Хоёр Солонгос төмөр замаа нэгтгэхээр төлөвлөж байна
2018-06-27

Өмнөд болон Хойд Солонгос Солонгосын хойгийг нэгтгэх ажлаа үргэлжлүүлж байна. Хоёр улсын дараагийн хийх алхам нь төмөр замаа нэгтгэх ажил бөгөөд энэ асуудлаар БНАСАУ болон БНСУ-ын эрх баригчид уулзахаар төлөвлөсөн талаар Ёнхап агентлаг мэдээллээ.

 

 

Өмнө нь, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Ким Жон Ун болон Мүн Жэ Ин нар Панмунжомд уулзахдаа энэ асуудлаар харилцан тохиролцсон юм.

 

Улмаар хэлэлцээрийг ажил хэрэг болгох хүрээнд талууд уулзалт зохион байгуулахаар тохиролцсоны  дээр ирэх долоодугаар сарын сүүлээр Солонгосын хойг дахь төмөр замыг нэгтгэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

 

Энэ ажлыг эхлүүлэхийн тулд төмөр зам тавигдсан нутаг дэвсгэрийн үнэлгээ хийх бөгөөд төмөр замын нөхцөл байдалд, тэр дундаа Солонгосын хойгийн хойд хэсэг дэх замын нөхцөлийг судалсаны дараа зохион байгуулалтын асуудлууд болон шаардлагатай хөрөнгийг тооцоолон гаргах юм байна.

 

Энд дуулгахад Хойд Солонгосын удаа дараагийн пуужин болон цөмийн туршилт, заналхийллийн улмаас Солонгосын хойг төдийгүй дэлхий даяар түгшүүртэй нөхцөл байдал үүсээд багагүй хугацаа өнгөрсөн ч 2018 оноос эхлэн хурцадмал байдал намжих тал руугаа шилжсэн юм. Дэлхий дахинаа “хаалттай, дарангуйллын орон” гэж нэрлэгдсэн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Өмнөд Солонгос болон АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ оны эхнээс л мэдэгдэж байлаа. Улмаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй завсрын бүсэд уулзан, Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар олон талын зөвшилцөлд хүрсний дээр он дуусахаас өмнө энхийн гэрээ байгуулахаар тохиролцсон юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин