Орос улс ДАШТ-ээс 233 тэрбум рублийн ашиг олно гэж тооцоолжээ
2018-06-18

Олимп, хөлбөмөгийн ДАШТ, универсиад гээд спортын томоохон наадмууд хаана ч зохиогдсон бай зардлаа нөхдөггүй гагцхүү улс орны нэр хүнд л өсдөг гэж үздэг. Харин ОХУ-ын Засгийн газар ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулснаар ашиг орлого олно гэж үзэж байгаа юм. 

 

 

ДАШТ-ийг зохион байгуулахад 634 тэрбум рубль зарцуулсан бол 867 тэрбум рубль олж, 233 тэрбумын рублийн цэвэр ашигтай болно гэж тооцоолжээ.

 

Түүний зэрэгцээ жуулчдын урсгал нэмэгдэж, ДНБ өснө гэж тооцоолж байгаа юм.

 

Жуулчдын тоон үзүүлэлтийг тасалбар борлуулалтаас багцаалж болно. ДАШТ-ий тасалбар өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн худалдаалагдсан бөгөөд тэмцээн эхлэхээс 7 хоногийн өмнөх байдлаар 2.4 сая тасалбар борлуулагджээ. Тасалбар худалдан авсан дүнгээр дараах 10 орон тэргүүлж байна.

 

  1. Орос — 871 797
    2. АНУ — 88 825
    3. Бразил — 72 512
    4. Колумб — 65 234
    5. Герман — 62 541
    6. Мексик — 60 302
    7. Аргентин — 54 031
    8. Перу — 43 583
    9. Хятад — 40 251
  2. 10. Австрали — 36 359
  3.  

FIFA-ийн мэдээлснээр 2010 оны  ДАШТ ӨАБНУ-д зохиогдоход тус улсад 309 554 гадаадын  жуулчин ирж, тус улсад 480 сая орчим ам.долларын орлого оруулсан гэнэ. Өөрөөр хэлбэл нэг хөгжөөн дэмжигч дунджаар 1550 ам.доллар зарцуулжээ.

 

Харин ОХУ-ын тухайд энэ улсад 11 хотод ДАШТ явагдах бөгөөд зөвхөн Оросын нийслэл Москва хотод гэхэд нэг жуулчин өдөрт 6500 рубль буюу 250 гаруй мянган төгрөг зарцуулахад бэлэн байгаа гэж хотын захиргаанаас тооцоолсон байна. Москва хотод 500 мянган хүн зочилно, жуулчин бүр хотод дунджаар гурав хонож, улмаар нийслэлд 9.75 тэрбум рубль үлдэнэ гэж тооцоолжээ. Үүн дээр нэмээд тасалбар борлуулалтын үнийн дүнгээс 400 сая рубль хотын төсөвт орох юм байна.

 

“ДАШТ дэлхий дахины анхаарлыг Москва руу хандуулж байна. Москвагийн талаар ярьж, бичиж, дүрс бичлэг ч авна. Ингээд үзэхээр Москваг чиглэх жуулчдын урсгал 10 хувиар нэмэгдэнэ гэж би тооцоолж байна” хэмээн Москва хотын дарга Сергей Собянин мэдэгджээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин