Гэр хорооллын иргэд “ГОЁ” орчинд амьдарна
2018-06-08

Чингэлтэй дүүргийн 7-р хороонд байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн шав тавих ёслол /2018.06.08/ боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрэнэбат нарын албаны хүмүүс оролцов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд инженерийн шугам сүлжээг хүртээх, төрийн болон нийгмийн үйлчилгээг ойртуулах оновчтой шийдэл бол сервис центр буюу “Дэд бүтцийн төв” юм. Уг төв нь гэр хорооллын 200-300 өрхийн халуун, бохир, дулаан зэрэг  хэрэгцээг хангах аж. Эхний ээлжинд Нийслэл хотын хамгийн их нягтралтай суурьшлын бүсийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 201 нэгж талбарыг хамарсан 14 га газарт “Дэд бүтцийн төв” баригдах аж.

 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Энэхүү дэд бүтцийн төв хүч, хөдөлмөр шингэсэн төсөл юм. Тиймээс хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна. Энэ төслөөр гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг хэрхэн сайжруулж болох, хэдэн төгрөгийн төсвөөр хийж гүйцэтгэх вэ гэдгийг харуулахыг зорьж байгаа. Мөн хүн гэр хороололд байрлах өөрийн өмчийн газар дээрээ үл хөдлөх хөрөнгөө бариад хотын төвд амьдарч байгаа мэт орчин бүрдүүлж болох юм байна гэдгийг жишиг байдлаар харуулахыг хичээж байна. Гэр хорооллын иргэд хэзээ нэгэн цагт эндээс нүүнэ гэж биш үүнийг үр хүүхэддээ өвлүүлэн үлдээнэ гэдэг бодолтой амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд энэ төслийн зорилго оршино. Төсөл амжилттай хэрэгжихэд иргэдийн оролцоо чухал. Зөвхөн Төр, Нийслэл үүрэг хүлээх биш иргэн өөрийн амьдрах орчныг сайжруулахын тулд хуримтлал бий болгох, эрсдлийг шийдэх, байшингаа дулаалах, дулаан алдагдлаа багасгах үүрэгтэй. Улаанбаатар хотын гэр хороллыг төвийн, дундын, алсын гэсэн гурван бүсэд хуваасан. Нэгдүгээр бүсэд төвийн шугамд холбогдсон газар багтаж байгаа тул орон сууц барихаас өөр аргагүй. Харин дундын бүсэд дэд бүтцийн төвийг барьж байгуулна. Эхний ээлжинд 50 цэгт дэд бүтцийн төв барьж байгуулахаар зураг төсөл гаргаад байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Бид сарын өмнө ажлыг эхлүүлэх болно гэж байсан. Тэгвэл өнөөдөр бид үгийг үйлдэл болгож, ам ажил хоёроо биелүүлж, ЧД-ийн 7-р хороонд дэд бүтцийн төвийн ажил эхэллээ. Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн 80 хувь нь хашаа, байшингаа зараад нүүх биш үр хүүхэддээ өвлүүлж үлдээх сонирхолтой байгааг бид судалгаанаас харсан. Тийм учраас газар, хашааг нь худалдаж авах биш хотын төвд амьдарч байгаа иргэдээс дутхааргүй тохиолог, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чухал түлхэц болох дэд бүтцийг нь шийдэж өгөхөөр энэхүү ажлыг эхлүүлж байна. Энэхүү ажлын төсөв мөнгөнд эхний ээлжинд 10 орчим тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Нэлээд их мөнгөний ажил байгаа. Бүтээхийн төлөө ажиллах болно. Хашаандаа сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлж, ЧД-ээ байшин хороолол болгохын төлөө зүтгэнэ” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

НИТХ-ын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Улаанбаатар хотод төдийгүй Монгол Улсад хамгийн анх баригдах дэд бүтцийн төв энэ. Энэ төвөөр дамжуулан Нийслэлийн гэр хорооллын халуун ус, цэвэр, ус, дулааныг шийдвэрлэх ажил хийгдэнэ. Мөн ЧД-ийн 7-р хороо 760 хүүхдийн сургуультай болж байгаа. Энэ зун сургуулийн барилгын ажил эхэлнэ. Энэхүү бүх ажлыг хийхэд хүндрэл бэрхшээл, хийрхэл улстөржилт маш их бий. Энэ бүхнийг давж бүтээн байгуулалтыг хийхийн төлөө Улаанбаатар хотын одоогийн удирдлагууд ажиллаж байна” гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат “УИХ, Засгийн газар, Нийслэлээс Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг болох гэр хорооллын айл өрхийн амьдрах орчныг сайжруулах ажлыг ЧГД-ээс эхлүүлж байгаад баяртай байна. Энэ ажлыг үр дүнтэй болгохын төлөө дүүрэг, хороодтойгоо хамтран ажиллана” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Дэд бүтцийн төв”-ийг барьж байгуулах 50 байршлыг энэ онд баталсан. Цаашдаа 2020 он хүртэл нийт 100 байршилд уг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр 20-30 мянган айл өрхийн инженерийн дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдэж 61.3 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэр устана гэдгийг албаныхан хэлж байна. Энэхүү ажлын хүрээнд Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалах, бохирдох эрсдэлийг бууруулж, 439.200 шоо метр хөрсийг нөхөн сэргээх аж. Төсөлд хамрагдсан айл өрхүүдийн нийгмийн, дэд бүтцийн асуудал шийдэгдэж ногоон байгууламж, орчны тохижилт бий болсноор иргэдийн амьдрах орчин сайжирна. Дэд бүтцийн төвийг түшиглэн 6800 орчим ажлын байр шинээр бий болох юм байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Албаныхан шавь тавих ёслолд оролцох үеэрээ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллана гэдгээ бүгд хэлж байна.  Ямартай ч "Дэд бүтцийн төв" баригдаж дуусаад гэр хорооллын иргэд "гоё" орчинд амьдрах цаг удахгүй биз ээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
бөйыбө:
Олон газар хийх хэрэгтэйшдээ.
2018-06-10
Нийслэдийн хүн амын бөөгнөрөлийг ингэж дэмжих нь утгагүй.Дахиад л энд тэндгүй цэвэрлэх байгууламж бохир ус,лаг, үнэр танар болно биздээ тэрний оронд хүн амын бөөгнөралийг аль болохоор сааруулах,багасгахыг бодууштой
2018-06-08
ха ха баас шээстэйгээ юу
2018-06-08
ИРГЭН:
ГЭР ХОРООЛОЛЫН АЙЛУУДАА ХАШААНД НЬ МОД ТАРИУЛААЧЭЭ, БӨӨН ТООС ШОРООН ДУНД Л ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДАРЧ БАЙГАА ЮМ ШИГ Л АМЬДРАХ ЮМ
2018-06-08
irgen:
yag eniig hiigeed ogooch gej monch olon jil ard tymen shaardsan daa odoo l tolgoi ni ajillaj ehelj baina ene toriinhon, tegeed geriin busad dyyregt dyyrgyydiin darga nar hariuzaj zereg ehleh heregtei shdee, dyyrgyyd oorsdoo yu hiij suudag um be ???!!!
2018-06-08
зочин:
Хурдан эхлээрэй, Маш чухал ажил шүү
2018-06-08