ДАШТ-2018: В.Путин туршлагаа харамлахгүй
2018-06-28

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал туслах Жон Болтонтой уулзжээ. Тэрбээр энэ үеэр АНУ-д 2026 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нутагтаа зохион байгуулах эрх авсанд нь баяр хүргэсэн байна. Мөн Орост болж буй ДАШТ-2018 зохион байгуулалтын зохих түвшинд явж байгаа гэдгийг цохон тэмдэглэжээ.

 

 

“Бид хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохих түвшинд нь зохион байгуулж байна. Тиймээс та бүхэнтэй дуртайяа туршлагаа хуваалцна” хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

 

Энд дуулгахад, 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах орныг энэ сарын 13-ны өдөр зарласан юм. АНУ, Канад, Мексик улс хамтран хүсэлт гаргаж, ДАШТ-2026-г зохион байгуулахаар болсон. Энэ эрхийг авахын төлөө Марокко улс өрсөлдсөн ч Мароккогийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоо хангалтгүй гэсэн шалтгаанаар эрх авч чадаагүй юм.

 

АНУ болон Мексик улсын тухайд энэ хоёр орон хоёулаа өмнө нь ДАШТ-ийг тус тусдаа нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулж байсан туршлагатай. Мексик улсад 1970 болон 1986 онуудад хөлбөмбөгийн ДАШТ болж байсан бол АНУ-д 1994 онд зохион байгуулагдаж байв.

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин