С.Амарсайхан: Амиа алдсан хүүхдүүдийн гэр бүлээс уучлал хүсье
2018-07-09

НИТХ-ын Тэргүүлэгчид хүүхдийн аюулгүй орчны талаар хуралдаж, холбогдох удирдлагуудад үүрэг чиг өгч, хариуцлага тооцох асуудлыг хэлэлцлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хүүхдийн тусламжийн дуудлага жил ирэх бүр нэмэгдэж, гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болжээ.   Хурлын үеэр нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газраас энэ онд хийсэн хяналт шалгалт, судалгаа тоо баримт, дүн мэдээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлуудаа танилцуулав. Нийслэлийн Цагдаагийн газарт өдөрт хүүхэд алга болсонтой холбоотой 10-15 орчим дуудлага бүртгэгддэг аж.

 

Он гарсаар 38 хүүхэд эндэж, 800 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн байна. Энэ зөвхөн бүртгэгдсэн тоо баримт. Үүний цаана мэдэгдээгүй, бүртгэгдээгүй тоо хэд хүрэхийг хэн ч мэдэхгүй. Цаашид ийм асуудал гаргахгүйн тулд хараа хяналтаа сайжруулж, арга хэмжээг цаг алдалгүй авч, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэйг хурлын үеэр онцолж байсан юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Төрийн байгууллагууд бие биедээ хэт найдаж, хайхрамжгүй хандсанаас болж хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна. Бид нийслэлийн нэрийн өмнөөс амь насаа  алдсан хүүхдүүд,  гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлж, уучлал хүсч байна. Үүнийг зүгээр яриад орхихгүй,  холбогдох байгууллагууд хяналтаа тавьж үүргээ биелүүл” гэсэн үүрэг даалгаврыг өглөө.

 

Нийслэл хот 470 мянган хүүхэдтэй аж. Тэдний амьдрах, сурах орчин хэр аюулгүй байгааг судлахаар ажиллаж буй. Нийслэлийн 152 хороонд энэ судалгааг хийх юм байна.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин