Бөхийн тэнгэртэй нэгэн буюу “өвөө” багш
2018-07-16

 

Чойдорын Өвгөнхүү хэмээх нэгэн эгэл эрийг би нартай зүйрлэн бодлоо. Нарны тухай ойлголт бол хорвоог гийгүүлэгч нандин чанараас гадна үл тайлагдах нууцыг агуулдаг ажаамуу. Нар хүнээс хэт хол атлаа ойрхон санагддаг. Яагаад гэхээр нарны гэрэл хэн нэгийг алагчилалгүй ээж, эгшээж амьдрал хайрладаг. Хүн нарны  дор уйлж төрөөд туйлж амьдардаг бас жаргал зовлонг хослуулан он цагийг туулдаг. Ийм ёсноос тойрдог хэн нэгэн байдаг гэж үү. Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч, үндэсний бөхийн манлай харцага Ч.Өвгөнхүү гуайтай уулзаж ярилцахдаа түүнийг нар шиг ээлтэй, илч энергитэй хүн гэж бодсиймаа. Хөдөө төрж малчны хотонд сүү шиг үнэртэй агаарт өсч, өндийсөн тэрбээр нутаг усаа мэдэхийн дээдээр мэднэ. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Мааньт гэдэг газар эхээс мэндэлж. Тэр л нутаг бяцхан Өвгөнхүүд өнөөгийн түмний хайртай бөх, төрд хэрэгтэй хүн болох нас жудаг хайрласан болов уу. Уулбаян тал хээрийн туйл гэхээр нутаг. Тэнд тэр нутгийнхан шүтэн биширч уламжлал болгон тахьдаг нэгэн овоо бий. Харахад намхан ч Өвгөнхүү харцагт бол сүмбэр уул шиг санагддаг ч байж магадгүй дээ. Жил бүхэн тахилгад нь Өвгөнхүү гуай очдог, залбирдаг байх юм. Хүнийг амьдрал шалгадаг гэдэг. Ч.Өвгөнхүү гуайн балчир нас хагацал, зовлон дүүрэн, дэгэн догонтой байж өнгөрсөн юм билээ. Өргөж авсан эцэг, эх нь хар нялх байхад нь хорвоогоос одож өнчин хүний зовлонг түүнд үүрүүлжээ. Бурхан багшийн номлол, сургаалд хэцүүг хагацал зовлон гэжээ. Бурхан  байна уу гэж аврал эрж дуу алдсан өдөр Өвгөнхүүд нэг биш тохиолдож. Гэвч хийморь золбоо, хат сэтгэл нь түүнийг өөд татаж эрийн цээнд хүргэсэн юм байна. Яагаад гэхээр Ч.Өвгөнхүүгийн энэ насны заяа төөрөг, хувь тавилан төрмөл шинжтэй гэдгийг хэлэх байна. Юу нь төрмөл байсан юм бэ гэвэл жинхэнэ эр хүн байх, бас сайн бөх, сайн багш, сайхан аав байх тэр чанар түүнд байж. Амьдралын элдэв нугачаанд хорж, хотойгоогүй энэ сайхан хүний тухай бичихүйд гарт маань үзэг хурдалж тархи саамшиж үгийн сайхныг эрэн эрэн байлаа. Чойдорын Өвгөнхүү гуай бөх гэдэг жигүүрээр цуцалтгүй дэвж явна. Энэ тухай дурсамж хөвөрнөө.

 

ТӨМӨРЧИН ЗАЛУУ УЛСЫН НАЧИН БОЛСОН ТҮҮХ

 

“Алдар” нийгэмлэгийн залуу бөх Ч.Өвгөнхүү, Д.Хадбаатар нар 1971 он.

 

Сумандаа нэгдэлд элсэж захиргааны зарлага гэдэг албанд зүтгэн гүйж явсан түүнийг эвлэлийн илгээлтээр барилгын ажилд явуулж. Тэндээ төмөрчний мэргэжилтэй болоод байсан үе буюу 1961 онд насаа нэмж бичүүлээд 20 настай болж цэргийн албанд мордсон нь амьдралын том алхам болжээ. Бөхтэй амьдралаа холбох эхлэл нь ч энэ байж. Түүний ярьсан нь, “Би чинь цэргийн албыг гурван жил хаасан ч халагдаагүй. Барилгын хоёрдугаар батальонд жагсаалын дарга байлаа. Оргосон цэргийг жагсаалын дарга өөрөө олж ирэх үүрэгтэй. Нэг удаа хоёр цэрэг оргуулаад эрж явж олсон чинь нөгөө хоёр маань Хөдөлмөр нийгэмлэгийн зааланд бөх  үеье гээд. Гурвуул очлоо. Тэгсэн билетний мөнгөгүй. Нөгөө хоёр чинь жижүүртэй нь “Бид барилддаг улс гэж хэрэлддэг юм. Орлоо. Бид гурвыг аваргуудын аманд өглөө дөө. Нэг нь Д.Дамдинтай, нөгөө нь С.Цэрэнтэй гээд намайг Ж.Мөнхбаттай оноож. Ж.Мөнхбат чинь тэгэхэд улсын наадамд түрүүлчихсэн. Улсын арслан цолтой. Ёстой унана гэж юу байдаг юм бол гэж явсан үе нь байсан байх. Барилдлаа. Түүнийг дайраад ирэхээр нь дагуулаад тонгорчихсон чинь тас гэдэргээ хараад унадаг юм. Царай нь улайчихсан босч ирж байна. Харин би том бөх хаячихлаа гэж баярласан ч юмгүй хамаг бие чичирч зогслоо. Ингэж л би бөхийн гараагаа жаахан дуулиантай эхэлсэн юм даа” гэлээ. Түүнээс хойш Ж.Мөнхбат арсланг тонгордог цэрэг нэртэй болж. Анги дээрээ Армийн аваргад оролцох бөх шалгаруулах барилдаан болоход Баянхонгорын Баасанхүү, Архангайн Агваан хоёр шалгарч. Өвгөнхүү Баасанхүүд унаад үлдэв. Шөнө нь Өвгөнхүү “Би цэргийн арслан боллоо” гэж зүүдэлж. Тэрнээ Нацагт хэлсэн чинь та ямар ч гэсэн яв гэж байна гэнэ. Нөгөө шалгарсан хоёртойгоо нэг машинаар явлаа. Очлоо. Ирээгүй хүний оронд барилдав. Тэгээд Армийн аваргад 24 хүн тойргоор барилдахад 16 давж цэргийн арслан болсон гэдэг. Түүнээс гадна Т.Артаг, Д.Сэрээтэр, Налайхын Дашзэгвэ (Чапаев), Өвөрхангайн Шаравдорж нарын арслангууд төрсөн нь түүх л болж. Тойргоор барилдсан 24 бөхөд Д.Цэрэн, Ч.Бээжин аварга Зундуй, том Санжаа, Д.Чойжилсүрэн, Жамц арслан Солоон, Лхагваа гээд л адуу шиг тачигнасан залуус байсан гэдэг. Түүний дараа Дар­ханд нэг ах болох хүн­тэйгээ уулзахаар очихдоо тэнд болсон нэг барилдаанд түвэггүй түрүүлснээр армийнхаа хүрээнд шуугиулдаг бөх болсон байна. Хааны алба ээлжтэй болохоор цэргээс халаг­даж Цахилгаан сан­техник угсралтын нэгдсэн трестэд ажилчин болдог юм. Энэ үедээ мөн л барилдсаар. Барилгачин нийгэмлэгийн аварга болж байв. “Өмсдөг” хэ­мээх улсын заан Дамдин­дорж, улсын начин Жигмэддорж, Баттогтох, Б.Жамъяндорж (тэмээ өргөдөг) нарын хүчтнүүд байсан ч Ч.Өвгөнхүү бүгдийг хаяад түрүүлснээр нэрд гарч эхэлсэн юм билээ. 1966 оны Улсын баяр наадамд боллоо. Б.Жамъяндорж Өвгөнхүү дээр ирээд,

 

-Би нутагтаа чамд тун гомдолтой унасан. Одоо чамайг амлана даа гэж. 

