Баярлах эрхгүй БЭЛЭН байдалд жагсагчид
2018-07-15

Үндэсний их баяр наадмын үеэр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллав. Тэд жил жилийн баяр наадмаар ийн бэлэн байдалд жагсдаг. Иргэдийн амар тайван, аюул осолгүй наадамлах нөхцөл боломжийг бүрдүүлэхээр гэргийнхээ сэтгэл шингээж чимхсэн хуушуурнаас, анд нөхдийн аялал зугаалгын саналаас тэд татгалзаж, бороотой, нартай, салхитайд ч бэлэн зогсдог. Үүнийх нь төлөө тэдэнд талархах учиртай. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баяр наадмын өдрүүд буюу энэ сарын 10-12-ны өдрүүдэд  улсын хэмжээнд цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 5000 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

 

Төөрсөн 62 хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв

 

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан урлаг соёлын тоглолтын үеэр цагдаагийн алба хаагчид хамгаалалт зохион байгуулах болон иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах үүргийг гүйцэтгэлэв. Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүйн долоон худаг болон Сүхбаатарын талбайд эцэг, эхтэйгээ баяр наадам үзэж явсан 62 хүүхэд төөрснийг  цагдаагийн алба хаагчид олж эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгчээ. Энэ жилийн наадмаар төөрсөн хүүхдийн тоо өнгөрсөн оныхоос 27 хувиар буурсан нь цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдийг төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор асран хамгаалагчийнх нь утасны дугаар бүхий бугуйвчийг зүүж өгч, эцэг, эхчүүдэд сайтар анхааруулж, сэрэмжлүүлсэн нь үр дүнтэй болсон байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1000 гаруй алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажилласан юм. Тухайлбал, баяр наадмын хоёр дахь өдөр буюу долоодугаар сарын 12-нд соёолон насны хурдан морьдын уралдааныг үзэж сонирхсон 60-70 мянган иргэний амар тайван, аюулгүй байдлыг хангаж, 13 мянга орчим автомашины хөдөлгөөнийг зохицуулж ажилласан байна.

 

Хурдан морины уралдааныг НАЙМАН автомашин дагав

 

Энэ жил баяр наадмын хурдан морьдын уралдааныг дагах автомашиныг зохион байгуулалттай болгож, дэг журамд оруулсан нь онцлог байлаа. Урьд урьдын жилүүдэд хурдан морины уралдааныг дунджаар 40-50 автомашин дагадаг байсан эмх замбараагүй асуудлыг цагдаагийн байгууллагаас цэгцэлж, яаралтай түргэн тусламж, мал эмнэлэг, телевиз, чиглүүлэгч зэрэг зайлшгүй дагах шаардлагатай найман автомашинд зөвшөөрөл олгосон юм. Уг зохион байгуулалтыг хийснээр хурдан морины уралдаан шударга явагдах болон уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад чухал байлаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Ноцтой гэмт хэрэг БҮРТГЭГДЭЭГҮЙ

 

Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулагдах талбай, морь гараанаас барианы зурхай хүртэл телехяналтын камеруудыг суурилуулж, хяналт тавьж ажилласан нь үр дүнгээ өгч, ноцтой гэмт хэрэг, зөрчилгүй тайван наадлаа.

 

Цагдаагийн алба хаагчийг хүндэтгэн, хууль ёсны шаардлагыг биелүүлж дэг журамтай наадсан иргэддээ баярлалаа. Ард олныг амар тайван наадуулахын төлөө баярлах ч эрхгүй бэлэн байдалд жагссан алба хаагчиддаа талархлаа. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Medeej talarhaj bna. Gehdee ajil ni shuu dee. Hiih yostoi ajilaa l hiij bna.
2018-07-16
Зочин:
ЦАГДАА НАР БОЛ БААТАРУУД...АР ГЭРИЙНХЭН НЬ Ч ГАЙХАЛТАЙ ХҮМҮҮС
2018-07-16
Zochin:
Tsagdaa nartaa nartaa vneheer bayarlaj baina ta bvhniihee ajil amidrald ni hamgiin sain saihniig hvsen eruue
2018-07-16
Like
2018-07-15
Монголхүү:
Цагдаа нартаа талархаж байна. Ард түмнийхээ амгалан амьдралын манаанд цаг наргүй зүтгэж яваа та нарын ачаар баяраа хүртэл сайхан өнгөрөөж байна. Баярлалаа! Та нарт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе?!
2018-07-15