Бэхэлгээгүй хөндлөвч төмөр хүүгийн аминд хүрчээ
2018-06-19

Арван нэгэн настай хүү хөлбөмбөгийн хаалганы төмөрт даруулж, амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус мэдээллийн мөрөөр бид сурвалжиллаа.

 

 

Өчигдөр буюу зургаадугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн IX хороонд байрлах 79 дүгээр сургуулийн талбайд уг харамсалтай хэрэг гарчээ. Бидний очиход сургуулийн баруун талд байрлах хөлбөмбөгийн талбайг битүүмжилсэн байдалтай, ойр орчимд хүүхдүүд тоглож байлаа. Хэрэг явдлын талаар тус сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ болон манаачаас тодруулах гэсэн ч тэд тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.

 

Тус талбай нь 2012 онд ашиглалтанд орсон бөгөөд засвар хийх гэж байсан талаар сургуулийн багш нар ярилаа.

 

 

Амьсгалж байна гэж бодсон

 

Харин тус хэргийг харсан хоёр хүүхэд бидэнд ийм мэдээлэл өглөө. Тэд хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр өмнө нь олон удаа унаж байсныг хэллээ. Тэд үргэлжлүүлэн “Талбайд 19 цагийн үед зургаан хүүхэд хөл бөмбөг тоглож байсан. Жаахан охин хаалганаас зүүгдэж байгаад татаад унагаацан юм шиг байна лээ.

 

Тэр хүүхдийн хамарнаас цус гоожсон байсан. Бид танил ахдаа хэлж, тусламж дуудсан. Тэгээд гэрийнхэнд нь хэлэхээр гүйсэн. Эмээд нь хэлчихээд талбайд ирэхэд аль хэдийнэ нас барчихсан, эмнэлэг цагдаагийнхан ирчихсэн байсан. Эхлээд харахад амьсгалж байна гэж бодсон. Дотуур цус алдсан гэх томчуудын яриаг сонссон” хэмээн үйл явдлын талаар ярилаа.

 

 

Сургуулиас бидэнтэй холбогдоогүй

 

Ийнхүү ярьсан хүүхдүүдээр замчлан, бид талийгаач хүүгийн гэрт нь очлоо. Гэвч тодорхой мэдээлэл өгөх хүн байгаагүй бөгөөд бид хүүгийн эгч Д.Алтантуяатай холбогдож, шүүх эмнэлэгт уулзлаа.

 

Тэрбээр “Намайг очиход дүү маань эмнэлгийн машинд байсан. Шүүх цагдаа болон эмнэлгийнхэн  ирчихсэн  маш олон хүмүүс зогсож байсан. Эргэн тойронд их хэмжээний цус болсон байсан.

 

Дүү маань аав, эмээ, эгчтэйгээ амьдардаг. Би бага байхаас нь өсгөсөн.

 

Хэрэг гарснаас хойш сургуулиас нэг ч удаа холбоо бариагүйд гомдолтой байна. Эмнэлгээс хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө гэсэн. Шүүх эмнэлэг болон цагдаагийн байгуулагын зүгээс хэрэгтэй гэсэн бүхий л арга хэмжээг авна гэдгээ хэлсэн.

 

Бид энэ талаар хүүхдийн эрхийг хамгаалах бүхий л байгууллагад хандаж, шийдвэрлүүрэх болно” гэлээ.

 

Б.Солонго

Г.Ногоондарь

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
iim hund tumruur haalga hiij bdag, tegeed gazartai behleegui bdag, yasan ch setgelgui erguu malnuud bdgiin be,odo orchinued chini hungun zuulun mash olon turliin material bdag bolson sh de, ork setgegeeneese salaachee, hund tumruus uur yummedehgui malnuud
2018-06-19