Хөдөлмөрлөхөд дипломоос илүү УР ЧАДВАР чухал
2018-06-19

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Германы эдийн засаг хөгжлийн яамтай хамтран “Мэргэжлийн боловсрол сургалт-Ажилсаг Монгол” үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 18-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж  байна. Зөвлөлгөөний хүрээнд МСҮТ-үүд “Мэргэжил бүхэн сайхан” хамтарсан өдөрлөгийг Сүхбаатарын талбайд өнөөдөр /2018.06.19/ зохион байгууллаа.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Энэхүү өдөрлөгт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Барилгын политехникийн коллеж, Монгол Солонгосын хамтарсан МСҮТ, УБТЗ-ын харъяа МСҮТ болон Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймагт үйл ажиллагаа явуулж буй МСҮТ-ийн багш, оюутнууд оролцож байна.

 

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд 2018-2019 оны хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлжээ.

 

ШУТИС ҮТС-МСҮТ:

  • Модон эдлэлийн мужаан – 1 жил
  • Канад барилга угсралтын мужаан – 1 жил
  • Ойжуулагч – 1 жил
  • Суурь машинч, тохиргоочин – 2.5 жил
  • Нарийн мужаан – 2.5 жил зэрэг мэргэжлээр элсэлт авч байгаа юм байна.

 

Элсэгчид суурь боловсрол ба бүрэн дунд боловсрол эзэмшсэн, ес болон арваннэгдүгээр анги төгссөн залуучууд байх ба сургалтын дараа бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон мэргэжлийн үнэмлэхтэй төгсөх аж. Энэ МСҮТ нь үнэ төлбөргүй.

 

“Их засаг” МСҮТ нь Их засаг олон улсын их сургуулийн ректор доктор, профессор Н.Ням-Осорын санаачлагаар 2007 онд байгуулагджээ. Энэхүү МСҮТ нь нэг жилийн хугацаатай сургалтандаа боловсролын түвшин харгалзахгүй хамруулдаг бол ЕБС-ийн есдүгээр анги болон арванхоёрдугаар анги төгсөгчид 2.5 жил суралцаад мэдээлэл технологийн салбар, хөдөлмөрийн зах зээлд ажиллах боломжтой юм байна. Мөн энэхүү сургалтын төвийн онцлог нь БНСУ-ын Кён-Ин их сургуулийн коллежтой хамтран 2.5 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг аж. Тухайлбал ЕБС-ийн есдүгээр анги төгсөгчид хэвлэлийн график дизайнч, хувцас дизайн, үсчин, зочид буудал, зоогийн газрын үйлчилгээний ажилтан зэрэг мэргэжлээс сонгон 2.5 жилээр ИЗМҮСТ-д суралцана. Ингэхдээ нэг жил Монголд суралцаад хоёр дахь жилээс БНСУ-ын Кён-Ин эмэгтэйчүүдийн их сургуулийн коллежид элсэн суралцах боломжтой юм байна. Үлдсэн хагас жилийн сургалтаа Монголдоо үргэлжлүүлэн мэргэжлийн боловсролын үнэмлэхтэй, БНСУ-ын коллежийн дипломтой төгсөх боломжтой. Энэхүү МСҮТ-ийн нэг жилийн сургалтын төлбөр 400 мянган төгрөг аж.

 

Харин “Аялал жуулчлалын ур чадварын мэргэжлийн сургууль нь нэг жилийн хөтөлбөрийн сургалт болон богино хугацааны сургалтаар мэргэжилтэн бэлтгэдэг байна. Нэг жилийн сургалтын хөтөлбөрөөр зочид буудал, жуулчны баазын үйлчилгээний ажилтан, хоол үйлдвэрлэл, тогооч, зөөгч, бармен болох боломжтой. Эдгээр мэргэжлээр бүрэн дунд боловсролтой иргэд элсэх боломжтой юм.

 

Тус МСҮТ-ийн 2017 оны төгсөгч өдгөө “Bly Sky” зочид буудалд нарийн боовны тогоочоор ажилладаг байна. Тэрбээр “Манай сургууль нь Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын албан ёсны буюу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн боловсрол олгох сургалтуудыг явуулдаг. Танхимийн хичээл болон ажлын байрны дадлага хийлгэдэг. Миний хувьд оюутан байхдаа “Bly sky” зочид буудалд дадлага хийж байсан учраас төгсөөд ажлын байр бэлэн байсан” гэж ярилаа.

 

 

Говь-Алтай аймаг дахь МСҮТ-ийн үйл ажиллагааны талаар тус төвд 23 жил ажиллаж буй багш Н.Сугараас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Танай аймгийн МСҮТ хэдэн онд байгуулагдсан, өнөөдрийн байдлаар хичнээн сурагцагчтай үйл ажиллагаа явуулж байна вэ?

 

-Манай МСҮТ 1963 онд байгуулагдсан одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Өмнө нь Техник мэргэжлийн сургууль гэж нэрлэгдэж байгаад 1992 оноос МСҮТ болон хөгжсөн. Нийтдээ 520 орчим хүүхэд суралцдаг байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард 200 орчим суралцагч төгссөөд 300 орчим сурагчтай үйл ажиллагаа явуулж байгаа. Элсэлт ирэх жил нэмэгдэх хандлагатай байгаа.

 

-Элсэлт, сургалтын хөтөлбөрийн талаар сонирхуулахгүй юу?

 

-Манайх элсэлт авахдаа 1-2.5 жилийн хугацаатай сургалтын хөтөлбөрөөр авдаг. Тодруулбал 2.5 жилийн сургалтад есдүгээр анги төгссөн хүүхдүүд элсэх боломжтой. Элсэгчид төгсөхдөө арванхоёрдугаар анги төгссөн гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхтэй болж төгсдөг. Харин нэг жилийн анги нь тухайн хүн сонирхсон мэргэжлээрээ суралцдаг. Зах зээлд эрэлттэй байгаа мэргэжилд тулгуурлан жил бүр аймгийн хэмжээнд элсэлт явуулж байна.

 

-Хичнээн мэргэжлээр оюутан элсүүлдэг вэ?

 

-Барилгын засал, чимэглэлч, гоо засалч, цахим тоног, төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан зэрэг 20 мэргэжлээр элсэлт авч байна. Барилгын засал чимэглэлийн ажлыг хэрхэн хийх ёстой вэ гэдгийг ур зүй чадамжийг бүрэн эзэмшиж гардаг. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрөөр явдаг. Тухайн хүн чадвартай болж төгсдөг.

 

-Төгсөгчдөө ажлын байраар хангадаг уу?

 

-Компаниудын захиалгаар ирсэн хүүхдүүд тухайн компанидаа ажилд орчихдог. Өөрийн сонирхлоор суралцаж байгаа хүүхдүүд хувиараа бизнес эрхлэх сонирхолтой байдаг. Манай сургалтын төвийн хүнд машин механизмийн операторчны анги төгссөн хүүхэд Оюутолгойд ажиллаж байна. Мөн Говь-Алтай аймаг дахь хүдрийн уурхайд энэ ангийг дүүргэсэн хүүхдүүд 100 хувь ажилтай болж байгаа.

 

-Та багш хүний хувьд их дээд сургууль, МСҮТ төгссөн хүүхдүүдийн хөдөлмөрийн чадварыг хэрхэн үнэлдэг вэ?

 

-МСҮТ төгссөн ч дахин их, дээд сургууль төгссөн хүүхдүүд байдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр гарахад дээд сургуулийн диплом нь биш МСҮТ-д эзэмшсэн ур чадвар нь амьдралд хэрэг болж байгаа тохиолдол байна. Тухайлбал манай сургалтын төвд үсчинээр төгссөн шавь маань бий. Тэр МСҮТ-өө төгсөөд дараа нь СУИС-ийг төгсөөд Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгад хөгжимчнөөр ажиллаж байсан ч цалин мөнгө нь бага учраас ажлаасаа гараад үсчин хийсэн. Одоо тэгтэл өөрийн гэсэн үсчины салонтой болчихсон ажиллаж, амьдарч байна. Амьдрал дээр МСҮТ-ийн хүүхдүүд амьдрах чадварыг сайн эзэмшсэн байдаг.

 

 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Манайд Улсад өнөөдөр ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их, дээд сургуульд орж байна. Дээд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна. Сургуулиа төгсчихөөд зах дээр бараа зарж, ченж хийж байдаг. Гэтэл үйлдвэрлэл, технологийн газрууд мэргэжилтэй ажилтан авах гэхээр гагнуурчин, барилгачин, тоосгочин зэрэг мэргэжилтэй ажилтнууд дутаад байна. Манайд нарийн мэргэжлийн малчин, саальчин, гахайчин, тахиачин ч алга. Тиймээс “Мэргэжлийн боловсрол-Ажилсаг монгол” хөтөлбөрийн хүрээнд Германы Элчин сайдын яамтай хамтран 80 хүүхдэд Герман хэлний хичээл заалгаад, мэргэжлийн сургалтын дадлага хийлгэж байгаа. 2030 он хүртэл 30 мянган хүүхдэд мэргэжлийн боловсрол олгохоор ажиллаж байна” гэсэн юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хуучин нийгмийн үед 6 дээд сургуультай болоод л байсан, одоогийн энэ олон мөнгө хүүлсэн дээд сургуулиудыг татан буулгах хэрэгтэй, бид баялаг хүтээж хэмээн хүн ардын амьдрал ахуй дээшилж улмаар Эх орноо хөгжүүлнэ.
2018-06-19