 

-Тэгээ тэг ав гэлээ.

 

Тэгсэн буцаж ирээд,

 

-Чи ёстой азгүй амьтан юм. Бээжин чамайг авчихаж “Улсын наадмын үзүүр, түрүү аль нь бол гэж байгаа хүн цаадах чинь. Чи яаж хаяхав. Хохь чинь гэх маягийн юм хэлээд,

 

-Би Сэрээтэрийг авлаа гэлээ.

 

Тэгээд л барилдлаа даа. Өвгөнхүү тэр үгэнд нь нэг ч их гутсангүй. Бээжинг дайраад ирэхээр нь хөндийхөн цохьсон чинь уначихлаа.

 

“Ардын цэргийн арслан Өвгөнхүү улсын арслан Бээжингээр тав давж улсын начны болзол хангалаа гэж зарлах үед. Өвгөнхүү баярлахдаа их чанга уйлсан гэдэг. Дараа нь Цэрэн аваргатай барилдах гэсэн чинь нүд нулимсаар дүүрээд юу ч харагдахгүй байж билээ гэж ярьж байсан юм.

 

Энэ наадмын дараа жил нь залуу начин Ч.Өвгөнхүү том Сан­жаагаар тав, Ч.Бээжин арс­­лангаар зургаа даваад Х.Баян­­мөнхөд унасан байдаг.

 

Түүнээсээ хойш Самбогоор хичээллэж гадаадад тэмцээнд яваад төдийлэн бэлтгэл хангаж чадаагүйн улмаас 4-5 давдаг л бөх байсан бол 1977 онд улсын наадмын зур­гаагийн даваанд улсын арслан Г.Хайдавыг дүүгүүрдэж хаяад дараа нь Х.Баянмөнхөд хоёр дахиа унасан дурсамж байдаг байна.

 

Ч.Өвгөнхүү бас 1969 оны сар шинийн барилдаанд Д.Дамдин, С.Цэрэн, Ч.Бээжин нар­тай үлдээд начин цол­тойдоо цагаан сарын бари­л­даанд түрүүлсэн нь бас л нэг сайхан дурсамж байдаг аж.

 

-Та улсын баяр наа­дамд хоёр удаа зургаа давж. Заан болох боломж байв уу гэхэд,

 

-Би 1967 онд начин болсныхоо дараагийн жил Заан цолоо “гулигчихсан” хүн юм шүү гэлээ.

 

Тэр жил аварга Цэрэн, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, улсын арслан Г.Дэмүүл, Н.Давга­сүрэн, начин Дашдаваа нарын найман бөх дунд шөвөгт шалгараад байхад Цэрэн аваргад амлуулж унасныг хэлж байгаа юм билээ.

 

“АЛДАР”-Т БАГШИЛСАН 37 ЖИЛИЙН ӨНГӨ

 

 

