Даун, аутизмтай хүүхдүүдийн “мөрөөдөл” биелнэ
2018-06-07

Засгийн газрын өчигдрийн /2018.06.05/ хуралдаанаар олон жил яригдсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн аравдугаар цэцэрлэгийн барилгын санхүүжилтийн асуудлыг шийдлээ. Тодруулбал цэцэрлэгийг барихад шаардагдах 5,3 тэрбум төгрөгийг 2019 оны төсвийн төсөлд тусгав. Ингэснээр орчин үеийн шаардлагад нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээг хангасан анхны жишиг цэцэрлэг ашиглалтад орно гэдгийг албаныхан хэлж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд даун, аутизм, хавсарсан оноштой, тархины саажилттай хүүхдүүдийг асран сувилж нийгэмшүүлдэг ганц цэцэрлэг байдаг нь аравдугаар цогцолбор төв юм. Тус цэцэрлэг нь анх 1964 онд ашиглалтад орсон бөгөөд үүсгэн байгуулагдаад 50 жилийн хугацаа өнгөрчээ. 2013 оны дөрөвдүгээр сарын 4-нд уг цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан. Улмаар Концессын гэрээгээр уг төвд шинээр барилга барьж өгөх шийдвэр гарсан ч Улсын төсвийн 2017 оны тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр  барилгын асуудал дахин хойшилж, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогсоод даруй таван жилийн “нүүр” үзлээ.

 

2013 оноос хойш аравдугаар цэцэрлэгийн гурван бүлгийн 120 гаруй хүүхэд улсын асрамжийн 58-р цэцэрлэгийн зүүн жигүүрийн дөрвөн өрөөнд гурван ээлжээр хуваагдан суралцаж буй юм. Тусгай цэцэрлэгийн нэг ангид 8-10 хүүхэд суралцах ёстой ч анги танхимын хүрэлцээ муутайн улмаас нэг ангид 40 хүүхэд хичээллэж буй нь хүндрэлтэй байгааг эцэг, эхчүүд хэлж, цэцэрлэгийн нурсан барилгын гадна талбайд жагсаал зохион байгуулж байсан нь саяхан.

 

Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхдийн тусламжийн 108 утасны үйл ажиллагааг 58-р цэцэрлэгийн дээрхи дөрвөн өрөөнд ажлуулах шаардлагатай болсон тул 10-р цэцэрлэгийн 120 гаруй хүүхэд анги, танхимгүй болоод байгааг жагсаалын үеэр эцэг, эхчүүд хэлж байсан.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа  нар зургаадугаар сарын 1-нд тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлсаны үр дүнд цэцэрлэгийн санхүүжилтийн асуудлыг шийджээ.  

 

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх үйлчилгээг авах шаардлагатай байдаг учраас багшийн зүгээс илүү арчилгаа, сувилгаа авдаг. Өөрөөр хэлбэл ердийн цэцэрлэгээс илүү төсөв хөрөнгө шаардлагатай байдгаас барилгын ажил саатаад байсан байна. Засгийн газрын хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан анхны жишиг цэцэрлэг барих төсвийг шийдүүлсэндээ салбар яам болон уг цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эхчүүдийн өмнөөс талархаж байгаагаа хэлмээр байна” гэв.

 

БСШУС-ын яамнаас ирэх долоо хоногт багтаан цэцэрлэгийн барилга барих компанийг шалгаруулах тендерийг нээлттэй зарлах юм байна. Барилгын зураг 5.3 тэрбум төгрөгийн өртөгтэй байхаар зурагджээ. 

 

Ингээд удтал хүлээлгэсэн цэцэрлэгийн санхүүжилт шийдэгдэж, Монгол Улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлан зориулсан 120 ортой цэцэрлэг баригдахаар  боллоо.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ харж бдг ээж нарт цалин олгож баймаар маш хүнд шүү хөөрхий. Ялангуяа дауны өвчтэй хүүхдүүдтэй айл өрх маш хүнд. Нас нь ахиад бдг сэтгэхүй хөгжил нь 5 наснаас хэтэрдэггүй гэ биздэ. Монголд харин ч маш цөөхөн гэж сонсогдсон
2018-06-07
111111:
Болж дээ... Good news
2018-06-07