаана чинь өөр юм хийгээд байдаг шүү. Нөгөө шинжилгээний хариу гархаар бананатай бичлэг задардаг гэдэг шиг
2018-06-04
Заагаа:
Энэ газар зарах гэж байна гэсэн солиорол чинь Ж.Энхбаярын ээлжит нэр хүн олж авах гэсэн элийрэл юм бишүү
2018-06-04
ИРГЭН:
АН МАН-гүй хотын газрыг гадаадуудад өгөөд дууссан. Харин хуульчилбал энэ замбараагүй явдал цэгцрэх байх.
2018-06-04
зочин:
ш ааж байгаан.өмчлөнө гэж угаасаа байхгүй 100 жилээр түрээслэнэ л гэж байгаа.100 жилийн дараа газраа авая гэхэд тэр газар аль эрт гадны хүний мэдэлд үүрд шилжсэн байх болно
2018-06-04
Зочин:
Түрээс өөр ойлголт. Газар ашиглах эрхийг сунгах эсэхийг төр мэднэ. Сунгахгүй байж болно. Сунгахгүй тохиолдолд Газрын тухай хуулийн 47 дугаар зүйлийн дагуу үл хөдлөх хөрөнгийг тухайн газар дээр ашиглах эрх дуусгавар болно. Маш энгийн.
2018-06-04
Зочин:
Бид энэ далд яваад байгаа газрын наймааг газрын биржээр дамжуулж нийслэлд ил тод болгоё л гэсэн. Өөр санаа байхгүй. Газар эзэмших, ашиглах эрх өөр шүү. Газар эзэмших эрхийг гадаадын иргэнд олгодоггүй юм аа. Хуулиар хориглодог.
2018-06-04
Зочин:
ЖААХАН МЭДЛЭГ МУУ БАЙНА ДАА ГАЗАР ЭМЗЭМШИХ ӨМЧЛӨХ ТҮРЭЭСЛЭХ ГЭЭД МАШ ОЛОН ЯЛГААТАЙ ТАЛУУД БИЙ ЭХЛЭЭД ТҮҮНИЙГЭЭ ОЙЛГО ДАРАА НЬ ШҮҮМЖИЛ
2018-06-04
ezemshix ashiglax omchlox gedeg oor ldo gexde l dabxar sana ctuxalzad l bga
daraa ni guibuulal xuulia gargana ter zergin noxoi zang medelgvi de
зочин:
энэ Ж ЭНхбаяр гишүүн харьцангуй нас тогтсон хүн байтлаа дан баталгаагүй мэдээллээр ард иргэдэд бухимдал бий болгож өөрөө ардын баатар болох гэж оролдох юм одоо сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг ойлгодог болждээ энэ үйлдлээрээ төрийн албан хаагчдын нэр хүндийг унагаж төрийг үнэгүйдүүлж байгаа нь өөрөө гэмт хэргийн шинж агуулж байгаа юм
2018-06-04
зочин:
Ийм мэдээжийн зүйлийг улстөржүүлж яах нь юм болоо,,,,
2018-06-04
Eggy:
Tiim bailgui dee. Bayarlalaa.
2018-06-04