Солонгос улстай хамтран МСҮТ-ийн багш, сурагчдын ур чадварыг сайжруулна
2018-07-10

БНСУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төлөөлөл монголд айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БНСУ-ын Хүний нөөцийг чадавхижуулах төвийн хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг өнөөдөр байгуулав. Энэ нь манай улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт ихээхэн ач холбогдолтой юм. Тус уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Хөдөлмөр нийгэм хамгааллын мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А. Халиунаагаас тодрууллаа.

 

 

Тэрбээр “Ерөнхийдөө манай хүүхдүүдийг дэлхийн ур чадварын тэмцээнд бэлтгэл хангах, дадлагажуулах, сургах цаашлаад Монголд болон Солонгос улсад сургалтыг зохион байгуулах гэсэн агуулга энэхүү хоёр талын санамж бичигт тусгагдсан. Одоогийн байдлаар санамж бичгийг 3 жилийн хугацаатай байгуулж байна, цаашлаад хугацааг  жил жилээр сунгаад хамтран ажиллана. Эхний ээлжинд Солонгосын үндэсний ур чадварын тэмцээнд манай улсаас гурван хүүхэд сантехник, цахилгаан, гагнуурын мэргэжлийн чиглэлээр оролцохоор болоод байна.

 

Цаашлаад 2019 оны есдүгээр сард ОХУ-ын Казанд болох ур чадварын тэмцээнд оролцохоор төлөвлөж байна. Үүний хүрээнд хэрхэн, ямар чиглэлээр оролцох гэдэг асуудлыг санамж бичигт мөн тусгасан юм ” хэмээв.

 

Мөн БНСУ-ын Ур чадварын холбооноос талх нарийн боовны лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг Монголын талд хүлээлгэн өгч байгааг дурдлаа. Үүнээс гадна хамтын ажиллагааны дүнд МСҮТ-ийн багш, сурагчдын ур чадварыг сайжруулах, харилцан мэргэжилтэн суралцагч солилцох зэрэг олон боломж нээгдэх юм.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин