Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судална
2018-06-07

 

Гэрэл зургуудыг MPA.mn

“Монгол Оросын санаачлага-2018” эдийн засгийн чуулга уулзалт Төрийн ордонд болж байна. Уулзалтыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга “Хоёр улсын харилцаа эдийн засгийн шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины илгээлтдээ “Бид бүх чиглэлээр хамтын ажиллагаа, төслүүд хэрэгжүүлэх бодолтой байна. Монгол Оросын санаачлагын хүрээнд явуулж байгаа арга хэмжээнүүд хоёр улсын ажил хэрэгч хүмүүсийн хамтын ажиллагаа маш том түлхэц болно гэж бодож байна” хэмээн дурджээ.

 

 

Чуулга уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Хоёр улсын хамтын ажиллагааны чухал тулгуур болох худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бид бүгдийн хүсэн хүлээсэн хэмжээнд төдийлөн хүрэхгүй байгаатай та бүхэн санал нийлэх байх. Тухайлбал, хоёр улсын худалдааны эргэлт 2017 онд 1.3 тэрбум ам.долларт хүрсний 67,7 сая буюу 3 хувийг нь Монголын экспорт бүрдүүлжээ. ОХУ-ны улстай хийж байгаа худалдаа, бараа эргэлт 12 хувийг эзэлж байна. Ялангуяа манай экспортын хэмжээ туйлын бага байгаа юм. Иймд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой арга хэмжээ авахын тулд тарифын зардал, стандарт, хорио цээр, техникийн чанартай зохицуулах үүднээс чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судалж үзэх хэрэгтэй байна.

 

ОХУ, Казахстан, Белорусь зэрэг таван орныг багтаадаг ЕвроАзийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг манай улс дэвшүүлээд байгаа билээ. Энэ саналыг ЕвроАзийн эдийн засгийн холбооны дийлэнх гишүүн орон дэмжиж байгаа тул хамтарсан судалгааг ойрын хугацаанд эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагаа хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтой. Мөн хоёр улсын ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний сурталчилгааг явуулахад дорвитой дэмжлэг үзүүлэхийг санал болгож байна. “Монгол Оросын санаачлага-2018” уулзалтын хүрээнд Оросын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж буй нь тодорхой жишээ юм. Манай улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг ОХУ, муж улсуудад  тогтмол зохион байгуулах саналтай байдаг.

 

Монгол Орос Хятадын эдийн засгийн коридорыг байгуулахаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд төмөр зам, дэд бүтэц байгуулах асуудлыг ойрын хугацаанд шийдэхээр гурван тал хэлэлцэнэ хэмээлээ. Мөн ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд үг хэллээ.

 

 

Тэрбээр “Манай ОХУ-ын хөдөө аж ахуйн техникийн талаар санал болгож байна. Эдийн засгийн худалдааны асуудлаар хэлэлцэх байх. Сүүлийн 18 жилийн хугацаанд бид монгол түнш найз нартайгаа улс төрийн хэмжээнд сайн хөгжсөн.  Өнгөрсөн онд манай хоёр орны худалдааны  эргэлт нэг тэрбум ам.доллар байсан. Манай хоёр улсын ажил хэрэгч хүмүүс цаашдаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх хэрэгтэй. Бид цахилгаан эрчим хүч, аялал жуучлал, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах чиглэлээр анхаарч байгаа.

 

Бидний өмнө Улаанбаатар төмөр замыг шинэчлэн хөгжүүлэх маш том зорилт байна. Евро Азийн хоорондох тээвэрлэлтийн асуудлыг сайжруулахаар хэлэлцэж байна.  Монголын экспортын нийлүүлэгчидэд маш чухал боломжийг нээж байгаа. Монголын ажил хэрэгч хүмүүс энэ боломжийг сайн ашиглах ёстой хэмээсэн юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин