Трамп: БНАСАУ-тай хийсэн уулзалтын үр дүн гарч байна
2018-06-26

БНАСАУ болон АНУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт болсны дараа Хойд Солонгос Америкийн эсрэг суртал ухуулга бүхий зурагт хуудаснуудыг авсан гэж Дональд Трамп мэдэгдлээ.

 

 

“Хойд Солонгос даяар Америкийн эсрэг ухуулгын хуудсуудыг бүгдийг нь авсан” хэмээн Трамп Өмнөд Каролинад иргэдтэй уулзах үеэрээ мэдэгджээ. “Одоо бид сайн харилцаатай байгаа. Бүх зүйл бүтэмжтэй болно гэж бодож байна. Үүнд мэдээж цаг хугацаа шаардагдана, бүх зүйл тийм хялбар биш л дээ” хэмээн мэдэгдсэн Трамп өөрийнх нь хүчин зүтгэлээр “дэлхий дахин илүү аюулгүй болно” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн “цөмийн зэвсэггүй болгох, дахин туршилт явуулахгүй байх талаар тохиролцсон” гэдгийг дахин онцолсон байна.

 

Эргэн сануулахад, АНУ болон БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн анхны түүхэн дээд хэмжээний уулзалт энэ сарын 12-ны өдөр Сингапурт болсон юм. Уулзалтын дүнгээр БНАСАУ-тай хэлэлцээр хийсний дээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох явц “тун хурдан” эхлэнэ гэж Америкийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэж байлаа.Харин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр орны хооронд шинэ эхлэл тавигдсныг онцлоод ирээдүйд “ихээхэн өөрчлөлт гарна” хэмээн амалсан юм.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин