"Тавантолгой"-г эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх төслийг хэлэлцэж байна
2018-06-22

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Тавантолгойн төслийг яаралтай дэгээр хэлэлцэх ямар шаардлага байна вэ. Чуулган завсарлах дөхөж байна" гэсэн асуултад тус байнгын хорооны дарга Д.Дамба-Очир "Засгийн газраас яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн барьсан байна. Тиймээс УИХ яаралтай дэгээр хэлэлцэж байна" гэлээ. 

 

Тус байнгын хорооны хуралдаанаар эхлээд Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хаалттай горимоор хэлэлцэв. Дараагаар нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хуулийн төслийг танилцуулав.

 

Уг тогтоолын төсөлд  УИХ-ын  2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх,  Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх, Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгагджээ.

 

Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлаас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломж бүрдэх аж. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Раб:
Энэ нэг хорчин саяхан явж хор найруулж дэ
2018-06-23