Пянзан "РЭД" альбом
2018-06-18

 

Пянз гэрийн тавилга, ханын чимэглэл биш. Пянзыг зүгээр л тоглуулагч дээр нь тавиад дуугаргах ёстой. Түүний зурагдсан тоогоор хэр олон удаа эгшиглүүлсэнийг эсвэл эзэн нь уг пянзанд бичигдсэн уран бүтээлд хэр их дуртай, хайртай болохыг тодорхойлж болно.

 

 

1984 онд хамгийн сүүлийн Монгол уран бүтээлчдийн пянз ЗХУ-д хэвлэгдсэн гэдэг. Тэгвэл түүнээс хойш Монгол пянзны тэсрэлтийг “Лемонс”-чууд эхэллээ. Уг нь хэдэн жилийн өмнө “Хурд” хамтлаг алтан пянз гаргасан л даа. Алтаар хийсэн өндөр үнэтэй пянзыг үнэнч фэнүүд нь эрэл сурал болж авдаг гэсэн.

 

Ихэнх хамтлаг, уран бүтээлчид арав, хорь гэх мэт тэгш ойдоо зориулан тоглолт хийдэг бол тэд арваннэгэн жилийн ойгоо хийж байсан. Өчнөөн олон сонсогч фенүүдийнхээ голыг “ёоонк” хийтэл гонсойлгон таван зуухан хүний суудалтай Дуурийн театрт анплагед тоглолтоо ганцхан удаа тоглосон. Барууны хамтлагууд шинэ уран бүтээлээ техник технологийн оргилд хүрсэн шинэ форматаар гаргахаар бөөн юм болдог бол тэд арван хэдэн жилийн өмнөх “Рэд” цомгоо пянз болгон гаргаж байна. Өмнөх дөрвөн цомогт орсон дуунуудаасаа бүтсэн “Greatest Hits” гаргаж болох л байлаа. Гэтэл тэгсэнгүй гэж бодох хүмүүс надаас эхлээд байж л байна. Лемонс их “гажиг” менежменттэй хамтлаг.

 

Сар гаруйханы өмнө “Рэд” цомгийн промо-винилтэй танилцах боломж тун цөөхөн тооны хөгжим сонсогчдод олдсон юм. 1990 оноос өмнө манай уран бүтээлчид пянзаа улсын хөрөнгөөр бичүүлдэг байсан. Ямар дуу бичүүлэх, хэн дуулах вэ гэдгийг уран бүтээлч өөрөө биш Соёлын яам, МАХН-ын Төв Хорооны үзэл суртал, урлаг хариуцсан албан тушаалтнууд шийдэж, дууны үг бүрийг нэг бүрчлэн шалгаж, хянадаг байсан нь тодорхой. Хичнээн их шалгасан ч “Мелодия”-ийхан “Соёл-Эрдэнэ” хамтлаг, “Баян Монгол” чуулгын пянзнуудыг гаргахдаа зургийг нь сольчихсон л байгаа юм. Өнөөдөр энэ байдал орвонгоороо өөрчлөгдөж, хүний үзэл бодол, хүсэл эрмэлзлэлийг хаадаг тэр үе ард хоцорчээ, хүнд хэцүү цагийг халахад архаг пянз цуглуулагч ах нарын оролцоо байсан гэсэн бодол тэгэхэд төрсөнийг нуух нь илүүц биз.

 

Лемонс хамтлагийн хамгийн анхны хит “Хайртай” дуу “Рэд” цомогт байдаг. Энэ дууг пянзаар сонсоно гэж би лав зүүдлээгүй. Монголын анхны панк рок “Мэлхий гүнж”, “Элэг бөөр” зэрэг сагсуу мэт боловч үнэн үгтэй дуунууд ч багтдаг. Өөр гоё гоё дуунууд ч байгаа.

 

Та яг одоо хай-фай, эсвэл оранж хөгжмийн дэлгүүрүүдэд очоод “Рэд” альбом байна уу үз. Байхгүй, олохгүй. Харин удахгүй дээр нэрлэсэн дэлгүүрүүдэд “Рэд” альбом пянз болчихсон харагдах болно.

 

Эрээд олдохгүй эрдэнэ болсон “Рэд” альбом нэрээ дагаад ув улаан өнгөтэй байгаасай. Эгнүүлж өрсөн пянзнууд дундаас эрж олоход амар хавтастай байгаасай. Нээлтээ хийхдээ хямдралтай худалдаасай, хэдийг авчихаад гадаад, дотоод найз нартаа гайхуулж бэлэглэх юмсан.

 

“Гажиг” менежменттэй хамтлагийнханд дургүй байх аргагүй ээ.

 

Гамбино

 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарна уу

Shuud.mn
Сонин хачин