Хоногт гурван хүн усны ослоор амь насаа алджээ
2018-06-25

Иргэд олон нийт албан байгууллага, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол усанд ордог, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхидог, үерийн аюултай үед гарц гарамгүй газраар гол гатладаг зэрэг нь усны ослын голлох шалтгаан болж байна. Тухайлбал өнгөрсөн өдөр /2018.06.24/ усны ослоор гурван хүн амь нас эрсэджээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Баянхараад багийн “Ногоон тохой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Ерөө голын усанд Дархан-Уул аймгийн харьяат иргэн У /35 настай, эмэгтэй/ живсэн тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 14:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр  эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.24-ний өдрийн 16:21 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Мэлз хайрхан” уулын бэлд /Багануур дүүргээс урд зүгт 21 км-т/ амралтын газарт амарч байсан Хэнтий аймгийн Хэрлэн сумын харъяат иргэн У /35 настай, эрэгтэй/ Хэрлэн голын усанд сэлж байгаад живсэн тухай дуудлагыг 06.23-ны өдрийн 18:17 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 алба хаагч, нийт 11 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 06.24-ний өдрийн 08:30 цагт осолдсон газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

 

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ “Ховд” голын усанд тус сумын харьяат иргэн А /21 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 06.24-ний 19:46  цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 19:54 цагт очиж, 27 минут ажиллаж, осолдсон газраас 2 км-т “Их булан” гэдэг газраас цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

 

Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөх хад багийн “Найрамдал-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 5  км-т/ иргэн Г /23 настай, эмэгтэй/, А /13 настай, эмэгтэй/, Ж /10 настай, эрэгтэй/ нар сураггүй болсон тухай дуудлагыг 06.24-ний өдрийн 21:51 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, ар гэрийнх нь 28 хүн, нийт 41 хүн, 14 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

Иймд  амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх,  амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг Онцгой байдлын албанаас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин