Парламентын "хэт халуурал"-тай өдрүүд
2018-06-22

 

Хаврын чуулган ирэх баасан гаригт завсарлана. Тиймээс ч энэ өдрүүдэд парламен цаг сунган хуралдаж,  хууль, тогтоолын төслүүдээ хэлэлцэж байна. Өчигдөр гэхэд 22.00 цаг хүртэл хуралдаж,   20 гаруй асуудлыг хэлэлцлээ.

 

Хавар, намрын аль ч чуулганы хугацааны эхэнд УИХ-ын чуулган хуулийн асуудал орж ирээгүй л бол цаг сунган хуралдаад байдаггүй. Энэ хаврын тухайд нэр бүхий УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх прокурорын санал хоёр ч удаа тавигдаж, парламент хуулийн хугацаанд нь хариу өгөхөөр  хэлэлцсэнийг эс тооцвол, улс орны нийгэм эдийн засгийн чухал асуудал яаралтай дэгээр хэлэлцэгдээгүй. Ер нь  УИХ-д өргөн баригдсан хууль тогтоолын төслүүд батлагдах явцдаа янз бүрийн цаг хугацааны хайчилбартай тулж байгаа. Тухайлахад, чуулгантай зэрэгцэн хаврын дунд сард өргөн баригдсан Хүүхдийн мөнгө тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх тухай Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл, Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг парламент хоёр сар дуншуулж, зуны тэргүүн сард, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн өмнөхөн цаг хугацааны хайчилбарт шахагдан баталсан.  Ерөнхийдөө, хүүхдийн мөнгө олголтын хамрах хүрээг нэмэгдүүлэх гэж парламент 60 орчим хоног улстөржиж,  өрхийн мэдээллийн санд бүртгэл хүүхдүүдийн 80 хувьд олгох эрх баригчдын  төсөл дэмжигдсэн.

 

Тэгвэл зарим хуулийн төсөл өргөн УИХ-д өргөн баригдаад шууд л парламентын босгыг давж, хэлэлцүүлгүүдийг шат дараалан хийж, даруй батлагдах тохиолдолд ч байгаа. Хэрвээ гишүүд тухайн хууль тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргавал 10 хүрэхгүй хоногийн хугацаанд батлагдана. Харин эдүгээ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн бол өргөн баригдсан хуулийн төслүүдээ чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж батлахаар цаг сунган хуралдаж байгаа нь аль ч парламентын үед байдаг “гэм биш зан”. Тиймээс ч чуулганы хугацааны сүүлийн өдрүүдэд парламентаас хуулиуд бөөн бөөнөөрөө төрөн гардаг нь ердийн үзэгдэл болсон.  Харин энэ завсар гишүүдийн лоббидсон хуулиуд ч батлагдан, нийгэмд сэрүү орсон намрын цагаар үр дүн нь илэрдэг талтай. Тухайлбал, хаврын чуулганаар батлагдсан шатахууны үнэ ханш нэмэгдүүлэх, татвар нэмэх хуулиуд намрын сард хэрэгжиж, үүнийг дагасан үнийн өсөлт нийгэмд сөргөөр нөлөөлдөг байлаа.

 

Харин энэ өдрүүдэд лобби дагуулсан ямар хуулийн төслүүд  батлагдахыг одоогоор урьдчилж таашгүй. Ямартай ч  Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслөөр банкуудын хөрөнгийг нэмэгдүүлэх гэж байна гэж сөрөг хүчин шүүмжилж, эрх баригчид банкуудыг эрсдлээс урьдчилан сэргийлж байгаа хууль гэсэн тайлбар хийж байгаа. Гэвч хаалттай горимоор хэлэлцэгдэж байгаа уг хуулийн төсөлд ямар зүйл заалт нарийвчлалтай орж байгааг олон нийт тандах төдий байна.

 

Хаврын чуулган завсарлах тулсан энэ үед Засгийн газар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа. УИХ дахь МАН-ын бүлэг “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах улс төрийн шийдэлд хүрч, Засгийн газарт төслийг УИХ-д өргөн барих чиглэл өгсөн байсан. Энэ дагуу Засгийн газар  яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.  Уг тогтоолын төсөл  “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээнүүд тусгасан байна лээ.  

 

Хаврын чуулган ирэх баасан гаригт буюу энэ сарын 29-нд завсарлана. Тиймээс Тавантолгойн төслийг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, хэлэлцэх байх гэж олон нийт харж байгаа. Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл батлагдвал хаврын чуулганаар эдийн засаг, нийгэмд үр дүнгээ өгөх гялтайх хууль, тогтоолын тоонд тодоор бичигдэж, харагдана. Гэхдээ Тавантолгойн эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоол замдаа саатаж, гацахгүй хэрэгжих эсэхээс нийгэмд үр дүн нь харагдах юм. Түүнээс бус “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна” гэдэг үг олон нийтэд аль хэдийнэ “жижүүрийн үг” мэт болчихсон. Аль ч парламент, Засгийн газар  “Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна” гэж тангараг өргөж байгаа мэт хэлсээр гарч ирдэг ч хэрэгжүүлсэн үр дүнгүй байгаа билээ.

 

Ийнхүү хаврын чуулган завсарлагааныхан өмнө гишүүд өөр өөрсдийн санаачилсан, өргөн барьсан хуулийг батлуулах гээд гадаах +30 хэмийн халуун дээр улс төрийн өндөр халуунтай  хуралдаж байна.  

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин