Н.Баяртсайхан: Зээлийн өсөлт нэмэгдсэн
2018-06-05

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх чиглэлээр Монголбанкнаас 2017 онд зохион байгуулсан ажлын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар нийт 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэх нөхцөл бүрдсэн. Ингэснээр гадаадын өр зээлийг төлөх боломж бүрдлээ. Гадаад валют 3 тэрбум ам.доллар буюу 2013 оны дунд үеийн түвшинд хүртэл хуримтлагдлаа. Энэ нь эдийн засгийн хүнрдэлийг даван туулах, санхүүгийн нөөц бүрдүүлэх нөхцөл бүрдсэн. Санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүд хийгдэж эхэллээ. Эдийн засгийн нөхцөл байдал эмзэг хэвээр байна. Банк санхүүгийн салбарт зээлийн эрсдэл буураагүй байна. Эдийн засгийн дунд хугацааны төлвөөр 2020-2024 онд төлөгдөх гадаад төлбөрийн санхүүгийн нөөцийг одооноос эхлэн хуримтлуулах хэрэгтэй. “Чингис” бондоос гадна өнгөрсөн жил гаргасан  “Хуралдай”, Гэрэгэ” бонд, Хятадын Ардын банкнаас гаргасан своп хэлэлцэлийн зээлийн эргэн төлөлт  эдгээр он жилүүдэд төлөгдөнө. Мөн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж дууссанаар донор орнуудын хөнгөлөлттэй зээлийн нөхцөл  дуусгавар болж, уул уурхайн салбарт Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт төгсгөлийн шатанд орно. Ийм нөхцөл байдалд эдийн засгийн өсөлт, төсөв болон төлбөрийн тэнцлийн санхүүжилтийг  голлон тэтгэж байгаа дээр дурдсан хүчин зүйлс нэгэн зэрэг зогсох эрсдэл байгаа. Тиймээс хуримтлалаа одооноос бэлтгэх хэрэгтэй. Манай эдийн засгийн эмзэг байдлын гол шалтгаан уул уурхайн салбараас хэт хамааралтай. Тиймээс томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шаардлагатай санхүүжилтийг гадаад зах зээлээс авах шаардлагатай боллоо гэлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Монгол банкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан  гишүүд асуултад хариуллаа.  

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Өнөөдрийн төвшинд ямар арга хэмжээ авах вэ? Барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүд “хувь лизинг” гээд өөрсдөө зээл гаргаад байгаа. Яагаад бизнес эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэхгүй байна вэ? Айл өрхөд эдийн засгийн өсөлтийг хэрхэн мэдрүүлэх вэ?

 

-Монгол Улсыг бид дефольтод оруулахгүйгээр авч гарсан. Цаашдаа бид эдийн засгийн өсөлтийг айл өрх, аж ахуйн нэгж бүрт хүргэхээр ажиллаж байна. Монголбанк шат дараатай бодлогын хүүгээ бууруулж, 10 хувь болголоо. Банкуудаа бид дэмжих үйл ажиллагааг явуулж байна. Мөнгө банкуудад байгаа. Сүүлийн үед зээлийн өсөлт нэмэгдэж байгаа. Эдийн засагт жилд мөнгөний өсөлт 36 хувьтай гарч ирж байгаа. Энэ бол боломжтой үзүүлэлт.

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

 

-Монголбанк эдийн засаг тэлэх талаар цаашдаа ямар бодлого баримтлах вэ? Эдийн засаг цусны эргэлтгүй болчихлоо. Банк бус санхүүгийн байгууллага банкинд хадгалж байсан хүүнээс өндөр хүү амлаж байна. Энэ нь эргээд эрсдэл үүсэх вий. Бидэнд  гашуун сургамж бий. Ипотекийн зээлийг хэзээ яаж олгох вэ?

 

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Гадаадын банкууд Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдахаар Монгол Улсын банк санхүүгийн салбарт орж ирж ажиллах нөхцөл бүрдэнэ. Гурван тэрбум ам.долларыг зарим хүмүүс их мөнгө гэж бодоод байна. Энэ их мөнгө биш. Яагаад гэвэл Үндэсний аюулгүй байдлын  үзэл баримтлал дээр асуудал дээр нэг жилийн импорттой тэнцэнх нөөцийг дор хаяж  хадгалж байх ёстой гээд заачихсан. Энэ нь 6-7 тэрбум ам.доллар юм.  Аль ч орны төв банк эдийн засгийн чухал байгууллага биш боловч дангаар шийдэх хүч хүрдэггүй. Үнийн,санхүүгийн тогтвортой байдлыг хадгалж, валютын нөөцийг бүрдүүлэх зорилгоо биелүүлдэг.

 

Монгол банк, Засгийн газраас гарч байгаа Ипотекийн зээл тодорхой хэмжээний мөнгийг орон нутагт хуваарилах хатуу шаардлага тавьж байгаа.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зээлийн өсөлт нэмэгдсэн гэж гарчгийг хараад ойлгосонгүй. Өсөлт, нэмэлт 2-т утгын ялгаа байна уу. Зээл олголт нэмэгдлээ гээд байгаа юмуу Зээлийн үлдэгдэл өслөө гээд байгаа юм уу
2018-06-05