Бүсгүйчүүд тусгай сургалтад хамрагдсныхаа дараа Ким Чен Намыг хөнөөсөн гэв
2018-06-29

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрсөн оны эхээр Малайзын нийслэл Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхдаа гэнэтийн халдлагад өртөж, нас барсан юм.

 

 

Малайзын Прокурорын газар Ким Чен Намыг хөнөөсөн эмэгтэйчүүдийг тусгай сургалтад хамрагдаж, аллага үйлдсэн хэмээн мэдэгдлээ.

 

“Эмэгтэйчүүд Ким Чен Намыг хөнөөхдөө тун сурамгай байсан. Тэд нэг үгээр үхлийн цэгийг оносон. Тэд аллага үйлдэхээсээ өмнө химийн бодисыг хэрхэн хэрэглэх, хэрхэн өөрийгөө хордуулахгүй байх зэрэг химийн зэвсэгтэй ажиллах тусгай сургалтад хамрагдсан нь тодорхой байна” гэж прокурорууд уламжлав.

 

Цогцост хийсэн задлан шинжилгээгээр Ким Чен Намыг үхлийн аюулт “VX” гэх химийн хортой бодисоор хордуулсан болохыг тогтоосон билээ. Уг хэрэгтэй холбогдуулан Куала Лампурын цагдаагийнхан Вьетнамын иргэн Доан Тхи Хуонг, Индонезийн иргэн Сити Аясахыг баривчлаад буй юм.

 

Нисэхийн хяналтын камерт эмэгтэйчүүд Ким Чен Намын ам, хамрыг цагаан өнгийн алчуураар дарж, улмаар хэргийн газраас зугтаж буй нь бичигдсэн билээ. Тэд шүүхийн үеэр “Бид аллага үйлдээгүй. Бид телевизийн шоу нэвтрүүлэгт оролцож байсан. Амиа алдсан эр зөвхөн оролцогч байсан” гэж ярьжээ.

 

Прокурорууд эмэгтэйчүүдэд бүх насаар нь хоригдох ял оноохоор төлөвлөөд буй юм.

 

Малайзын эрх баригчид дээрх хэргийн ард Хойд Солонгос бий хэмээгээд Элчин сайдыг нь эх орноосоо хөөсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин