"Улаанбаатарын яриа хэлэлцээ" олон улсын хурал болно
2018-06-12

 

Зүүн хойд Азийн (ЗХА) аюулгүй байдлын тухай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” (Ulaanbaatar Dialogue on Northeast Asian Security) олон улсын V бага хурал 2018 оны 6 дугаар сарын 14, 15-ны өдөр Улаанбаатар хотод болно. Монгол Улсын Ерөнхийлөгч бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагаа, итгэлцлийг бататгах, улмаар аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх санаачилга гаргасан. Энэ хүрээнд анх эрдэмтэн, судлаачид чуулан санал солилцож байсан бөгөөд, 2017 оноос шат ахиж, бүс нутгийн улсуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч байгууллагуудын албаны төлөөлөл, мэргэжилтнүүд оролцдог болсон.

 

Тус хурлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулах бөгөөд АНУ, БНХАУ, БНЭУ, БНСУ, БНАСАУ, БНФУ, ОХУ, ХБНГУ, Япон Улсын мэргэжилтэн, судлаачид болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)  зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч оролцоно.

 

Тавдугаар хуралдаанаар 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчны тухай төсөөлөл, хэтийн төлөв, сорилт ба боломжийг тодорхойлох, эрчим хүч, байгаль орчин, хүмүүнлэгийн салбарын өнөөгийн байдал, хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэх гэж буйгаараа онцлог юм.

 

Түүнчлэн ЗХА бүс нутгийн нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж, сөргөлдөгч талууд өндөр дээд хэмжээнд яриа хэлэлцээ өрнүүлж байгаа түүхэн нөхцөл нь хурлын ач холбогдлыг нэмэгдүүлж байна.

 

Хурлын хэлэлцүүлгийг  үндсэн хоёр асуудлаар өрнүүлнэ.

  • Харилцан итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх замаар бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх хэтийн төлөв: Сорилт ба боломж
  • 2025 он хүртэлх ЗХА-ийн аюулгүй байдлын орчин: эрчим хүчний хамтын ажиллагааны хэтийн төлөв, байгаль орчин, хүмүүнлэгийн тусламжийн салбарт хамтын ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Shuud.mn
Сонин хачин