УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 10 дугаар сарын 07-нд явуулахаар товложээ
2018-06-27

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа.

 

Хуралдаанаар “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолынтөслийг хэлэлцлээ. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хуулийн төслийг танилцуулав. Тэрбээр Сонгууль төв байгууллагын тухай хуулийн 7.7-гийн 11-д заасны дагуу УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн товыг тогтоох, сонгуулийн автоматжуулсан систем хэрэглэх тухай санал болон нөхөн сонгуулийн тооцоог зургадугаар сарын 18-нд УИХ-д хүргүүлсэн. Сонгуулийн хуульд заасны дагуу УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 10 дугаар сарын 07-ны өдрөөр тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай шийдвэр гаргуулах, санхүүжилтийн зардлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү." хэмээн төслийг танилцуулав. Мөн уг танилцуулгад орон нутгийн нөхөн, дахин сонгуулийн зардлыг тооцон баталж өгөхийг танилцуулгад дурдлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан:

 

-Нөхөн, дахин сонгууль явуулах хугацааг өөр өдрөөр товлож болох уу гэсэн асуултад СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн:

 

-Өмнө нь нөхөн, дахин сонгуулийн хугацааг заагаагүй байсан. Харин Сонгуулийн хууль батлагдсанаар хугацаатай болгосон. Хугацаагүй байх үед жил бүр нөхөн, дахин сонгууль явагддаг байсан.  Сонгуулийн хуулиар хавар, намар явуулахаар заасан байгаа. Жил бүрийн зургадугаар сарын сүүлийн ням гариг, аравдугаар сарын эхний ням гариг байна гэж хугацааг тодорхой зааж өгсөн. Тиймээс энэ жилийн  аравдугаар сарын эхний долоо хоногийн ням гариг 10 дугаар сарын 07 таарч байгаа гэлээ. 

 

Ийнхүү УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 10 дугаар сарын 07-нд явуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. 

Shuud.mn
Сонин хачин