"Сэрсэн тал" соёлын наадам 11 дэх жилдээ зохиогдоно
2018-07-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Соёл урлагийн их сургууль, Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Сэрсэн тал” соёлын наадмыг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Наадмын зохион байгуулагчид өнөөдөр /2018.07.05/ мэдээлэл хийлээ.

 

Монгол нүүдэлчдийн өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчилах, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор  “Сэрсэн тал” соёлын наадмыг зохион байгуулдаг. Тус наадмыг 2008 оноос Монголын урлагийн зөвлөл, СУИС-ийн багш, оюутнууд, Соёлын өв тээгчид зэрэг 200 гаруй уран бүтээлч хамтран зохион байгуулж ирсэн.

 

Энэ жилийн соёлын наадмыг СУИС, МУЗ-өөс хамтран Нийслэлийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр шинэ агуулга, сонирхолтой хөтөлбөрүүдээр өргөжүүлэн зохион байгуулахаар зэхэж байна.

 

Тухайлбал наадмын үеэр Хүй долоо худагт “Сэрсэн тал” орчин үеийн урлагийн хотхон, “Талын Монгол” нүүдэлчдийн хотхон, “Хүүхэд бидний ирээдүй” хүүхдийн хотхон, “Монгол наадам” соёлын хотхон зэрэг асрууд ажиллаж, үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг наадамчин олонд сурталчлан таниулах аж. Мөн уламжлалт тоглоом наадгай, дэмбээ, шагайн харваа, нум сум харваа, уран бичлэг, эсгий урлал, уламжлалт хувцас урлал, ардын аман зохиолын өргөө ажиллах юм.

 

“Сэрсэн тал” соёлын наадам энэ сарын 11,12-нд Хүй долоо худгийн Монгол наадам цогцолборт болно.

 

А. Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин
ГАНДСАН ТАЛ ГЭЭЧ. УНТСАН ТАЛ Ч ГЭЖ БОЛНО.
2018-07-05