Орон нутагт явагдсан томилгоонд олон нийт шүүмжлэлтэй ханддаг
2018-06-13

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэх эсэхийг шийдлээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийг танилцуулсан юм. Тэрбээр:

 

-УИХ-ын даргын захирамжаар  Төвлөрлийг сааруулах эрхзүйн орчныг судалж, санал гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсэг төвлөрлийг сааруулах чиглэлээр өмнө нь авч байсан чиглэлүүдээ Хууль тогтоомжийн хуулийн дагуу төсөл боловсруулан өргөн барьсан. Төвлөрлийг сааруулах бодлого, арга хэмжээний эрч суларч байна. Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо дээд шатны байгууллагын удирдлагуудтай санал солилцон тухайн шатны Засаг дарга томилж байхаар хуулийн төсөлд заасан хэмээлээ.  

 

Уг хуулийн төсөлд зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Би энэ төслийг дэмжихгүй байна.  Судалгаа сайн хийгдээгүй, мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийн аваагүй байна. Хэн томилж, хэн хөрөнгө шийдэж байна, тэнд чих нь онгорхой явдаг. Манайд 94 жилийн түүхтэй цаг уурын байгууллага бид бэхжүүлж, олон улсын түвшинд хүргэх хэрэгтэй. Энэ ажиллаж байгаа 1800 боловсон хүчнийг бэлтгэх гэж маш их цаг хугацаа авсан. Аймаг, орон нутгийн мэдэлд очихоор боловсронгуй болно гэж үгүй. Тэнд явагдсан томилгоонд шүүмжлэлтэй ханддаг шүү” гэсэн бол гишүүн Ж.Энхбаяр “Төрийн байгууллагуудын тогтолцоог дөрөв дэх удаагаа оролдож байна. Төрийн байгуулалтын байнгын хороо тогтолцоо ямар байх хэрэгтэй вэ гэдэг дээр дүн шинжилгээ хиймээр байгаа юм. Баруун, зүүн хоёр тийшээ савсаар  байтал мэргэжилтнүүдийн тогтвортой байдал алдагдсан. Улс төрийн намуудын халаа сэлгээнд төрийн байгууллагууд маш хүчтэй өртдөг болчихсон. Төрийн нэр хүнд нийгэмд унаж байна.  Энэ хуулийн төслийг хойшлуулах нь зүйтэй байна хэмээсэн юм.

 

Ийнхүү уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ус цаг уур, орчны шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  хэлэлцэхийг дэмжсэнгүй. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин