Ц.Лувсан: Ирэх жил 600 гаруй вагон актлагдана
2018-06-12

Улаанбаатар төмөр зам  хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдлагууд ОХУ-д 22 жил ашигласан 1000 вагон худалдан авах шийдвэр гаргасан талаар УБТЗ-ын тээвэр зохион байгуулалтын албаны дарга Ц.Лувсангаас тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Асуудал дагуулаад байгаа 1000 вагоныг авах шийдвэрийг ямар шалтгаанаар гаргасан бол?

 

-УБТЗ-ын ерөнхий хорооноос 1000 вагон худалдаж авах шийдвэр гарсан. Гэтэл нийгэмд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад одоогоор 587 вагоныг худалдан аваад байна. Үлдсэн 413 вагон орж ирээгүй байгаа. Монгол Улсын эдийн засаг, Уул урхайн бүтээгдэхүүний нийлүүлэлт 2016-2017 оноос маш их нэмэгдсэн. Тэр дундаа экспортын ачаа. Монголын газар нутгаас олборлогдсон төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал, нүүрс, жонш, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт нэмэгдсэн тул тээвэрлэлт нэмэгдэх зайлшгүй шаардлага гарсан. Тухайлбал 2017 онд 25.5 сая тонн ачааны захиалга орж ирсэн. УБТЗ бэлэн байгаа хүч, нөөц бололцоогоо ашиглаад тээвэрлэхэд ч 20-21 сая тонн ачаанас илүүг тээвэрлэх боломжгүйг тооцоолсон. Зөвхөн вагон ч биш зүтгүүр, ачиж буулгах машин механизм зэрэг хөдлөх бүрэлдэхүүний асуудал тулгарсан. Гэтэл УБТЗ нийтдээ 1347 хагас вагоны парктай. Үүний 750 нь ТЭЦ-үүдийн нүүрс зөөдөг. Үлдсэн 600 орчим вагон нь орон нутгийн түлээ, мод, арматур төмөр зэргийг зөөдөг. Цаана нь Уул уурхайн бараа бүтээгдэхүүнд вагон өгөх гэхээр хоногт 50-иас илүү вагон өгөх хүчин чадалгүй болсон. Гэтэл 2017 онд орж ирсэн захилагаар хоног болгон 500-600 вагоны захиалга орж ирж байсан. Тиймээс вагон хангалттай нийлүүлж, тээвэрлэлтийн хэрэгцээг хангаж, ашиг орлого олж, хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэх асуудлыг ярилцаж, ОХУ-аас 1000 вагон авах шийдвэрийг гаргасан.

 

-Нэг вагоныг ямар өртгөөр авсан бэ?

 

-Нэг вагон тутам нь  28 сая төгрөгөөр орж ирсэн. Энэ нь шинэ вагонтой харьцуулахад 4 дахин хямд үнэ юм. Тэгэхээр 587 вагоныг оруулж ирэхэд УБТЗ нийтдээ 16.2 тэрбум төгрөг зарцуулсан. Вагонууд орж ирснээс хойш нийтдээ 17 мянга 500 гаруй удаа тээвэрт явж, 1 сая 172 мянган ачаа тээвэрлэж, 16.9 тэрбум төгрөгийн орлого олсон. Цэвэр орлого нь 16.9 тэрбум төгрөг шүү. Тэгэхээр оруулж ирсэн зардлаа аль хэдийн нөхөөд 700 сая төгрөгийн ашиг олсон байна.

 

-Хуучин вагон худалдан авсан шалтгааныг тайлбарлахгүй юу?

 

-Ийм олон шинэ вагон авна гэвэл 16 тэрбум төгрөгөөр ихдээ л 250 вагон л оруулж ирж чадна. Шинийг худалдаж авах хөрөнгө байхгүй тул ийм шийдвэр гаргасан. ОХУ-ын дотоод стандарт нь вагоныг 22 жил ашиглаад хөдлөх бүрэлдэхүүнийг тээврээс хасдаг. Харин манайх 30 жил ашиглаад тээврээс хасдаг. ОХУ өөрсдөө дотооддоо вагон үйлдвэрлэдэг. Үйлдвэрээ дэмжихийн тулд тодорхой хэмжээний бодлого явуулна. Манайх вагоныг эвдрэх хүртэл ашиглах бодлоготой. Тэгэхээр ОХУ-аас оруулж ирсэн эдгээр вагон нь манай Улсын стандартаар 7-10 жил тээвэрт явна гэдгийг мэргэжлийн хүн ч хэллээ, лабораторийн дүгнэлт ч гарсан шүү дээ. ШУТИС-ийн лабораторийн дүгнэлтээс энэ 587 вагоныг 7-10 жил дахин ашиглах боломжтой болохыг тогтоосон. Тэгэхээр монгол Улсын эдийн засагт ихээхэн хувь нэмэртэй юм. Үнэхээр вагон оруулж ирэх шаардлага байсан гэдгийг уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогчдын өгсөн захиалга харуулж байна. Газар дээр нь очоод үзэх хэрэгтэй.

 

-Вагонуудыг оффшор бүсэд бүртгэлтэй компаниар дамжуулж оруулж ирсэн гэх юм?

 

-Энэ асуултад би хариулах боломжгүй. Худалдаж авах, гэрээ хэлэлцээртэй холбоотой асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. УБТЗ-д хуулийн алба гэж байгаа. Тэд хариуцаж байгаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

-Ачаа тээврийн захиалга өгөхөөр вагон хүрэлцэхгүй гэдэг. Тэгсэн хэр нь УБТЗ зарим компанийн захиалгыг байнга аваад байна гэх асуудал яригддаг. Үүнд тайлбар өгөхгүй юу?

 

-Чингэлэг тээвэртэй холбоотой ийм асуудал гарсан болов уу. Тавдугаар сарын эхнээс БНХАУ-аас дамжин орж ирж байгаа импортын чингэлэгийн тээвэр 58 хувиар нэмэгдээд байна. Хэрэгцээ нь маш их нэмэгдсэн. Хоногт 100 чингэлэг байлаа гэхэд бидний буцаан тээвэрлэх чадвар нь 50 байх жишээтэй. Энэ зөрүүнээс шалтгаалаад тодорхой хэмжээний хүлээлт үүсээд байгаа нь үнэн. Үүнийг шийдэхээр БНХАУ-ын төмөр замтай тохиролцон нарийн царигаар хоног болгон Хятадаас зургаан галт тэрэг хүлээн авч байна. Өргөн царигаар 14 галт тэрэг хүлээлгэн өгч байна. Энэ байдлаар цаашид ажил үргэлжилвэл удахгүй асуудал шийдэгдэнэ.

 

-Энэ онд хичнээн тонн ачаа тээвэрлэх захиалга ирээд байгаа вэ?

 

-2018 онд 27 сая тонн ачааны захиалга орж ирсэн байгаа. Үүнээс 24.5 сая тонныг тээвэрлэхээр төлөвлөж байна. Үлдсэн 2.5 сая тонныг тээвэрлэж чадахгүй  вэ гэхээр 587 вагон оруулж ирсэн ч дахиад вагон дутагдаж байгаа учраас бид 63 хувийг л хангаж чадаж байна. Үндсэндээ 587 вагон худалдаж авсан ч 20 орчим хувиар л хангалтыг сайжруулсан. Цаашдаа 1347 вагоноос ашиглалтаас хасагдах болсон нь олон байгаа. Тиймээс парк шинэчлэлт хийх хэрэгтэй бөгөөд 1400 хагас вагон дутагдаж байна гэсэн тооцоо гарсан.  УБТЗ 1347 хагас вагонтой байсан бол 587 вагон нэмж аваад 20 хувиар вагон хангалт сайжирсан.

 

-Манайд ашиглаж буй 1347 вагоны ашиглалтын хугацаа хэзээ дуусах вэ?

 

-УБТЗ-ын 1347 хагас вагоны 402 ширхэг нь 25 жил түүнээс дээш хугацаанд ашиглагдаж байгаа. Үүний 253 вагон нь 25-30 жил ашиглагдсан. Үлдсэн 692 вагон нь 30-аас дээш жил ашиглагдсан вагон байна. Тэгэхээр 1347 вагоны 50 хувь нь ирэх жил актлагдах юм. Сая оруулж ирсэн 587 вагон бүх өртгөө нөхөөд ашиг олоод эхэлчихсэн. Үүнээс олж байгаа орлогоор замаа шинэчлэх, шинэ вагон худалдаж авахаар төлөвлөж байна.

 

-Саяхан вагон замаасаа гарч, осолдсон. Ослын шалтгааныг тогтоосон болов уу?

 

-Мэргэжлийн байгууллага ажиллаж байгаа. Ерөнхийдөө вагоны гэмтэл, техникийн байдал муу, ашиглалтын хугацаа дууссанаас болж вагон осолдоод байгаа зүйлгүй.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зам руугаа ялгадас нь асгардаг вагонаа халаач
2020-03-09
Товгор зураастай вагонаа хадгалаач
2020-03-09
Иргэн:
16,2 тэрбумаар авсан.Цэвэр орлого нь 16.9 тэрбум төгрөг шүү. Тэгэхээр оруулж ирсэн зардлаа аль хэдийн нөхөөд 700 сая төгрөгийн ашиг олсон байна....Энэ хунд эдийн засгийн наад захын ойлголт байна уу?
2018-06-13
Bagi:
Мянганы сорилын сангаас УБТЗ-д $200 сая буцалтгүй( зээл биш )тусламж өгий, Техникийн асуудлаа шийд гэхэд Манай хамтрагч оросууд новширсон доо, одоо Хамтарсан л юм бол хэдэн хуучин вагонуудаа үнэгүй өгчихөж чадахгүй чацга царайлаад... Ашиг олохоор нь ичихгүй хуваалцана гээд чичрээд дайраад л.
2018-06-13
zochin:
aktlalsan nereer ergvvlj nuutsaar ashiglaad tonuulaa hiideg gesen . ih savnii yorool hoosongvi .uchir vildvervvdiin gazariin darga daid boloh gej vhelddegiin nuuts ene buyu . salbariin said ni hamtarch huivaldan shaadag gej baigaa .
2018-06-13
VAGON UGSARHAAR HUUCHIN VAGON AVSANAAS ILUU ORTOGTEI
2018-06-12
ZOCHIN:
40 -50 ch ymuu 100 ch ymuu heseg hesgeer n shiniig jil jild avch boldoggui ymuu .zaaval avbal 1000 aar n esvel avahgui bgaa chini l sejigtei baina.zaaval l dundaas n ym husahgui bol boldoggui boloo bizdee.
2018-06-12