Тахийн сүрэг дөрвөн гүүгээр нэмэгдлээ
2018-06-22

"Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах" төслийн хүрээнд энэ сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Чех улсын Прага хотын Амьтны хүрээлэнгээс дөрвөн тахийг (гүү) авчирч унаган байгальд нь буюу Говь-Алтай аймгийн Бугат сум дахь Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн тал, Тахийн усанд нутагшууллаа.

 

 

Ингэхдээ дөрвөн тахийг Чех улсын цэргийн нисэх хүчний "CASA" агаарын хөлөг онгоцоор Монгол руу 20 гаруй цаг тээвэрлэж, Ховд аймгийн Булган суманд авчирч, Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсэг, Тахийн талд ачааны машинаар тээвэрлэн хүргэсэн байна.

 

 

"Олон Улсын Тахь Групп" нь Монгол Улсын Засгийн газар, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Бүгд Найрамдах Чех улсын “Хөгжлийн хамтын ажиллагаа”-ны хүрээнд ховордсон ан амьтдыг нөхөн үржүүлэх, хайрлан хамгаалах, тахийн тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор Монголд “Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төслийг 2011 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 28 тахийг авчирч нутагшуулж, одоогийн байдлаар Говийн Их Дархан Цаазат газрын "Б" хэсгийн хамгаалалтын нутагт 230 орчим тахь идээшиж буй юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин