Улаанбаатар
С.Даваасүрэн: Хороо компаниудад засаглалын өндөр шаардлага тавьж байна
6-12

“Компаниуд засаглал сайтай байх нь зөвхөн тухайн компанийн асуудал биш юм. Компаниуд засаглалаа сайжруулснаар тэдний шийдвэр гаргах чадвар нэмэгдэж, удирдлагын мэргэшсэн баг бүрдэн, бизнесийн алсын хараагаа зөв тодорхойлж, компанийн үнэт зүйл, компанийн соёлыг цогцлоож, улмаар нөөц боломжоо бүрэн ашиглаж боломжит хамгийн их баялгийг бүтээж чаддаг. Энэ нь улс орны эдийн засгийн багтаамжийг нэмэгдүүлж, өсөлтийг дэмжиж, өрсөлдөх чадварыг сайжруулж, эрсдэл хямралд өртөх магадлалыг бууруулахын зэрэгцээ ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн асуудлуудыг шийдэхэд ч эерэгээр нөлөөлнө”.

 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн өнөөдөр болсон “Монголын компанийн засаглалын форум 2018”-ыг нээхдээ ийн онцолсон юм. Тэрээр, Компанийн засаглалын кодекс болон холбогдох хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Хороо энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгааг тэмдэглэн, хөрөнгийн зах зээл мэдэгдэхүйц сэргэж, үнэт цаасаа олон нийтэд санал болгож, хөрөнгө оруулалт татах сонирхолтой компаниуд улам нэмэгдэж байгаа энэ үед хувьцаа гаргагчдад засаглалын шаардлагуудыг өндрөөр тавьж байгаагаа дуулгав.

 

Хороо болон Дэлхийн банкны Олон Улсын санхүүгийн корпораци (IFC), “Компанийн засаглалын хөгжлийн төв” ТББ-ын хамтран зохион байгуулсан тус форум нь 2007 оноос хийж буй 10 дахь чуулган юм. Чуулганд Олон Улсын санхүүгийн корпорацийн суурин төлөөлөгч Туен Д.Нгуен, “Компанийн засаглалын хөгжлийн төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал нар үг хэлж, Олон Улсын санхүүгийн корпорацийн Ази, Номхон далайн бүсийн компанийн засаглалын хөтөлбөр хариуцсан тэргүүлэх мэргэжилтэн Ж.Крис Разук үндсэн илтгэл тавив. Ноён Ж.Крис Разук илтгэлдээ компанийн засаглалын асуудлыг хөрөнгө оруулагчийн байр сууринаас өгүүлж, Олон Улсын санхүүгийн корпорацийн өөрийн хөрөнгө оруулалтын багц дахь компаниудын засаглалын судалгаанд тулгуурлан ярьсан ихээхэн сонирхол татахуйц болсон юм.

 

Чуулган “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах нь”, “Компанийн засаглалыг зохицуулагч байгууллагын өнцгөөс харахад” гэсэн гол хэлэлцүүлгүүдээр өрнөсөн юм. Хоёр дахь хэлэлцүүлэгт Хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн панелистаар оролцож, банкнаас бусад санхүүгийн салбарууд, тэр дундаа нээлттэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах, хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагаа, үр дүн болон цаашид баримтлах чиглэлийн талаар дэлгэрэнгүй хариулт өгөв.

Shuud.mn
Сонин хачин