Хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулна
2018-06-13

 

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотод хатуу хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Европын сэргээн босголтын банкны зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

-Энэ үйлдвэр барилгын хог хаягдлыг дахин боловсруулах зориулалттайгаар 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжбайна. Төслийн хүрээнд нийт 14.2 сая евро зарцуулна. Европын сэргээн босголтын банкнаас 4.5 сая еврог буцалтгүй тусламжаар, 9.7 сая еврог зээлээр авах юм хэмээлээ. 

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг хэлэлцжээ. Энэ удаагийн Засгийн газрын санхүүгийн тайланг түүхэндээ анх удаа зөрчилгүй гэж дүгнэсэн байна. Энэ талаар  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Төсвийн санхүүгийн сахилга бат алдагдсаны улмаас Монгол Улс өрөнд орж, нийгэмд шударга бус байдал бий болж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс 2018 онд дахин зөрчилгүй ажиллаж, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх болно. Төсвийн ерөнхийлөн захирагч нар төрийн мөнгөнд өөриймсөг хандах ёстой. Удахгүй Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайланг УИХ-д танилцуулах болно хэмээн онцлов.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин