Хөвгүүд шумбаж сурахгүй бол борооны улирал дуустал агуйнаас гарч чадахгүй
2018-07-04

Тайландын аврагчид Там Лаунг агуйнаас бэлтгэлээ тараад дасгалжуулагчийнхаа хамтаар сураггүй алга болсон өсвөрийн хөлбөмбөгийн багийн 11-16 насны 12 гишүүнийг эсэн мэнд олоод байна.

 

 

“Тэднийг агуйнаас гаргахын тулд хамгийн багадаа сарын хугацаа шаардлагатай” хэмээн Аврах албанаас мэдэгдсэн.

 

Хөвгүүдийг хайх ажиллагаанд Америк, Хятад, Англи, Австралийн мэргэжлийн шумбагчид оролцсон бөгөөд Британийн хоёр шумбагч хөвгүүдийг олжээ.

 

 

Аврах албаныхан хөвгүүдэд нэн шаардлагатай хувцас, хоол хүнс болон эм тариаг хүлээлгэн өгчээ. Ойролцоогоор 10 өдрийн хоол хүнсийг хөвгүүдэд хүргээд байна. Мөн өчигдөр шумбагчид эмч болон сувилагчийг дагуулан хөвгүүдийн байгаа газар хүргэсэн аж. "Хөвгүүд олон өдөр хоол идээгүй учир их тамирдсан байгаа. Эрүүл мэндийн хувьд тогтвортой” хэмээн Чианг Рай мужийн захирагч Нархонс Осоттананакорн мэдэгджээ.

 

 

“Хөвгүүдийг агуйнаас гаргахад ямар асуудал тулгараад байгаа юм. Яагаад тэднийг агуйнаас гаргахгүй байгаа юм бэ?” гэх сэтгүүлчийн асуултад захирагч “Аврагчид хэрхэн ажиллахаа мэдэж байгаа. Тэд ямар ч эрсдэл гаргахгүйгээр хөвгүүдийг гэрт нь хүргэж өгөхөөр ажиллаж байна” хэмээн хариуллаа.

 

Хүүхдүүд шумбаж сурах хэрэгтэй эс тэгвээс борооны улирал дуустал агуйгаас гарч чадахгүй гэнэ. Учир мэргэжилтнүүд “Аврах ажиллагааны үеэр үзэгдэх орчин харагдахгүй энэ нөхцөл байдалд аврагчид сандрах тохиолдол гарснаар өндөр эрсдэл үүснэ” хэмээв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин