Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох асуудлаар ОУВС-д ханджээ
2018-06-07

Энэ сараас хүүхдийн мөнгийг  өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн нийт хүүхдүүдийн 80 хувьд олгоно. Тиймээс энэ оны улсын төсвийг батлахдаа амьжиргааны төвшин тогтоох  судалгаагаар 570 босго оноонд багтсан өрх хүүхдийн мөнгө авдаг байсан. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг 20 хувиар нэмэгдүүлснээр энэ босго оноо ч нэмэгдэж 670 болж байгаа юм.

 

Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох хүрээг нэмэгдүүлсэн УИХ-ын тогтоолоор шинээр авах 20 хувьд дөрөвдүгээр сараас тооцон олгоно гэдгийг салбарын сайд хэлж байна лээ. Ингэхдээ өрхийн мэдээллийн санд бүртгүүлсэн айл өрх хүүхдийн мөнгө авах хүсэлтээ харъя дүүргийн Нийгмийн халамжийн газарт гаргах юм билээ.

 

Засгийн газраас  цаашид бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох чиглэлээр ажиллаж, ОУВС-тай хэлэлцээр хийхээр болжээ. Учир нь ОУВС-гийн төлөөлөгчид ирэх наймдугаар сард манай улсад ирж ажиллах аж.

 

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн олгох хүрээг нэмэгдүүлэх  УИХ-ын тогтоолтой зэрэгцээд Ерөнхийлөгч Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийг санаачлан өргөн барьсан ч олонхийн дэмжлэг авалгүй, буцаагдсан. Ерөнхийлөгчөөс гадна УИХ дахь сөрөг хүчин, мөн МАН-ын зарим гишүүд хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох ёстой гэсэн байр суурьтай байсан билээ. Хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан айл өрх бүрт олгоё гэсэн заримын зөрүүтэй саналыг тэдгээр гишүүд гаргаад ч дэмжлэг авалгүй унасан.

 

Хэдийгээр УИХ-ын тогтоол гарч, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох хүрээг нэмэгдүүлэн, 80 хувьд нь олгохоор болсон ч  дээрх гишүүд өөрсдийн байр сууриа хэрэгжүүлэхээр дараагийн алхамд шилжсэн байна. Тодруулбал,  УИХ-ын гишүүн С.Бямбацогт нэр бүхий эмэгтэй гишүүдийн хамтаар Монгол Улсын ирээдүй болсон хүүхдэд багачуудад хүүхдийн мөнгийг алагчлалгүй хүртээх, хүссэн хүүхэд бүрт өгөх шийдэл гаргах асуудлаар ОУВС-д ханджээ. Хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход ердөө 20 орчим тэрбум төгрөг шаардагдах тооцоо судалгаа гарсан. Тиймээс   ОУВС Засгийн газар, Сангийн яамтай дахин хэлцэл хийж энэ асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байна гэж тэд үзэж байгаа аж.  

 

ОУВС-гийн Гүйцэтгэх захирал  Кристин Лагардад илгээсэн албан бичигт “Монгол Улс 2017 оны дөрөвдүгээр сард ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засгийн өсөлт нэмэгдэж төсвийн тэнцэл сайжирч байна. Эдийн засагт олон нааштай өөрчлөлтүүд гарч валютын нөөц 3 тэрбум ам.долларт хүрч, 2017 оны гүйцэтгэлийн байдлаар Монгол Улсад 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдлээ. УИХ, Засгийн газраас төсвийн сахилга батыг сайжруулах замаар төсвийн алдагдлыг бууруулах, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлж олон тулгуурт болгохыг зорьж, ОУВС-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаа билээ.

 

Ийнхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж буй учраас ОУВС хүн амын өсөлтийг дэмжих төрийн бодлогын нэгээхэн гол үндэс болсон “Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох” асуудлыг нааштайгаар шийдвэрлэхэд Засгийн шазартай байгуулсан хэлэлцээрээ эргэн харна уу.

 

Хүүхдийн мөнгө олгогдож эхэлсэн цагаасаа халамж биш харин хүүхэд бүрийг дэмжин урамшуулсан, тэдний одоо ба ирээдүйд оруулсан хөрөнгө оруулалт, төрийн дэмжлэг байсаар ирсэн. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоход эдийн засагт ямарваа нэг эрсдэл гарна гэж үзэхгүй байгаа бөгөөд оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелэхээр байна. Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ОУВС зөвшөөрвөл хүссэн хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох боломжтой гэж мэдэгдсэн.

 

Ийм шийдвэр гаргах нь “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” хэмээсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаатай бүрэн нийцнэ. Тиймээс ОУВС-гийн ажлын хэсэг ирэх долдугаар сард Монгол Улсад ирж хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах хугацаандаа энэ талаар нааштай шийдвэр гаргахыг хүсье” хэмээжээ.

 

Ийнхүү  хүүхдийн мөнгө тойрсон асуудал хаврын чуулган завсарлатал үргэлжлэх бололтой. Ер нь эрх баригчид хүүхдийн мөнгөнд “гар хүрч”   өрөөлд болон өөрсдийнхөндөө ч ороогдох шаардлагагүй байсан юм.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
хүүхдийн мөнгөө авьяааа. Ипотекээ төлмөөр байна
2018-06-08
иргэн:
тэгээд хятадаас зээл авах болохоор зөвшөөрөөд байдаг юмуу вальютын сангийнхан
2018-06-07
Үнэн үг:
Өөрсдийн арчаагүй байдлаас болж төрийн жолоо цулбуураа ОУВСанд атгуулсан улс ийм хөгийн байдалд орно доо. Өөрийн асудлаа өөрсдөө толгой даагаад шийдэж чадахгүй бусадаас зөвшөөрөл авч хүүхдийн мөнгө олгоно гэдэг шившиг болж байгаа биздээ. Жолоо цулбуураа өөрсдөө атгаад явахаар хаашаа ч хадуур ч давхиад нисэж үхэх гээд байгаа улс чинь өөр яах вэ дээ. Бид нэг ийм л хувь заяатай үндэстэн юм даа. 220 жил Манж улсад цулбуурдуулсан, 70 жил ЗХУ-д цулбуурдуулсан, одоо АНУ-ын вальютын санд цулбуурдуулсан нь энэ дээ. Цулбуурдаад байгаа орны буруу юу байх вэ гол нь Монгол хүн бидний байж байгаа цариа тэр.
2018-06-07