Тиймээ. Ч.Өвгөнхүү гуайн “Алдар”-ыг нийгэмлэг гэж байхад нь Үндэсний бөхийн багш дасгалжуулагчаар очоод 37 жил болжээ. Нөр их хөдөлмөр энэ л дээ. Түүнийг төр, засаг хожуухан ч гэсэн үнэлж саяхан “Ардын багш” хэмээх эрхэм цол хайрласан нь оносон хэрэг болов уу. Түүнийг дасгалжуулагч багш байх хугацаанд Ч.Бээжин аваргаас эхлээд Д.Цэрэнтогтох, Б.Ганбат, Г.Өсөхбаяр, До.Ганхуяг, Б.Ганбаатар, Ч.Санжаадамба гээд найман бөх улсынхаа баяр наадмын түрүүг авч байсан юм. Тэгэхэд Ч.Өвгөнхүү багш өөрөө түрүүлсэн мэт дээлэндээ багтахгүй баярлаж байсан гэдэг. Багшийн эрдэм шавьд гэдэг болохоор түрүү хүртсэн бөхчүүд ч багшдаа баярласан л биз. Найман бөх улсын баяр наадмын 14 түрүүг авсан гээд боддоо. Яах аргагүй багш, дасгалжуулагч мундаг байсны л үр дүн гэж болно доо. Ч.Өвгөнхүү багш бөхийн эрдэмд сургахдаа эр хүн жудагтай байх, жавхаатай барилдаж мэхийн гайхамшгийг харуулж байхыг л захьдаг байж. Энэ хүн ердөө бусдад заадаг багш байсангүй. Өөрөө хурдан  шуурхай барилдаантай, бариа зөрөөн дээр л дөрвөн мөч нь ажиллаж цохих, хавсрах, тонгорох, хөмрөх гээд олон угсраа мэх хийнэ. Бас самбо бөхөөр ид залуудаа хичээллэж тив, дэлхийн тэмцээнд оролцож тэр бүхнээсээ медаль зүүж ирсэн байдаг. Самбо бөхийн олон улсын хэмжээний мастер хүн юм. Сүүлд дээ. Ахмад мастеруудын дэлхийн аварга болж бөхийн намтраа баяжуулсан байдаг. Бөхийн энэ төрлөөр олон шавь нь тив дэлхийн аварга болсон. Чөлөөтийнхөн хүртэл түүн дээр очиж барилдааныхаа талаар зөвлөгөө авна. Энэ нь Өвгөнхүү гуайн төрмөл бөх гэдэг шинж чанарыг тодотгосон хэрэг гэж болно. Өвгөн багшийн сэтгэлийг зовоодог юм бас бий гэнэлээ. Өнөөгийн бөхчүүд бэлтгэл юмандаа тун хойрго ханддаг нь санаанд нийцэхгүй байгаа. Бас Сүхбаатар аймгаас сүүлийн үед улсын цолтон төрөхгүй байгаа гээд л…

 

Энэ бүхнийг эргэцүү­лэн бодоод аймгийнхаа “Жавхлант” дэвжээнд зөвлөхөөр очиж бөхийн галд гарсан байв.

 

-Танай аймгаас улсын цолд хүрчих болов уу гэсэн бөх олон уу гэхэд

 

-Байнаа. Наад зах нь улс, аймгийн алдар цолтон оролцсон томоохон барил­даанд 10 удаа түрүүл­сэн аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар байна. Мань хүн энэ жилээс давбал ч хэцүү байх.

 

Яахав. Энэ жил бэлт­гэл дээрээс аймгийн арслан Н.Баасанбат, Зоригоо нарыг Ш.Мөнгөн­баатар­тайгаа авч үлдсэн. Улсын наа­дамд барилдуулна гэж байсан. Тэгвэл тэдний дэвжээнээс нь саяын наадмаар Ш.Мөнгөнбаатар улсын харцага, Б.Батжаргал улсын начин болж. Өвгөнхүү багш баяртай нь аргагүй суугаа даа. Тиймээ. Олон зуун шавь нарынх нь нэрлэснээр “Өвөө багш” өнөөдөр ч бөхийн төлөө сэтгэлээ чилээсээр тэр чанараараа өөрийн ертөнцийг бүтээж явна. Ардын багш Ч.Өвгөнхүү бөхийн өргөөний хойморт заларч байна. Түүний хэлэх үг, бусдад захих сургаал нь зөвхөн бөх хүнд төдийгүй түмэнд хүртээлтэй Монгол наадмын дэлгээтэй их судар ажаамуу.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.ЦЭРЭННАДМИД

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Өвгөнхүү харцага гоё хүн шүү. Их сайхан сэтгэлтэй сайн хүн сайхан ч бөх хүн.
2018-09-10