"Тавантолгой"-н төслийг чуулган завсарлахаас өмнө батална
2018-06-22

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нар мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар "Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, байр сууриа нэгтгэсэн байна.Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

 

-Энэ төслийг яагаад тулгаж оруулж ирж байна вэ? Нийгэмд хардлага үүсч байна. 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

 

-Бид тулгаж оруулж ирсэн зүйлгүй. ҮАБЗ-өөр орж энэ төслийг дэмжсэн. Улс төрийн зүгээс болон хөндлөнгөөс нөлөөлөх нөлөөлөлгүй. Өнөөдөр хэлэлцэж байгаа тогтоолын төслөөр ордыг явуулна. 

 

 

-30 хүртэлх хувийг олон улсын зах зээлд гаргана гэж байсан. Үр дүн нь хэзээ гарах вэ?

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

 

-"Эрдэнэс Тавантолгой" компанийн засаглалыг сайжруулж, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Төр сайн менежер байх ёстой гэдэг. Эдийн засгийн үр нөлөөллийг  судалж байна. Бид 30 жилийн хугацаан дахь үр нөлөөллийг олон улсын байгууллагаар гаргадаг. Тавантолгойн ордыг 7.4 тэрбум тоннын нөөцтэйгөөр гаргасан. Ордын үнэлгээг бид цаашид өсгөнө. "Тавантолгойн төслийн бэлтгэл ажлыг хангана, олон улсын зах зээлд гаргахад тодорхой хугацаа шаардлагатай. Энэ явц жил орчим хугацаанд явагдах байх. Эдийн засагт экспорын орлого нэмэгдэж, жилд төсөвт 5 тэрбумын орлого төвлөрлүүлж, 5800 ажлын байр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан байгаа. 

 

-Тавантолгойн төслийг чуулган завсарлахаас өмнө батлаж амжих уу?

 

-Энэ тогтоолын төслийг хаврын чуулган завсарлахаас өмнө батална. 

Shuud.mn
Сонин хачин