Хурдан морины уралдааныг НАЙМАН машин дагана
2018-06-29

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, үндэсний их баяр наадам болоход 10 гаруй хоногийн хугацаа үлдлээ. Энэ жилийн хурдан морины уралдаанаар морьдын сэрвээний өндрийг хэрхэн тогтоож, эрлийз монголоор ялгах, морьдыг уралдуулах зай, километрийн талаар хурдан морины салбар хорооноос өнөөдөр /2018.06.29/ мэдээлэл хийлээ.

 

Шүдэлгээ, сэрвээний хэмжилтийг гурван телевиз шууд дамжуулна

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өнгөрөгч оны Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооноос хязаалангийн уралдааны түрүү болон айргийн тавд хурдалсан хүлгүүдийг эрлийз гэж үзэн хассан. Энэмэтчилэн үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдааныг зохион байгуулахдаа монгол, эрлийз морьдыг ялгаж уралдуулах арга хэмжээ  авдаг хэдий ч хяналт хангалттай бус байгааг уяачид шүүмжилдэг. Иймд өнөө жил Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулж, морьдын сэрвээний өндрийг хэмжих, үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийг шинээр томилжээ.

 

Мал эмнэлгийн ерөнхий газраас мэргэжлийн баг гарч ажиллах юм байна. Морьдын эрлийз, монголыг сэрвээний өндрийг үндэслэн ялгана. Ингэхдээ азарга, соёолон 140, их нас 141, соёолон 137, шүдлэн 132, даага 127 см-ээр тогтоожээ. Тухайн сэрвээний өндөртөө хүрч байгаа боловч галбир бие цогц, биеийн үндсэн хэмжээ, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл сүүлний уртаар эрлийз гэдгийг тогтоосон морьдыг уралдуулахгүй юм байна. Энэ талаар уралдааны өмнө уяач нарт анхааруулах хуудас тараах аж.

 

Мөн түүнчлэн Засгийн газрын 2015 оны тогтоолын дагуу морьдыг ялгах бөгөөд үүлдэрлэг байдлыг тогтоох үйл ажиллагааг МҮОНТ,  ETV, TV9 гэсэн гурван телевиз шууд дамжуулах юм байна.

 

Хурдан морьдыг долоодугаар сарын 9-нд бүртгэж эхэлнэ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хурдан морьдыг долоодугаар сарын 9-нд бүртгэж эхэлнэ. Морины уралдааныг хэвлэл мэдээллийн 4, цагдаа, мал эмнэлэг, хүн эмнэлэг, чиглүүлэгч гэсэн найман машин дагах юм байна.

 

7 сарын 10-нд: Хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан

7 сарын 11-нд: Азарга, их нас

7 сарын 12-нд Соёолон, даага

7 сарын 13-нд Шинэ монгол адуу /эрлийз/-ны уралдаан болно. Азарга 23 км-ын зайд, их нас 25 км, соёолон 23 км, хязаалан 17 км, шүдлэн 14 км, даага 12 км зайд тус тус уралдана.

 

Наадамчин олныг чилээхгүйн тулд морьд гарааны зурхай явсан үед “Морьтон монгол” үзүүлбэр тоглолтыг зохион байгуулна. Мөн долоодугаар сарын 10-нд хос морьтон шалгаруулах, 12-нд шүхрийн буулт хийх, долоодугаар 13-нд жороо морь уралдуулахаар төлөвлөөд байгааг Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар хэллээ.

 

Унаач хүүхдээс эцэг, эхийн зөвшөөрлийг заавал шаардана

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын баяр наадмаар давхардаагүй тоогоор 5000-6000 хүүхэд морь унаж уралдадг байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадам болон 21 аймгийн баяр наадмаар уралдаанч хүүхдийн хурууны хээн цахим бүртгэлийг хэрэгжүүлэх юм байна. Ийнхүү бүртгэлжүүлж цахим карт олгох бөгөөд унаач хүүхэд тухайн картаар өөрийгөө нотолж, уралдаанд оролцох боломж бүрдэх аж. Мөн унаач хүүхдээс эцэг эхийн зөвшөөрлийг зайлшгүй бичгээр шаардах юм байна. Эцэг, эх асран хамгаалагчын зөвшөөрөлгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй болохыг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар хэллээ. Мөн унаач хүүхэд зайлшгүй даатгалтай байх ёстой. Нийтдээ 11 компани унаач хүүхдийн даатгалын үйл ажиллагааг явуулж байна. Түүнчлэн энэ онд морь унаач хүүхдийн хувцасны стандартыг баталсан. Эл стандартыг мөрдөж ажиллах бөгөөд 7-оос дээш насны хүүхдийг уралдаанд оролцуулах аж.

 

Засгийн газрын 2005 оны тогтоолоор баталсан хурдан морь уралдуулах дүрмэнд айргийн тавд хурдалсан морьдын шагналын мөнгөний 30 хүртэлх хувь, бай шагналын 20 хувийг унаач хүүхдэд олгоно гэж заасан байдаг.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин