Хуулийн төслүүдийг батлав
2018-06-27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай,  Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

 

Дарааагаар нь  Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж завсарлага авах санал гаргалаа.  Тэрбээр "Энэ хуулийн төсөл 390 багшид л үйлчилнэ. Нийт багш нарыг хамруулж, багшийн хөгжлийн дэмжих хэрэгтэй" гэсэн юм. Үүнд ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан  "Энэ хууль батлагдаж гарснаар багшийн хөгжилд зориулсан төсөв батлагдана. Багш нар урамшууллаас гадна үр дүнгээ үнэлүүлдэг болно. Мөн энэ хуулийн төслийг анх хэлэлцэх үед АН-ын бүлэг завсарлага авсан" гэсэн юм.  

 

Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явууллаа. Дараагаар Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг батлахыг гишүүдийн олонх дэмжлээ. Энэ хууль батлагдсанаар багшийн ажлын чанартай уялдуулж цалин, урамшууллыг нэмэх, ачаалал ихтэй ангид туслах багшийн ажиллуулах, сайн ажиллаж байгаа багш нарыг хугацаа хамаарахгүйгээр мэдлэг боловсролыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтад хамруулах юм" гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд онцоллоо.

 

Чуулганы хуралдаанаар Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ы тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах тухай байнгын хорооны санал гаргасан байна. Уг саналын дагуу Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин