Парламент “биеэ засаад”, завгүй
2018-06-18

 

Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлснөөр парламентад нэг суудлын орон гарлаа. Иргэн Д.Гантулгын тухайд өөрт холбогдол хэргийг шүүхээр шийдүүлэн, үнэн зөвөө тогтоолгох биз. Харин энэ парламент орон гарсан суудлаа нөхөхөөр сонгууль зарлах болж байна.  Тиймээс түүний сонгогдсон  Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явагдах нь тодорхой боллоо.  Сонгуулийн тухай хуулиар:

 

  • 52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн нас барсан, түүнчлэн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна.
  • 52.3.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр Улсын Их Хурлын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна.

 

Тиймээс УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө  УИХ-ын нөхөн сонгууль явуулах хугацааг зарлах юм. Харин Сонгуулийн  хуулийн 20.1-д “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана” гэж заасан байдаг.

 

Нөхөн сонгуулийн хугацаа зарлагдсанаар СЕХ бэлтгэл ажилдаа орно. УИХ хаврын чуулганаар гарсан суудлын нэг оронгоо намрын чуулганаар нөхөх бололтой.  Нөхөн сонгууль улс төрийн хүчнүүдээс хэн хэн нэр дэвших, аль нам нь парламент дахь суудлаа нэгээр ахиулах, эсвээс нөхөхийг сонгуулийн санал хураалтын дүн, хийгээд Хэнтийн сонгогчдын сонголт шийдэх юм.  

 

Парламентын гишүүдэд холбогдох асуудал үүгээр дуусахгүй. Өнгөрсөн долоо хоногт нэг гишүүнээ өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн УИХ энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ.  Парламентын эмэгтэй гишүүдийн санал тавьсаны дагуу “Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэсэн УИХ-ын шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан. Нэгэнтээ Д.Гантулга нь хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тул Д.Муратад холбогдох асуудлыг хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн хориг гарсантай зэрэгцээд Д.Мурат гишүүнийхээ хувиар  “Би хэргээ шалгуулчихаад буцаад ирнэ” гэсэн тайлбарыг хэвлэлээр мэдээлсэн. Хэрэвзээ шүүхээр Д.Мурат гэм буруутай нь тогтоогдож, шийдвэр гарвал өөрийнх хүсэлтийг харгалзах байтугай УИХ-д  ч хамааралгүйгээр гишүүнээс нь эгүүлэн татна.  Харин түүнд холбогдох асуудал шүүхээр шийдвэрлэгдэх хүртлээ хэр хугацаа шаардагдахыг  таашгүй.


Энэ парламент нэг асуудал нь шийдвэрлэгдэж дуусаагүй байхад дараагийн асуудал нь босч байна. Нэр бүхий гишүүд АТГ-т дуудагдан мэдүүлэг өгч, шалгагдаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Л.Оюун-Эрдэнэ гишүүнд АТГ-д дуудагдаж, мэдүүлэг өгснийхээ дараа сэтгүүлчдэд мөн л мэдээлэл хийж” “АТГ-ынхан нээлттэй сонсгол явуулсан асуудлаар мэдүүлэг авч байгаа хэрнээ “60 тэрбум”-ын асуудалд таг чиг  байна. УИХ-ын дарга М.Энхболд “60 тэрбум”-ын асуудлаа шалгуулах хэрэгтэй. Энэ асуудлыг шалгуулах хүртэл УИХ-ын хуралдаанд оролцохгүй” хэмээв.  УИХ-ын даргын эсрэг байр сууриа илэрхийлж болох ч чуулганы хуралдаанд оролцохгүй гэдэг нь  энэ парламенттай тэрсэлдэж байгаатай агаар нэгэн, уг нь. Л.Оюун-Эрдэнийн хуралдаандаа оролцохгүй гэж шийдэл түүний хувь гишүүний байр суурь бус “дээрээс  өгөгдсөн даалгавар” гэдгийг ажиглагчид хэлж байна лээ.

 

Парламент дахь үнэмлэхүй олонх эрх баригч хүчин МАН-ын дотоод хагарал  задралаар үргэлжлэх эсэхийг таашгүй. Зүүний хүчний холбоо буюу МАН-ын дарга У.Хүрэлсүхийн, хотын фракц буюу УИХ-ын дарга М.Энхболдын талынхны хоорондох дажин ирэх өдрүүдэд хүчтэй үргэлжлэх нь.

 

Уг нь УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, гишүүдийн ёс зүй хариуцлагыг сайжруулах талаар хоёр ч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлж байгаа. Тэр дундаа чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүдийн идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор "УИХ-ын чуулганы хуралдаандаа суухгүй байгаа гишүүдийг эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авах"-аар төсөлд тусгасан байна лээ. Хаврын чуулганаар энэ хууль батлагдвал хуралдаандаа суухгүйгээ мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнэ гишүүн эгүүлэн татагдах хүртэл арга хэмжээ авагдахаар болно. Ам алдвал буцаж болдоггүй гэдэг ч асуудлаа эрхэм гишүүн мэдэж байгаа биз.  

 

Сонгогчдыг төлөөлж УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод хууль боловсруулах үндсэн ажлаа хийж, хуралдаандаа суухгүй хувийн ажлаа хөөцөлдөөд алга болчихдог эрхмүүд аль ч парламентад байдаг. Төрийн ажлыг хийдүүлж, хувийн компаниа өргөтгөж байгаа төрийн түшээдийг эгүүлэн татаж, "ажилчдынхаа цагийг бүртгэх" ажилд нь буцаан татчих хэрэгтэй шүү дээ, ер нь. 

 

Ийнхүү хэрэгт холбогдсон нэг гишүүн нь чөлөөлөгдөж, дараагийн гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэх гээд өөрсдийн асуудлаа хэлэлцэн,  “биеэ засах” гэж чармайгаад, завгүй байсаар хаврын чуулган хаалтаа хийх нь.

 

Зуны сард дундаа орсон энэ өдрүүдэд байтугай ирэх хоёр жилдээ ч энэ парламентаас, эрх баригчдаас их бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлтийг нэхээд шаардлагагүй, амны гарз биз ээ.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин