“Тавантолгой”-н тогтоолын төслийг баталлаа
2018-06-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Тавантолгойн ордыг эрчимжүүлэхтэй холбоотой “Эрдэнэс Монгол”-ын компанийн асуудлыг хөндлөө. Уг зарчмын зөрүүтэй саналыг УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нарын гаргасан байлаа.

 

Тогтоолын төсөлд тусгагдаагүй асуудлыг нэмсэнд гишүүд эсрэг байр суурьтай байгаагаа хэлж байлаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

 

-“Эрдэнэс Монгол”-ын талаар Засгийн газар дээр ерөөсөө яриагүй. УИХ-д оруулж ирвэл тус бүрээр нь ярих хэрэгтэй. Судалгаагүй зүйл дээр маргалдаад байх юм. Ордуудын хувьцааны нэгийнх нь  ч үр шимийг хүртээгүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны учир начир одоо ч гараагүй байгаа. Ханцуйны журмаар гэнэт асуудал шийддэг аргаасаа УИХ салах хэрэгтэй. Тавантолгойн хувьцааг амилуулах талаар Ц.Элбэгдорж найман жил байхдаа юу ч хийгээгүй.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Хоёр намын хүрээнд зөв ойлголцолд хүрч, уул уурхайн стратегийн ордын асуудалд нэгдсэн чиглэлд хүрч, уул уурхайн баялгаас иргэдэд хүртээх улс төрийн шийдэл өгч байгаа. Гишүүд энэ талаас нь хандаасай. Уул уурхайн эдийн засгийн үр ашгаас ашиг хүртэх иргэдийн боломжийг олон жил хааж ирсэн. Өнөөдөр гишүүд асуудалд хөнгөн байдлаар хандах   хэрэггүй. Энэ шийдвэрээс хамгийн их хожих нь ард түмэн. Би тэвчээртэй хүлээж, тэвчээртэй ойлголцож байна гэж харж байгаа. Өнөөдрийн санал хураалт уул уурхайн салбар хөгжих үү үгүй юу гэдэг харагдана. Хэрвээ энэ санал дэмжигдэхгүй бол АН өөрсдийн байр сууриа хэлэх болно. Өнөөдөр газрын доорх баялгийг эздэд нь өгье гэхээр уурлаад  байдаг хүмүүс байна гэлээ.

 

 

Уг зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад дэмжигдсэнгүй. Үүнтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

 

Өнөөдөр уул уурхайн баялгийг эздэд нь өгөх асуудлаар эрх баригчидтай зөвшилцөх гэсэн асуудал хүчингүй боллоо. АН үүнд тэвчээртэй хандлаа. Тавантолгойг хөдөлгөе, стратегийн ордуудаа томоор нь харъя гэж МАН санал тавьсан. Энэ асуудлыг явцын түвшинд ойлголцож явахгүй бол болохгүй. Монголын баялгийн эзэд Монголын ард түмэн шүү. Тийм учраас би энэ асуудал дээр Дэгийн тухай хуульд заасны дагуу гурав хоногийн завсарлага хүсч байна хэмээв. Харин УИХ-ын Тамгын газраас “энэ асуудлаар завсарлага авсан тул дахин завсарлага өгөхгүй” гэсэн тайлбар хийв.

 

УИХ-ын дарга М.Энхболд:

 

 

“Эрдэнэс МЖЛ” компани улс оронд ашигтай ордуудын лицензүүдийг хадгалж байх, төрийн нэрийн өмнөөс гадаадын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийх үүрэг бүхий байлаа. Монгол Улсын хэмжээнд 7200 лиценз байсныг 3600 болгон бууруулж байлаа. Лицензийн замбараагүй байдлыг арилгах анхны суурь энэ тавигдаж байлаа. Энэ үйлдвэрийг би байгуулж байсан болохоор үгээ хэлэх ёстой гэж бодож байна. ҮАБЗ-өөр Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг ярихад “Эрдэнэс МЖЛ”-ийн талаар нэг ч үг үсэг байгаагүй шүү. Дээр нь нэг асуудлаар дахин завсарлага авах бол УИХ-ын дарга сунгах эсэхийг мэднэ гэж заасан. Мөн УИХ-ын хаврын чуулган долдугаар сарын нэгнээс завсарлана гэсэн хуулийн заалттай. Тиймээс би завсарлага өгөх боломжгүй байна хэмээлээ.

 

Ингээд Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг тогтоолын төслийг дэмжин батлав.

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Д.Эрдэнэбатаа монголчуудад ямар их хайртай болчихвоо.Хулгай луйвраар авсан Эрдэнэт үйлдвэрийн 49-хувиа ард түмэнд нь буцаагаад өгчихөөч дээ.
2018-06-29
М.БИЛЭГТ энэ гэж естой эргуу хар мал танхим дотор сууж байна
2018-06-29
Зарим гишууд нь асуудлыг ойлгож баталдаг юм болов уу монгол улс монгол хун баялгийн эзэн гэдгийг
2018-06-29