Ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсэг байгууллаа
2018-06-29

МҮЭ-ийн холбооны ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Төрийн албан хаагчдын холбогдох мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбоодын ажил хаялт зохион байгуулах саналыг харгалзан үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. 

 

 

Хөдөлмөр,нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсанаар хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүссэн тул МҮЭ-ийн холбооны дүрмийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.1.5 заалтуудыг үндэслэн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдээс ийнхүү ажлын хэсэг байгуулан ажиллахаар болов.

 

Тогтоолд мөн тухайн салбар, орон нутагтаа ажил хаялтыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг байгуулж ажиллахыг гишүүн байгууллагын дарга нарт даалгаж, МҮЭ-үүдэд арга зүйн туслалцаа үзүүлж, хуулийн хүрээнд ажил хаялтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсэгт даалгав.

 

Үндэсний хэмжээнд ажил хаялтыг хуулийн хүрээнд удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэгт МҮЭ-ийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга /Ахлагч/ Г.Адъяа, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,ҮЭ-ийн бодлого, зохион байгуулалтын газрын дарга Г.Төмөрбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Нямдаваа, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын дарга Ц.Отгонтунгалаг, "Хөдөлмөр" сургалт, судалгааны төвийн дарга М.Ганаа, Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Амарсанаа, Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны албаны дарга Б.Хосбаяр, Санхүү, аж ахуйн газрын дарга Э.Баатарцогт, Хөдөлмөрийн хяналт, хуулийн бодлогын газрын хуульч М.Саранцацрал /Нарийн бичиг/ нар ажиллана.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин