Д.Эрдэнэчимэг: Ашиг хүртэгч эздийг ил тод болгох нь олон талын ач холбогдолтой
2018-06-18

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад Монгол улс нэгдээд хэдийн 12 жил болсон бөгөөд энэ  хугацаанд хийгдсэн гол  үйл ажиллаганы үр дүн болоод цаашид ямар алхамууд хийгдэх шаардлагатай тухай Нээлттэй нийгэм форумын менежер, иргэний нийгмийн ТАН эвслийн зохицуулагч Д.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

 

 

-Олборлох үйлдвэрлэлийн мэдээлэл нь ил тод, нээлттэй болохын гол ач холбогдолыг та юу гэж харж байна?

 

-ОҮИТБС нь улс орнуудад ил тод байдлыг хангах замаар сахилга хариуцлагыг төлөвшүүлэх, байгалийн баялгаа оновчтой бөгөөд ухаалгаар ашиглан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, улмаар ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах эцсийн  зорилготой олон улсын санаачилга юм. Ашигт малтмал, газрын тос гэх мэт байгалийн баялаг бол нийтийн  баялаг, нийтийн өмч. Үүнийг ч Үндсэн хуулиар баталгаажуулж, ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байна хэмээн тунхаглсан. Тэгвэл нийтийн өмчийн  эдгээр баялгийг хэн, хэрхэн ашиглаж, ямар  ашиг орлого олж, хэдий хэмжээний татвар, төлбөр хураамж төлж, түүнийг нь юунд хэрхэн зарцуулж байгааг нийт иргэд мэддэг, хяналт тавьдаг, буруу зөрүү шийдвэр, гарсан алдааг залруулахад оролцох  эрхтэй  байх нь зүй ёсны асуудал. Иргэд нийтийн баялагтаа эзэн  байх  энэхүү эрхээ  хэрэгжүүлэхэд хамгийн гол зүйл нь мэдээллийн ил тод байдал юм.  Үүнд л ОҮИТБС-ыг хэрэгжүүлж байгаагийн  ач холбогдол орших болов уу.  Эхэндээ олборлох салбараас улсад төлж байгаа татвар, төлбөр, хураамжийн ил тод тайлагнахаас эхэлсэн энэ үйл явц, улам бүр өргөжинтэлж гэрээний ил тод байдал, энэ салбарт ажиллаж байгаа компаниудын жинхэнэ ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хүртэл хамрах боллоо. Эдийн засгийн хувьд асар их ашиг орлоготой энэ салбарт төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан нөлөөллөө тогтоож, өөрт хамаарал бүхий компаниудад ашигтай шийдвэр гаргаж, давуу байдал олгох магадлал өндөр юм. Ийм хэргүүд ч  байнга гардаг. Тэгэхээр ашиг  хүртэгч эздийн ил тол байдалд төрийн өндөр албан тушаалтнуудын энэ салбар дахь  ашиг сонирхол, хувь эзэмшлийг ил тод болгож, хяналт тавих  боломжийг бүрдүүлэх юм. 

 

-Одоо энэхүү санаачилгын хүрээнд Орон нутгийн удирдлага, компани болон иргэний нийгэм гэсэн 3 талт хамтын ажиллагааг амжилттай  хэрэгжүүлж байгаа сайн туршлага байгаа. Энэ тухайд?

 

-ОҮИТБС нь анхаасаа төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэл,  эрх тэгш оролцоонд тулгуурлан хэрэгжиж ирсэн.  Энэ хамтын ажиллагаа тууштай тогтвортой бөгөөд эрх тэгш байх, ялангуяа шийдвэр гаргахад тэгш оролцох ёстойг ОҮИТБС-ын стандарт шаарддаг, хэрэгжилтийг нь ч үнэлж баталгаажуулдаг. Монгол Улсад ил тод байдлын санаачилгын хэрэгжилтийг хариуцсан тодорхой бүтэц  байдаг нь ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг юм.  Аль аль нь 3 талын тэнцүү тооны төлөөллөөс бүрддэг, тухайн талыг хэн төлөөлөхийг өөрсдөө шийддэг, хамгийн гол нь бүх шийдвэр зөвшилцөлд суурилан гардаг зарчимтай.  Магадгүй иргэний нийгмийн байгууллагууд төр, хувийн хэвшилтэй тэгш оролцоотой, хамтын ажиллагаа тогтоож, тэр нь тууштай хэрэгжиж ирснээрээ  бусад салбаруудад ч үлгэр дууриал болох сайн туршлага гэж  хэлж болох байх. Энэ хамтын ажиллагаанд иргэний нийгмийн байгууллагууд нилээд идэвх санаачилгатай, манлайлах үүрэгтэй оролцдог гэж би хувьдаа боддог. Ер нь анхнаасаа МУ-ыг ОҮИТБС-д нэгдэн орж, хэрэгжүүлж  эхлэхэд  иргэний нийгмийн байгууллагууд голлох нөлөө үзүүлсэн, одоо ч энэ байр сууриа алдаагүй байгаа.  Иргэний нийгмийн санал санаачилгаар хэрэгжсэн олон ажлууд  байдгийг дурдвал ОҮИТБС-ыг орон нутагт сурталчлах, хэрэгжүүлэх,  байгаль орчны нөхөн сэргээлтийн мэдээллийг тайлагнах болсон, гэрээний ил тод байдлыг хангах эхлэл тавигдсан зэргийг хэлж болно.

 

-ОҮИТБСанаачилгад нэгдээд хэдийн 12 жил өнгөрч, тодорхой өөрчлөлт, шинэчлэлийг хийж чадсан. Тэгвэл одоо дараагийн алхам юу байх ёстой вэ?

 

-ОҮИТБС-ын хүрээнд уул уурхайн салбарын  маш олон мэдээлэл ил тод болж, арваад жилийн түүхийг харуулах баялаг  мэдээллийн сан бий болсон. Уншигчид www.eitimongolia.mn гэсэн мэдээллийн сан руу орж харвал МУ-д байгаа бүх тусгай зөвшөөрлүүд, тэдгээрийг хэн эзэмшиж байгаа, ямар хэмжээний олборлолт явуулж, ямар бүтээгдэхүүнийг ямар үнээр борлуулж, улс, орон нутгийн төсөвт хэдий хэмжээний  орлого оруулсан, хандив дэмжлэг өгсөн, олборлолтод хэдэн га газар өртөж, түүнийгээ хэрхэн нөхөн сэргээсэн зэрэг  мэдээллийг жил жилээр, орон нутгаар, тусгай зөвшөөрөл эзэмшигчээр  нь ялган харах  боломжтой.  Одоо дараагийн алхам бол энэ мэдээллийн санг,  жил болгон гардаг ОҮИТБС-ын тайланг хэрхэн үр дүнтэй  ашиглах  вэ гэдэг нь чухал юм. Өөрөөр хэлбэл, эрдэс баялгийн салбарын  бодлогыг тодорхойлох, жил бүр улсын төсөв хэлэлцэж батлах, салбарын  засаглалыг сайжруулах арга хэмжээг оновчтой тодорхойлоход  энд цугласан арвин мэдлэгийн санг ашиглах ёстой.  Нөгөө талаар  улам бүр өргөжин тэлж байгаа ил тод байдлын шаардлага  буюу ОҮИТБС-ын стандартад шинээр орж байгаа  шаардлагуудыг хэрэгжүүлэх асуудал тулгамдаад байна.  Өөрөөр хэлбэл,  эрдэс баялгийн салбарт байгуулагдсан гэрээнүүдийг бүгдийг нь ил тод болгох,  ингэхдээ зөвхөн гэрээ байгуулсан хойноо бус  яриа хэлэлцээрийн шатанд ил тод байдлыг зохих хэмжээнд хангах, мөн  олборлох салбарт ажиллаж байгаа компаниудын ашиг хүртэгч эцсийн өмчлөгчид, тэр дундаа улс төрд нөлөө  бүхий этгээдийн эзэмшлийг ил тод болгох асуудал яг өнөөдөр тулгамдаад байна.

 

-Тэгэхээр гэрээний ил тод байдал гэхээр бизнесийн компаниуд дургүйцэж, бизнесийн нууц зэргээ задруулах нь гэж үзэх хандлага гарахгүй гэж үү?

 

-ОҮИТБС-ын хүрээнд гэрээний ил тод байдлыг шаардах болсноос хойш 2014 онд анх удаа  бүх талуудын оролцоотой уулзалт зохион байгуулсан.  Өөрөөр хэлбэл, төр, компани, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд цуглаж, гэрээний ил тод байдлын асуудлаар ярилцсан гэсэн үг. Тэгээд тэндээс ямар шийдэлд хүрсэн бэ гэхээр нийтийн өмчийн баялаг ашиглахтай холбоотой гэрээнүүд ил тод байх ёстой,  тэгэхдээ аливаа төрийн байгууллагаас хувийн хэвшилтэй байгуулсан гэрээг  эхний ээлжинд ил тод болгоё гэсэн. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас  хуульд заасны дагуу, нийтийн ашиг сонирхолтой  холбоотой асуудлаар байгуулсан гэрээ ил тод байх ёстой гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Хожим Захиргааны ерөнхий хууль батлагдахад энэ зарчим тусгалаа олж хуульчлагдсан. Компанийн нууцын тухайд бүтээгдэхүүн хуваах гэх мэт гэрээнд улсын болон компанийн нууц мэдээлэл тусгагдсан л гэдэг.  Гэхдээ яг нарийн авч үзвэл,  нууц мэдээлэл гэрээний үндсэн текстэд бараг тусгагддаггүй.  Харин гэрээг дагалдан гардаг протокол тэмдэглэл, гэрээний хүрээнд явагдаж байгаа хайгуул, судалгааны ажлын тайлан мэдээлэлд ч тэдгээр ннуц мэдээлэл байдаг.  Иймээс гэрээг ил тод болголоо гээд компанийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх хэмжээний техник технологийн нууц алдагдах эрсдэл харьцангуй бага.  Монголд л нууц гээд байгаа зарим гэрээнүүд аль хэдийнээ олон  улсад интернэт орчинд ил тод  болсон л байдаг. Тэглээ гээд гомдол маргаан гараагүй байна. 

 

-Ашиг хүртэгч эздийн тухай асуудлыг сүүлийн үед ихээхэн ярих болж. Ашиг хүртэгч жинхэнэ эздийг ил болгох нь улс төр, нийгэм, эдийг засгийн хувьд ямар ач холбоглолтой вэ?

 

-Жил бүр дэлхий даяар хэдэн мянган компани шинээр бүртгүүлж, нэгдэж нийлэх замаар өөрчлөгдөн байгуулагдаж байдаг. Гэхдээ дийлэнх тохиолдолд тэдгээрийг яг хэн өмчилж, бас удирдаж, тэр хэмжээгээрээ ашиг орлогыг нь хүртэж байгааг мэдэх боломжгүй байдаг.  Чухам энэхүү компанийн өмчлөгчийн "нууц"байдал нь араасаа олон эрсдэл дагуулж байдаг бөгөөд эдгээр "нууц"компаниудаар дамжин хийгдсэн гүйлгээ, хууль бус хэлцэл, авлигын улмаас дэлхийн  хөгжиж буй улс орнууд жил бүр 3 их наяд орчим доллар алдаж байдаг талаар Олон улсын санхүүгийн шударга байдлын тайланд дурдсан байдаг. Мөн 2016 оны эхээр нийтлэгдсэн Панамын баримт бичиг нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлига  болон “нууц” компанийг ашиглан мөнгө угаах, татвараас зайлсхийх үйлдлийг хэрхэн нуун дарагдуулдаг болохыг дэлгэн харуулсан.

 

Эрдэс баялгийн салбарт ч энэхүү компанийн өмчлөгчийн “нууц” байдал нь тулгамдсан асуудлын нэг болоод байна. Нийтийн  өмч болох байгалийн баялгийн үр шимийг иргэд хүртэх учиртай боловч эдийн засгийн хувьд асар их ашиг орлоготой энэ салбарт төрийн албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан нөлөөллөө тогтоож, өөрт хамаарал бүхий компаниудад ашигтай шийдвэр гаргаж, давуу байдал олгох магадлал өндөр юм. Тийм ч учраас  ашигт малтмал, газрын тосны нөөц ашиглах эрхийг чадавхгүй бөгөөд хариуцлагагүй, үр шимийг нь ард иргэдэд хүртээх хүсэл зориггүй, жинхэнэ өмчлөгчөө нууцласан халхавч компаниуд эзэмшиж байх нь түгээмэл. Тухайлбал, Конго Улс л гэхэд компаниудын гинжин хэлхээгээр халхлагдсан "нууц"өмчлөгч бүхий оффшор компаниудтай гэрээ байгуулснаараа 2010-2012 онд газрын тосны томоохон 5 ордооосоо 1,6 их наяд доллар алдсан тухай баримт судалгаа бий. Иймээс олон улсад авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хүрээнд улс төрд нөлөө бүхий этгээдтэй холбоотой санхүүгийн гүйлгээнд тавих олон нийтийн хяналтыг чухалчлан авч үзэх болжээ. 

 

Ашиг хүртэгч эздийг ил тод болгох нь улс орны засаглал, эдийн засгийн чадавх, тогтвортой хөгжил, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой болгохоос гадна эрдэс баялгийн төдийгүй бус салбарт үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдэд олон чухал үр нөлөө үзүүлэх юм. Үүнд:

 

  • Төрийн өндөр албан тушаалтнуудын уул уурхай, газрын тосны салбарт эзэмшиж буй хөрөнгө, хувь эзэмшлийг ил тод болгосноор эрх мэдлээ ашиглан нийтийн баялагт шударга бусаар нөлөөллөө тогтоон үндэслэлгүйгээр хөрөнгөжих явдлыг хязгаарлана.

 

  • Авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн албан хаагчдаас ирэх хууль бус дарамт шахалтыг таслан зогсоосноор тусгай зөвшөөрөл, гэрээ хэлэлцээр, хяналт шалгалтын тогтолцоо эрүүлжиж, бизнесийн орчин  сайжирна.  

 

  • Ил далд данс тооцоо хөтлөлт, авлига хээл хахуулийн замаар улсын төсөвт төлөх орлогын хувь хэмжээгээ бууруулах зэрэг зохисгүй хандлагыг арилгаж, хамаарал бүхий компаниудын  хоорондох бүртгэлгүй мөнгөн урсгалыг хязгаарласнаар төсвийн орлого нэмэгдэж, улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

 

  • Ийнхүү нийгмийн үйлчилгээ, дэд бүтцийн чанар, хүртээмж сайжирч, ажлын байр, өрхийн орлого нэмэгдсэнээр иргэн  бүр  байгалийн баялгийнхаа үр шимийг хүртэж, тэгш хуваарилалт хангагдана. 

 

  • Хамаарал бүхий компаниудын гинжин хэлхээний ард нуугдсан “нууц” эздийг ил тод болгосноор шударгаар ажиллаж буй компаниуд яг хэнтэй бизнес хийж байгаагаа мэдэх боломжтой болж, хууль бус үйл ажиллагаанд холбогдсон, улс төрчдийн халаасны компанитай бизнесийн харилцаанд орж, эцэст нь хуулийн хариуцлагад татагдаж, хөрөнгө санхүү, нэр хүндээрээ хохирох эрсдлээс хамгаалагдана.

 

  • Бизнес, санхүүгийн харилцааны эрсдэл буурч, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал хангагдаж, улс орны өрсөлдөх чадвар дээшилснээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, салбарын хөгжлийг хангахад хувь нэмэр оруулна.

 

ЭХ СУРВАЛЖ: "ӨНӨӨДӨР" СОНИН

Shuud.mn
Сонин хачин
dsn:
deer bgaa erh darhtnuud bugd ezed mun , hudlaa yrisan shunaltguud mun.
2018-06-18
dsn:
deer bgaa erh darhtnuud bugd ezed mun , hudlaa yrisan shunaltguud mun.
2018-06-18