Ш.Цолмон: Монголд Уул уурхайн ил тод байдал улам сайжирсаар байгаа
2018-06-05

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмонтой ярилцлаа. 

 

 

-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тухай яриагаа эхэлье?

 

-Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга нь байгалийн баялаг (ашигт малтмал, газрын тос, байгалийн хий)-ийг олон нийтэд ил тод, хариуцлагатай байдлаар удирдахад чиглэсэн төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл бөгөөд олон улсын хэм хэмжээ болоод байна. Одоогоор 2016 оны шинэ стандартын дагуух баталгаажуулалтаар байгалийн баялаг ихтэй дэлхийн 52 орон ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байна.

 

-Олон улсын энэхүү санаачлагад Монгол улс хэзээ нэгдсэн бэ? Анх нэгдэж байсан үеийн нөхцөл байдал ямар байсан бэ?

 

-2006 оноос манай улс "үүцээ" задалж эхэлсэн бөгөөд яг тэр үед одоогийн хамгийн их яригдаж байгаа Оюу толгой, Таван толгойн асуудлууд бодит биелэлээ олох гэж байсан үе байлаа. Монгол улс маш их орлоготой болох нь тодорхой болсон. Иймээс энэ их орлогыг анхнаас нь ил тод, сайн зохицуулах ёстой гэдэг үүднээс энэхүү Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хүлээн зөвшөөрч, холбогдох шийдвэр тухайн үед гарч байлаа. Бид 2006 онд тус санаачлаганд нэгдэх хүсэлтээ гаргасан.  Гэхдээ тухайн улс нь энэхүү санаачлагыг хүлээн зөвшөөрлөө гэсэн дор нь шууд гишүүнээр элсүүлэн авдаггүй. Хамгийн гол нь тус санаачлагын тулгуур 3 тал болох  ажлын хэсэг гэсэн Засгийн газар, компани,  иргэдийн нийгэмгэсэн 3 талын хамтын ажиллагааны бүтцийг бий болгож, тэрхүү бүтцийн дагуу ажиллаж байгаа гэдгээ  баримт  бичгээр нотолсны дараагаар буюу 2007 оны 10 дугаар сард манай улсыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад хүлээн  авсан байдаг.

 

-Олборлох үйлдвэрлэлийн салбарын тайлан нэгтгэлийг жил бүр гаргаж, олон нийтэд нээлттэйгээр хүргэдэг. Энэ тайланг хэрхэн авч, боловсруулж, нэгтгэдэг вэ?

 

-Энэхүү санаачлагын гол амин сүнс нь бол тайлагнал юм. Энэ нь нэг талаас компани, нөгөө талаас Засгийн газар олборлох үйлдвэрлэлтэй холбоотойгоор жил бүр өөрсдийн тайлан гаргах бөгөөд тэдгээр  тайланд тусгагдсан тоо үнэн зөв эсэхэд иргэний нийгмийн байгууллагууд хяналт тавьж, мөн дараагаар нь дээрх 2 талын тайлангуудыг нэгтгэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөндлөнгийн аудитаар тулган баталгаажуулалтыг хийлгэх үйл явцыг зохион байгуулдаг гэсэн үг юм. Ингээд жил тус бүрээр нь Олборлох үйлдвэрлэлийн тайланг нэгтгэн гаргадаг. Энэ нь иргэд олон нийтэд, хэвлэлийн мэдээллийн байгууллага болоод шийдвэр гаргагчидын хувьд тухайн салбарын тухай үнэн зөв, найдвартай мэдээлэл олж авах гол эх сурвалж болж өгдөг. Одоо гаргаж байгаа тайлан нь анхны буюу 2006 оны тайлантай харьцуулхад агуулгын хувьд 5-6 дахин өргөн хүрээг хамардаг болсон. Анх тухайн тайланд зөвхөн орлого, төлбөрийн тухай мэдээлэл агуулдаг байсан бол одоо олборлох үйлдвэрлэлтэй холбоотой бүх салбарын мэдээллийг агуулж байна. Тухайлбал, хууль зүйн орчин, олборлолт, экспорт, байгаль орчин,гэрээний ил тод байдал, өмчийн хэлбэр болон төрийн өмчийн оролцоо, цаашлаад ашиг хүртэгч эздийн тухай мэдээлэл гэх мэт 20 гаруй төрлийн шалгуурыг оруулж өгсөн байгаа. Мэдээж энэ хэрээрээ тайлангаас авах мэдээллийн цар хүрээ ч улам бүр өргөжиж байгаа гэсэн үг.

 

-Тайлан мэдээллээ өгөх тал дээр компаниуд болон Засгийн газар хэр идэвхитэй оролцдог вэ? Анх тайлан авах үед бэрхшээлтэй зүйлүүд олон байв уу?

 

Анх компаниуд өөрсдийн тайлан мэдээгээ сонин дээр ч юмуу нийтлэхэд хангалттай, иргэний нийгмийнхэн болохоор компаниудыг ширхэг алт бүрийнхээ тоог нарийн гарга гэж нэхэж шаарддаг, харин Засгийн газраас болохоор бидний мэдээлэл албан ёсны, баталгаатай байхад заавал олон нийтэд танилцуулах хэрэг байна уу гэх байдлаар ханддаг байсан. 2006 онд олборлох үйлдвэрлэлийн лицензтэй 1200 орчим компани байна гэсэн тоо байхад ердөө 64 компани өөрсдийн тайлан ирүүлж, засгийн газрын зүгээр төсөвт төвлөрүүлсэн орлого, татварын мэдээллээр нь 134 компанийн тайланг гаргаж өгч байсан. Тэгээд энэ тайлан нэгтгэлээс 25 компанийн тайланд аудиторууд тулган баталгаажуулалт хийсэн байдаг. Гэтэл 25 тэрбум төгрөгийн зөрүү гарсан. Ингээд Үндэсний зөвлөлийн хуралд дээр хэлэлцэж, Сангийн яамнаас тайлбар хийж байсан. тэгэхэд сум орон нутгийн татварын газар нь аймаг, төв газартаа орлого татварын мэдээллээ хангалттай сайн өгдөггүй байсантай холбоотой байсан гэдгийг харуулж байсан. Мэдээж үүнээс хойш байдал улам бүр сайжирч байгаа. Энэ бүгд нь гадаад вальютын гол эх үүсвэрийг бүрдүүлж байгаа уул уурхай учир  яалт ч үгүй ил тод, хариуцлагатай байхаас өөр аргагүй юм гэдгийг бүгд улам ихээр ойлгосон. 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар тайлан өгсөн компанийн тоо 1500 орчим байгаа нь одоо компаниуд улам ил тод, хариуцлагатай болж байгаагийн илрэл гэж хэлж болно.

 

-Тайлангаа цахим хэлбэрээр авдаг болсон. Ингэснээр цаг хугацаа, үйл ажиллагааг хялбарчилж эхэлсэн болов уу?

 

Тэгэлгүй яахав. Анх бид тайланг 2 жилд багтаан гаргадаг байлаа. Өөрөөр хэлбэл 2006 оны тайланг 2008 онд, 2007 оны тайланг 2009 онд, 2008 оны тайланг 2010 онд гаргасан гэсэн үг.  Харин 2011 оноос бид нэг жилийн тайланг дараа онд нь багтаан нэгтгэн гаргаж чаддаг болсон нь Монгол улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагыг хэрэгжүүлж байгаа 51 орноос богино хугацаанд, илүү дэвшилттэй ажиллаж байгаа гэдэг үзүүлэлтээрээ Тэргүүн шагналыг 2011 онд Парист бага хурал дээр авсан. Тухайн үед бусад орнууд тайланг 2 жилд багтаан гаргадаг байсан бол Монгол улс анх удаа дараа жилд нь багтаан тайланг гаргадаг болсон юм.

 

график1. ОҮИТБС-ын тайлан гаргалт \жилээр\

 

2014 оноос бид тайлангаа цахимаар авч, гаргадаг болсон. Мөн энэ оноос өмнөх онуудыг тайланг ч цахимд бүрэн оруулсан байгаа. Эдгээр ажлууд нь биднийг бусад орнуудтай харьцуулахад амжилттай ажиллаж байгаа үзүүлэлт болж 2016 онд дахин нэг Олон улсын шагнал авахад нөлөөлсөн.  Өөрөөр хэлбэл 1-т компани болон засгийн газрын тайланг цахимаар авдаг болсон, 2-т тэрхүү ирүүлсэн тайлангуудыг цахимаар хянан, тулган баталгаажуулалт хийдэг болсон, 3-т тайланг цахимд нээлттэйгээр байршуулсан, 4-т цахимд шилжихээс өмнөх бүх тайлан мэдээллийг цахим  мэдээллийн сандаа бүрэн байршуулж чадсан нь том амжилт болж үнэлэгдсэн. 2016 онд Перуд болсон бага хурлаас бид бас нэгэн нэр хүндтэй шагналын эзэн болсон байгаа.

 

 

-Жил бүр олборлох үйлдвэрлэлийн тайлан нэгтгэлийг гаргах нь ямар ач холбогдолтой вэ?

 

Мэдээж иргэд олон нийт үнэн зөв мэдээлэлтэй болж, өөрийн орон нутагт нь үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд хариуцлагатай болоход түлхэцболохоос гадна шийдвэр гаргагчид болон хөрөнгө оруулагчид бодлогын болон хөрөнгө оруулалтын чухал шийдвэр гаргахад энэхүү тайлангийн баталгаажсан мэдээлэл гол тулгуур болдогоороо чухал ач холбогдолтой юм. Мөн олборлох үйлдвэрлэлийн лиценз эзэмшигч компаниудад олон талын ашиг тустай гэж  олйгож болно. Нэгдүгээрт тухайн компанийг  хууль биелүүлдэг хариуцлагатай компани гэдгийг олон нийтэд харуулдаг. Хоёрдугаарт энэ компанид итгэх иргэдийн хандлага сайжирна. Гуравдугаарт тухайн компанийн том сурталчилгаа болж өгдөг . Энэ  юу гэсэн үг вэ гэхээр энэ компани нь татвар хураамжаа төлөхөс гадна ямар хандив тусламж үзүүлдэг, орон нутгийн иргэдтэй хэрхэн уялдаатай ажилладгийг харуулдаг. Тухайлбал "Бороо гоулд" компанийг хэдий хэмжээний алт олборлосон эсэхийг иргэд тодорхой мэдэхгүй ч улсад татвар төлсөн төлөөгүй гэх мэтээр хоосон хардлага бий болж байсан бол жил бүр гаргадаг тайлангаас иргэд тус компанийг хэдий хэмжээний олборлолт хийгээд, ямар хэмжээний татвар улсад тушаасан болон орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд чухам юу хийгээд байгааг одоо манай вебсайтаас он оноор нь ялган харах бүрэн боломжтой болсон.

 

Мөн ил тод байдал орон нутагт хэрэгжсэнээр иргэд хариуцлагыг зөвхөн компаниас нэхдэг байсан бол одоо фокус нь төр рүү хандаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл компаниудаас улсад төлсөн тэрхүү татварыг төрийн зүгээс хэрхэн зарцуулж байгаа вэ, зарцуулалт нь зөв байна уу гэдэг дээр иргэдийн хяналт сайжирч эхэлдэг. Ингээд харахаар ил тод байдлын энэ асуудал нь Төрийг илүү хариуцлагатай байлгахад илүү чухал гэж ойлгож болно 

 

-Орон нутагт чиглэсэн ямар үйл ажиллагааг та онцлох вэ?  

 

-2016 оны 1 сараас эхлэн ОҮИТБС-ын мэдээлэл, харилцааны “жишиг 5 сум” хөтөлбөрийг Заамар, Гурвантэс, Ерөө, Дэлгэрэх, Бор-өндөр сумдад хэрэгжүүлж эхлээд байна. Хөтөлбөрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ) санхүүжүүлж байгаа бөгөөд зөвлөхөөр Адам Смит Интернейшнлбайгууллага, гүйцэтгэгчээр Интерконсалтинг ХХК ажиллаж байна. Хөтөлбөрийн зорилго нь ОҮИТБС-ын тайланд туссан эрдэс баялгийн салбарын талаарх мэдээллийг орон нутгийн иргэдэд ойлгомжтой байдлаар тогтмол хүргэх, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дэд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төр, компани, иргэний нийгмийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцолыг бэхжүүлэхэд оршиж байгаа юм. Олон сайн үр дүнгүүд гарсаар байгаа.

 

-Цаашид энэхүү ОҮИТБСанаачлага ямар зорилго чиглэлтэйгээр ажиллах вэ?

 

-ОҮИТБС-ын 2016 оны стандартын дагуу хэрэгжүүлэгч улс орнууд 2020 оны 1 сарын 1 гэхэд олборлох салбарт хөрөнгө оруулагч, тендер оролцогч, үйл ажиллагаа эрхлэгч компаниудын Ашиг хүртэгч жинхэнэ эзнийг ил тод болгох зорилтыг энэхүү санаачлагад нэгдсэн орнууд цаашдын үйл ажиллагаандаа  чиглэл болгоод байна. Энэхүү зорилтын хүрээнд улс бүр дунд хугацааны төлөвлөгөө буюу замын зургаа боловсруулан нийтэд ил тод болгох ёстой. Монгол Улсын хувьд 7 зорилт, 32 үйл ажиллагаа бүхий “Ашиг хүртэгч эздийг ил толгох замын зураг -2020 он” төлөвлөгөөг ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлөөрөө 2016 оны 12 дугаар сард хэлэлцэн батлаад байна. Замын зурагт төлөвлөсөн ажлуудыг гүйцэтгэхэд ЕСБХБ, ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас техник туслалцаа үзүүлэхээр байгаа.

 

Уул уурхайн салбарт улс төрд нөлөө бүхий эзэд шудараг бус өрсөлдөөнийг бий болгож байна уу үгүй гэдгийг нийтэд илүү таниулахын  тулд ашиг хүртэгч эздийн ил тод байдлын тухай илүү анхаарч байгаа гэсэн үг юм. Мөн түүнчлэн орон нутгийн мэдээлэл харилцаа, дэд зөвлөл,засаглалд бид анхаарлаа хандуулж, орон нутагт энэхүү дэд зөвлөл сайн ажиллах механизмыг бүрдүүлэх дээр анхаарлаа хандуулан ажиллаж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН

Shuud.mn
Сонин хачин