Спиннингээр давалгаалсан ҮДЭШ
2018-06-13

“Спиннинг давалгаа-2018” гурав дахь жилдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Монголын эргэлтэт дугуйн холбоо,  “Сүлд” спиннинг клубээс уламжлал болон зохион байгуулагдсан спиннинг фестиваль Монгол Улсад эргэлтэт дугуйн спорт эрчимтэй хөгжиж буйн баталгаа болов. Учир нь энэ жилийн давалгаанд Улаанбаатар төдийгүй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг спиннинг клубууд нэгдэж, нэгэн талбайд цугларч, эрч хүчийг мэдрүүлэв. Алс баруун хязгаарын Баян-Өлгий аймгийн Эрч спиннинг, Увс аймгийн Амжилт спиннингээс эхлээд Дарханы MJ спиннинг, Эрдэнэт хотын МАХ спиннинг, Багануурын Ээноо спиннинг, Налайх дүүргийн Налайх спиннинг, нийслэлийн Оюу спиннинг, Happy smile club, Venus спиннинг нэгдсэн нь цар хүрээ улам өргөжин тэлснийг харуулав.

 

 

Үүнээс гадна энэ жилийн фестивалийн оргил үе нь спиннинг хип хоп урсгалыг мэдрүүлсэн мөч байлаа. АНУ-ын Спиннинг хип хоп урсгалын aлдарт багш Keith Тhomphson хүрэлцэн ирж, Монголын спиннингчидтэй нэгдлээ. Тэрбээр Сүлд спиннингийн захирал Г.Мөнхсүлдийн урилгаар “Спиннинг давалгаа-2018”-д оролцож, хип хоп урсгалыг мэдрүүлсэн нь энэ юм.

 

Хөгжмийн нүргээн, гэрэл чимэглэлтэй тайз, 255 дугуй зассан талбай, спиннингээр хичээллэгч, сонирхогчдыг нэгтгэсэн энэ үдэш мөн өөрийгөө ялан дийлэгчид шагналын эзэн болсон юм.  

 

 

Тухайлбал, “Би жингээ хасмаар байна-4” уралдааны ялагчийг энэ үдэш зарлав. 90 кг-аас дээш жинтэй эрчүүдийн дунд өрнөсөн өрсөлдөөний ялагчаар Н.Мянганбуу тодорч, дөрвөн сая төгрөгийн эзэн болов. Тэрбээр анх 149.9 кг жинтэй уралдаанд оролцож, 70 хоногийн хугацаанд 41.4 кг жин хаяж, ялагч боллоо. Харин хоёрдугаар байранд Д.Ганболд орсон байна. Тэрбээр 111.5 кг-аас 81 кг жинтэй болж чадсанаараа удаалжээ.  

 

 

Мөн энэ үдэш бүсгүйчүүдийн “Ladeis-21” уралдааны ялагч тодорлоо. 65-75 кг жинтэй  бүсгүйчүүдийн дунд өрнөсөн уралдааны ялагчаар Х.Заяажаргал тодорч, Iphone Х гар утасны эзэн боллоо. Тэрбээр 21 хоногийн хугацаанд 13.9 кг жин хаяж, шагнал гардав.

 

 

Одоогоос хэдхэн жилийн өмнө Монголд шинэ байсан спиннингийн спорт ийн эрчимтэй хөгжлийн замдаа оржээ. 2015 онд анхны Сүлд спиннинг клуб байгуулагдаж байсан бол өдгөө Улаанбаатар хот, хөдөө орон нутагт цөөнгүй клуб үйл ажиллагаа явуулж байна.

 

“Хамгийн аз жаргалтайгаар жингээ хаях арга бол спиннинг” гэдгийг энэ спортоор хичээллэж үзсэн хүн бүр хэлнэ. Илүүдэл жингээ хаяж, өөртөө итгэх итгэлээ сэргээхээс гадна өөрийгөө стресс бухимдлаас чөлөөлөх боломжийг СПИННИНГ танд олгох болно.

 

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин