Дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас хоёр аймагт үер буулаа
2018-06-15

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэсээр байгаа юм.

 

Түүнчлэн 06 дугаар сарын 14-ний өдөр буюу өчигдөр Сүхбаатар, Булган аймгуудад хүчтэй аадар бороо орсны улмаас зарим газарт үер буусан байна.

 

 

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өдрийн 15:30-16:00 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас үер болж, тус сумын 04 дүгээр багийн үерийн ус зайлуулах далангийн усанд иргэн Д унасан, мөн 15 өрх айлын гэр, хашаанд ус орсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, 5 автомашинтай ажиллаж, иргэн Д-г уснаас эсэн мэнд гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгч, 23 өрх айлын 86 хүнийг үерт авсан газраас гарган, усыг зайлуулах арга хэмжээ авсан байна.

 

 

Харин Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 20:10-20:40 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас уруйн үер болж сумын төв усанд автаж, үерийн усанд 6 настай хүүхэд осолдож нас барсан байна. Одоогийн байдлаар тус сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн, аймгийн Онцгой байдлын газрын 28 алба хаагч, 5 автомашинтайгаар хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин